УИХ-ын чуулганы хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой"/ЭТТ/ компанийн ногдол ашгийг иргэн бүрд эзэмшүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Уг тогтоолыг дагаад баялгийн сангийн тухай хууль батлагдах ёстой, хуулийг хэзээ оруулж ирэх вэ?, ЭТТ компанийн ногдол ашиг гэж иргэн бүрд хэдэн төгрөг олгох вэ?

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Баялгийн сангийн тухай хуулийн төсөл бэлэн болгож, Ерөнхий сайдад танилцуулсан. Ойрын хугацаанд Засгийн газрын хуулиар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.

Аль болох бэлэн мөнгө тараахгүй байх, хуримтлалын сангаар дамжуулж, орон сууц авах, эрүүл мэнддээ зарцуулах, эсвэл хуримтлал нь өсөх боломжуудыг тусгасан. Оны эцсийн аудитын тайлан гарсны дараа Баялгийн сангаас хэдэн төгрөгийн ногдол ашиг хуваарилахыг шийднэ.

Харин ЭТТ компанийн ногдол ашгийн тухайд 2012 оноос хойш төрсөн хүмүүс болон Сайн хувьцаагаар хувьцаагаа зарсан хүмүүсийн хувьцааг буцааж олгох юм.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Иргэдэд хувьцаа өгөх нь хоёр талын ашигтай. Нэгдүгээр байгалийн баялгаас хишиг хүртэж, иргэдийн төлөөлөл ТУЗ-д суух ёстой. Одоо хэчнээн иргэдийн төлөөлөл байна вэ, ногдол ашгаа хэзээ олгох вэ? 2016 оны сонгуулийн өмнө Ч.Сайханбилэг сайдын үед иргэдэд хувьцааг мөнгөөр тараасан. Энэ хувьцаа иргэдийн нэр дээр хувьцаа хэвээр байгаа юу?

Шадар сайд С.Амарсайхан: 2021, 2022 онд ногдол ашиг авч чадаагүй иргэдэд хуваарилах ажлыг судалж, арга хэмжээ авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

2012 оноос хойш төрсөн болон 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэдэд ЭТТ-н хувьцаа эзэмшүүлнэ.

Өнөөдрийн байдлаар 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэн ЭТТ компанийн хувьцааг эзэмшиж байна. Нэг сая орчим иргэн хувьцаа эзэмшээгүй байна. Нийт иргэдэд уг компанийн 34 хувийг иргэн бүрд тэгш эзэмшүүлнэ. ЭТТ компанийн ногдол ашгийг 2024 онд олгоно гэж ойлгох хэрэгтэй.

ЭТТ компанийн 34 хувийг Монгол Улсын иргэн бүр, мөн харьяат иргэн бүр ижил тэгш эзэмшинэ. Баялгийн сангийн тухай хуулийг удахгүй УИХ-д өргөн барина.