Улсын Их Хурал (УИХ) дахь Монгол Ардын Намын (МАН)-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Завхан аймгийн 21 суманд тог тасарсан асуудалтай холбоотойгоор яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байгаа талаар Эрчим хүчний сайдын мэдээлэл сонслоо. Одоогийн байдлаар бүх сумыг тогтой болгох арга хэмжээ авчихсан байгаа юм байна.

Мөн шатахууны хангамжтай холбоотой асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын мэдээллийг сонслоо. Шатахууны хангамжийн асуудал нэг талаас тээвэрлэлт, нийлүүлэлттэй холбоотой боловч нөгөө талаасаа манай улсын хэрэглээтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа.

Гэхдээ МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс шатахууны хангамжийн асуудлыг хэвийн байдалд оруулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлт болон дотоод зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг яаралтай авах шаардлагатай гэж бүлгээс Ж.Ганбаатар сайдад чиглэл болгосон. Бүлгийн хуралд Ерөнхий сайд өөрөө оролцсон учир тодорхой арга хэмжээг авах хэрэгтэй гэж үзсэн.

Мөн УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Бид УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, АМГТГ-ын дарга Баярмандал гэдэг хүмүүстэй цаг гаруй ярилцлаа. Хоёр сарын өмнө сануулж байсан асуудлууд шийдэгдэхгүй байна. Бүх зүйл тэг зогсолт руу явж байна. Орон нутагт дизелийн түлш 5000 төгрөгийг давлаа. Гэтэл дамлан худалдахыг зогсооно гэсэн ойр зуурын юм ярьж байна.

Бичигт, Замын-Үүдийн боомтоор шатахуун оруулах асуудлыг БНХАУ-ын талтай уулзсан уу гэхээр олон удаа уулзаж, ярьж байна гэснээс дорвитой ажил хийхгүй байна. АМГТГ-ын дарга өндөр үнэтэй, шинэ жилийн баярт ороод явж байхын оронд Бичигт боомтод очиж ажиллаад, шатахууны талаар ярилцах хэрэгтэй.

ААН-үүд сөхөрч байна. МАН-тай холбоотой, шатахуун импортлогчидтой холбоотой ААН-үүдийн үйл ажиллагаа л явж байгаа. Хөдөөд том байтугай жижиг нь ч явахгүй байна. Ачаа бараа, хүн тээврээ хийж чадахгүй болчихоод байна. Ийм нөхцөл байдалд энэ сайд үүргээ гүйцэтгэж чадахгүй бол хариуцлага тооц.

Ард түмнийг ядарч, улны уланд очихоос өмнө арга хэмжээ аваач ээ. Авч чадахгүй бол хариуцлага үүрээч ээ. Сайд нараа ажиллуул, чадахгүй бол хариуцлага тооцооч ээ.