УИХ-ын өнөөдрийн чуулганаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг болж байна. 

Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан "Манай улс халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгааныг 20 жил дараалан судлахад хүн амын дөрөвхөн хувь нь ямар нэгэн эрсдэлгүй. 17-65 насны 96 хувь нь ямар нэгэн эрсдэлтэй буюу архи уудаг, тамхи татдаг, хөдөлгөөн хийдэггүй, артерийн даралт ихсэлттэй байна. Дэлхийн 168 орноос улаан хоолойн хавдар, элэгний хавдраараа нэгдүгээрт, умайн хүзүүний хорт хавдраар дөрөвдүгээрт орж байна. 

Эрүүл мэндийн боловсролын асуудал нь бүлэг хүмүүст зориулж хөтөлбөртэй явдаг. Өмнө нь манай салбар зан үйл нь нэгэнт тогтчихсон 17-45 насны хүмүүс рүү чиглэж үйл ажиллагаагаа явуулж ирсэн нь алдаа байсан. 

Монгол Улсын хоол тэжээлийн VI судалгааг дуусгаад байна. Насанд хүрсэн хүмүүсийн хооллолт, зан байдал, халдварт бус өвчний эрсдэл ямар байгаа талаар аймаг, сумдаар нь гарч ирнэ. Хатгалд байгаа хүнд агаарын бохирдол ярихаар наалдахгүй. Иймд тухайн хүний оршин байгаа газрын эрсдэлт хүчин зүйл, юун дээр анхаарах вэ гэдэг зөвлөмжийг хүргэхээр ажиллаж байгаа" гэв.