Нийслэлийн Ардчилсан Нам(АН)-аас дугаарын хязгаарлалт, цахим хичээлийн шилжилт, Авто замын 0 зогсолттой холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлаар тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон талаар мэдэгдэл хийнэ.

Мэдэгдлийг Нийслэлийн Ардчилсан Намын дарга Т.Бат-Цогт танилцууллаа. 

Тэрбээр "Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь амьдардаг, эдийн засгийн 90 гаруй хувь эргэлддэг Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь Улаанбаатар хотын захирагчаар томилогдон ажилласан 66 хоногийн хугацаанд хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөнд халдсан, хязгаарласан хуулиас давж эрх мэдлээ хэрэгжүүлсэн ноцтой шийдвэрүүдийг гаргалаа. 

  1. Нийслэлийн Засаг даргаар томилогдоод зургаан хоногийн хугацаанд "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" гэсэн иргэдийн орлогыг боомилж, хэтэвчийг нь нимгэлж, дансыг нь хоослох зорилгот бүхий хууль санаачлан 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд батлуулсан. Ингэснээр хоёр төрлийн татвар, гурван төрлийн торгууль нэмэгдүүлэхээр тусгасан нь хүний эрх чөлөөнд ноцтой халдаж байна. 
  2. 53 хоногийн хугацаанд татварыг хоёр хувь болгон нэмсэн. Аж ахуйн нэгж байгууллагын татварыг нэмэгдүүлж бизнесийн үйл ажиллагааг хаан боогдуулах шийдвэр гаргалаа. 2024 оны төсвийг 1.9 их наяд байхаар баталж, 93 хувийг нь татвар төлөгчид бүрдүүлнэ гэж татвар төлөгчдийн нураан дээрх ачааг нэмж байна.
  3. 65 дахь хоногтоо Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ авах тухай захирамжаар захирамжлахдаа 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон нь нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй, парк шинэчлэл байхгүй, -30 градус хүртэл хүйтэрч буй нөхцөл иргэдийг хувийн унаагаараа зорчихыг хязгаарлаж байна. Энэ нь иргэнийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ноцтой зөрчиж байна. 
  4. Захирамж нь иргэн бүр тэгш эрхтэй байх суурь зарчмыг бүдүүлгээр зөрчиж байна. Нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэх үндэслэл мөн. 

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн төдийгүй үндсэн хуулиар олгогдсон суурь эрхэд ноцтойгоор удаа дараа халдсан гэж үзэж байна. Иймд дараах хоёр шаардлагыг гаргаж байна. 

  1. Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нийслэлчүүдийн хуулиар олгогдсон олон эрхэд бүдүүлгээр халдсандаа уучлалт гуйж, А/1429 захирамжаа хүчингүй болгохыг шаардаж байна.
  2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 65.1.2 дахь заалтын дагуу нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, хүн амын амьдралтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн тус хуулийн 65 дугаар зүйлд заасан зүйлд заасны дагуу хариуцлага тооцох. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  огцруулах шаардлагыг хуулийн хүрээнд НИТХ-ын төлөөлөгчдөд уриалах гарын үсэг цуглуулах, цаашлаад огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж ажиллахаа мэдэгдэж байна" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр хэлэхдээ "Гэнэтийн шийдвэрийг өчигдөр гаргалаа. Ямар нэгэн төлөвлөгөөгүйгээр хүүхдийн боловсролын эрхэд шууд халдлаа гэж үзэж байна. Цахим хичээлд оролцох боломжгүй айлын судалгааг гаргасан юм болов уу. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ гэртээ үлдээгээд явах уу, ажлаа цахимаар хийх үү. Энэ нь мөн Боловсролын яамтай холбоотой асуудал" гэв.