Хянан шалгах түр хорооны өчигдөрийн хуралдаанаар олон улсын тээврийн хэрэгслийн "С" төрлийн зөвшөөрлийн бичигтэй холбоотой асуудлыг сонссон.

Энэ үеэр хуралдааны даргалагч Б.Энхбаяр 2010-2011 онд Гашуунсухайт боомтоор 3,758 тээврийн хэрэгслээр 379,017.4 тонн нүүрсийг Гаалийн байгууллагад мэдээлэлгүйгээр хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх асуудал урьдчилсан байдлаар тогтоогдож байсан гэдгийг онцлов. 

Тэрбээр "Энэ асуудал өнгөрсөн онд гэнэт илэрсэн юм биш. 13 жилийн өмнө илэрч байсан байна. Энэ асуудал 2013 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэрэгсэхгүй болсон байгаа. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий прокурор болон тухайн үеийн Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж нарын хамаарал бүхий "Женерал тех" компани 100 мянган тонн нүүрсний гэрээ хийсэн байдаг. Анх энэ хэрэг илрэхэд ингэж өөхшүүлсэн.

Энэ байдал явсаар байгаад 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүйгээр гарлаа. 25 хувийг нь л шалгаад шүү дээ. Анхны үйлдэл дээр нь таслан зогсоолгүй, толгойг нь илсээр энэ соёл болж тогтоод сүлжээ болсон. Нүүрс тээврийн компаниуд хил гаалийн албан хаагчдад тогтсон жишигтэй болсон байна. 

Гашуусухайтын гаалийн даргаар эсвэл улсын ахлах байцаагчаар нэг жил ажиллахад нэг насны амьдралынхаа асуудлыг шийддэг гэж ярьдаг. Гаалийн байцаагч нар тэнд очих тухай ярьдаг. Бодит үнэнийг хэлэх хүн байна уу?" гэв. 

Уг асуултад хариулах үе үеийн гаалийн байгууллагын алба хаагч, дарга нар байсангүй. 

Түүнчлэн тэрбээр өдөр танилцуулсан жагсаалтыг сануулаад уг жагсаалтад байгаа буюу маш цөөхөн хэдэн компани л гаалиар ногоон байдлаар гарч байгаа нь тодорхой болсон гэдгийг онцлон хэлэв.