Өчигдөр УИХ-ын чуулганаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.  Мөн ХЭҮК-ын даргаар Д.Сүнжидийг томилж, тогтоолыг баталлаа.  

Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Монгол Улсын нэгдсэн төсөв батлагдсан. Улсын төсвийн тухай хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны дотор нийслэл, аймгууд төсвөө батлах учиртай. Тийм учраас Түгжрэлийг бууруулах хуулийг төсөв батлагдахаас өмнө батална. Өнөөдөртөө багтаж, анхны хэлэлцүүлгийг хийнэ.  Тийм учраас шуурхай, анхаарч ажиллахыг хүсье. Асуулт хариултаа аль болох товчхон явмаар байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулж, такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгох асуудлыг хуульд тусгаж байгаа.  Үүнтэй холбоотойгоор Зөрчлийн хуулиар зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлбэл гурван сая төгрөгөөр торгох юм байна.

Өнөөдөр шар дугаартай 200-хан такси байна. Энэ бол хотын үйлчилгээнд хангалтгүй. Тиймээс цахим платформоор бүртгэл хийгээд UВ cab гэхэд 40 мянган жолооч бүртгэгдсэн байна. Такси хэрэглэгч нь 900 мянга орчим болжээ. Үндсэндээ Улаанбаатар хотын такси үйлчилгээг хувийн компани зохицуулж байна. Энэ хуулиар бол тэр хүмүүсийг торгох болчихлоо. Хууль тогтоомжийн тухай хуульд аливаа хуулийн зүйл заалт хоёрдмол агуулгагүй байна гэж заасан.  Тэгэхээр энэ заалт яаж хэрэгжиж, зохицуулагдах юм.

Хотын дарга Х.Нямбаатар: UВ cab-ийн үйлчилгээ бол такси үйлчилгээ биш.  Энэ нь олон улсад арай өөр хэлбэрээр хөгжиж байна.  Такси үйлчилгээ нь  Зам тээврийн сайдын Зорчигч тээврийн дүрмээр зохицуулагдах учиртай.  С.Бямбацогт сайдтай энэ асуудлаар ярилцсан.  Хууль батлагдсаны дараа олон дүрэм журам батлагдана.  Энэ явцад UВ cab-ийнхны энэ үйлчилгээг Зорчигч тээврийн дүрмэнд тусгаж өгөхөөр ажлын хэсэг дээр ярилцаад байна.  Мөн Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. 

Энэ хуулийн дагуу хотын нүүр царай болсон, дүрэм журамд нийцсэн таксины үйлчилгээ эрхлэхийг хүсэгчидтэй нийслэл хамтран ажиллана. Ирэх оны аравдугаар сарын 1-нээс тусгай зөвшөөрөлтэй такси үйлчилгээ нэвтэрнэ.  Одоогийн хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид маань тодорхой сургалтад сууж, дүрэм журмаа биелүүлэн, тусгай зөвшөөрөлтэй такси үйлчилгээ эрхлэх шилжилтийг  хийж болно.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Монголын хүн амын тэн хагас нь амьдардаг нийслэлийн чухал асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна.  Нийслэлээс сонгогдсон гишүүд маань нийслэлийн төсөв хэлэлцэж буй энэ цаг үед сонгогчиддоо өгсөн амлалтуудаа Хотын даргад сануулж байгаа байх.  Энэ хууль ямар ч гэсэн батлагдах юм байна. 

Харин 2020 онд та бүхэн УИХ-д нэр дэвшихдээ ямар амлалт өгч байлаа.  Сануулахад, Нийслэлийн замын эвдрэл гэмтлийг бүрэн засварлаж, уулзвар гарцын нэвтрэх чадварыг сайжруулна. Дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийнэ гэжээ.  Хотын төвийн бүсэд төмөр зам дагасан автозам, төмөр замын нүхэн болон гүүрэн найман гарцыг хийж, шаардлагатай байршлуудад давхар замыг барина гэжээ.  Энэ бүхэн яаж хэрэгжсэн бэ.  Мөн нийслэл хотыг 2030 онд хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд чинь метроны төсөл гэж байхгүй байна.  Удахгүй сонгууль болно. 200 гаруй хоног үлдлээ.  Энэ хугацаанд амласан амлалтуудаа биелүүлж чадах юм уу.  Зөвхөн хууль баталж, хууль санаачилсан дүр эсгээд өнгөрөх юм уу. 

Мөн татвар нэмэхгүй гэж амалсан нь ч нийслэл дээр автомашины татвар нэмэх асуудлыг ярьж байгаа гэж ойлгосон.  Энэ ямар учиртай юм бэ?

Хотын дарга Х.Нямбаатар: Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна. Саяхан Барилга хот байгуулалтын сайдтай хамтарсан хурал хийж, 2040 дээр гадны экспертүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.  Үүнтэй холбоотойгоор 5.4 тэрбум төгрөгийг  НИТХ баталсан. Тендер нь удахгүй зарлагдах гэж байна.  Гадны зөвлөхүүд шалгараад зөвлөгөө өгвөл 2040 төлөвлөгөөгөө удахгүй УИХ, Засгийн газарт өргөн барина.  Хаврын чуулганаар баталчихвал их сайн байна. Зам өргөсгөх, холбоос замуудыг нэмж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд өнгөрсөн жилүүдэд хийгдсэн ажлуудаас гадна 2024 онд 20 гаруй хувиар нэмэгдүүлэх ажлыг хийж байна. 

Ард аюушын өргөн чөлөөг Толгойтын гудамжтай. Нэгдүгээр хорооллыг Яармагтай холбох зэрэг томоохон магистрал замуудаас гадна энэ онд Цайзын уулзварыг Шар хадтай холбох, Нарантуулын уулзварыг Улиастайн   хурдны зам хүртэл холбох ажлыг ирэх жил хийнэ.  Яг үнэндээ найман нүхэн гарц хийж чадсангүй.  Ирэх зургадугаар сараас өмнө гурван нүхэн гарц хийх ажил угсрагдаж байна. 

Сургуулиудыг бүгдийг нь автобустай болгосон.  Одоо нийслэлийн нийтийн тээврийн газар зардалтай нь бүрэн шийдвэрлэхээр болж байна.  Автомашины татвар нэмэх асуудал ИТХ дээр огт яригдаагүй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Улаанбаатар хот дэлхийн хамгийн адгийн 10 хотын нэг болсон л доо. Маргааш өглөө бид унтаад сэрэх юм уу бүү мэд. Үхлийн хөндийд л амьдарч байна.  Үүнийг дэлхий нийтээрээ л гайхаж байгаа.  Ийм хүнд нөхцөлд Х.Нямбаатар хотын даргаар очсон.  Би Хотын даргаас юм асуумааргүй байна.   Чадлаараа л ажиллаж байгаа байх.  Харин өнгөрсөн найман жилд та нар маань юу хийчихэв ээ. Энд нэг хариулаад өгчих. Инфляцаар ард түмнээ нэг сорно. Одоо нэмээд татвараар дарамтална. Энэ хууль батлагдаад юу өөрчлөгдөх юм. Нөгөө автобусууд чинь хаана байна аа.  Одоо ямар өнгийн автобус орж ирэх юм.  За Х.Нямбаатар сайд хариулаад хэрэггүй.  Би хариултыг нь мэдэж байна.

Хотын дарга Х.Нямбаатар: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас автобусны тендерийн үнэлгээг хийж дуусгасан.  Таван үйлдвэрлэгч оролцсоноос евро стандартын автобус үйлдвэрлэдэг Хятадын компани шалгарсан.  Удахгүй олон нийтэд мэдээлэл хийнэ.  60 гаруй мянган ам.доллараар худалдан авах санал шалгарсан гэдэг урьдчилсан мэдээлэлтэй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн сард МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзсан юм. Ингэхдээ Улаанбаатар хотын такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгон, стандартад нийцүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Тэдний байр суурийг энд нэхэн сануулъя.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин: Нийтийн тээвэр, түгжрэлтэй холбоотой асуудлуудыг хөндөх учраас тэр чиглэлийн компанийн удирдлагууд өнөөдрийн уулзалтад ирсэн. Өмнө нь түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хэрхэн сайжруулах талаар саналаа өгдөг, уулзаад л өнгөрдөг байсан. Хотын шинэ дарга хурдтай ажиллаж байна. Асуудал биднийг хүлээхгүй, улам ужгирна. Иймээс хурдан шийдэхгүй бол болохгүй.

Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг: Такси үйлчилгээ хяналт, зохицуулалтгүй байгаа нь үнэн. Нэг жишээ дурдахад, энэ зун л гэхэд “Оюу толгой” ХХК-д ажилладаг 17 хүн 2.5-3.5 сая төгрөгийн цалингаасаа татгалзаж, “Таксинд явна” гэх шалтгаанаар ажлаасаа гарсан байна. “Таксинд хоёр долоо хоног явахад 2.5-3 сая төгрөгийн орлого олж байхад тэр хол явж ажиллаад яах вэ” гэсэн хариулт хэлж байх жишээтэй. Улсдаа баялаг бүтээх ёстой хүмүүс замын түгжрэлд хувь нэмэр оруулж, таксинд явж байгаа гэсэн үг. Гол нь бид дата, судалгаанд тулгуурлан, асуудлыг цогцоор нь харж, шийдэл гаргах хэрэгтэй.

“UBCab” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр: Нийтийн тээвэр, тэр дундаа такси үйлчилгээний салбарт Улаанбаатар хот бодлогогүй явж ирсэн. Би энэ салбарт 7-8 жил ажиллаж байна. Манайх 38 мянган жолоочтой. Өдөрт 50-60 жолооч нэмэгддэг. Такси үйлчилгээ бүртгэлтэй, нэгдсэн зохион байгуулалтад орох ёстой. Техник технологи хөгжихийн хэрээр нэг таксинд нэг хүн суугаад явахаас илүү хуваалцах хэрэгцээ нэмэгдэж, нэг хотхон, бүсэд амьдарч байгаа хүмүүс энэ үйлчилгээг хуваалцдаг болсон. Бид энэ хүрээнд Замын үйлчилгээний журам боловсруулж ЗТХЯ-д хүргүүлсэн. 

Авто тээврийн тухай хуульд дараах заалтыг нэмэхээр тусгажээ

2/15 дугаар зүйлийн 15.9, 15.10 дахь хэсэг:

“15.9.Нийтийн тээврийн тусгай зөвшөөрлийг дараах нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд олгоно: 

15.9.1.нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн нийтийн тээврийн хэрэгсэлтэй байх; 

15.9.2.нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн боловсон хүчин, санхүүгийн чадавхитай байх; 

15.9.3.техникийн оношлогоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх;

15.9.4.автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх; 

15.9.5.Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан байх;

15.9.6.автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй байх;

15.9.7.татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй байх;

15.9.8.цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх. 

15.10.Такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 15.9-д зааснаас гадна жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй, нэг өнгийн автотээврийн хэрэгсэлтэй байх нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээдэд олгоно” гэжээ.