УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын өргөн барьсан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болж байна. 

Энэ үеэр 1,072 хувьцааны ногдол ашиг хуваарилахтай холбоотой мэдээллийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өглөө. 

Тэрбээр "Компанийн тухай хуульд гурван заалтаар ногдол ашиг хуваарилах асуудлыг зохицуулж өгсөн. Санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн хугацаанд ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гаргана. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуулийн хугацаанд хуралдаж шийдвэрлэнэ. Тус компани 2023 онд ашигтай ажилласан. Гэвч нөгөө талдаа хуримтлагдсан өр төлбөр өндөр. 

Хувьцаагүй хүмүүст хувьцаа өгөх асуудлаар жагсаал цуглаан компани дээр болж байгаа. 

Давуу эрхийн хувьцааг нөхөж олгодог. Тэгэхээр 2010 оны тогтоолд хувьцааг эзэмшүүлнэ гэсэн боловч компанийн баланс дээр ямар хувьцаа талаар албажуулсан зүйл байхгүй. 1,072 нь компанийн баланс дээр энгийн хувьцаа гэж байдаг. 1,072 нь давуу эрхийн хувьцаа биш учраас ногдол ашгийг нөхөж олгох нь хүндрэлтэй.

2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлан эцэслэгдээгүй байгаа учраас ногдол ашиг хуваарилах тоо гараагүй. Гэхдээ 2-3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах байх. Үүний тодорхой хувийг хувьцааны хэлбэрт шилжүүлбэл нэг хүнд 200 мянга орчим төгрөг хуваарилагдах болов уу. 

Компанийн тухай хуулийн 47.1.1-д ногдол ашиг төлсний дараа төлбөрийн чадвартай байх гэсэн заалт бий.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 4.6  их наяд төгрөгийн хуримтлагдсан өртэй. Үүнд "Тавантолгой Төмөр зам" ХХК-д 2.1 их наяд, "Тавантолгой Түлш" ХХК-д нэг их наяд, "Монголын төмөр зам" ХХК-д 1.3 их наяд, Эрчим хүчний Шивээ-Овоо болон Багануурт тус бүр 10 орчим тэрбум төгрөгийн өр үүссэн. 

Хэрэв ногдол ашиг их хэмжээгээр хуваарилах шийдвэр гаргавал "Эрдэнэс Тавантолгой" ХК дампуурна. Дээрх хуульд заасан заалт хангагдахгүй болж бүрэн дампуурах болсон. 

Тиймээс ажлын хэсэг дээр ногдол ашиг хуваарилсан тохиолдолд өрийн дарамт үүсэх асуудлыг шийдэх заалт оруулж өгөх талаар ярьж байгаа" хэмээн ярив.