Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны чиглэлийн Хотын удирдлагууд гэнэт өөрчилсөн нь иргэдийг багагүй бухимдуулсан хэрэг явдал өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. 

Тэгвэл энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар өөрийн твиттер хуудастаа, "Хотын хамгийн захын цэгээс нөгөө талын захын цэг хүртэл төв замаараа дайрч явдаг сүлжээ төлөвлөлттэй "нийслэл хот" манайхаас өөр улсад байхгүй. Эсвэл Яармагаас шууд Тэнгис орох хүсэлтэй хувь хүнд зориулсан сүлжээ төлөвлөлт хийх бас боломжгүй. 

28 чиглэлийн автобус төв зам дээрээ давхцаж түгжрэл үүсгэдэг явдлыг засах зорилгоор энэ ажлыг эхлүүлээд байна. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийн ард авлига, хээл хахуул, ашиг сонирхол нуугдсаар ирсэн. Юу гэвэл  хамгийн ашигтай чиглэлүүдийг булаацалдаж аваад тэр чиглэл дээрээ бүгд шахцалдан түгжирч зөвхөн ашгийн төлөө ажилласаар ирсэн. Үүнд нь ч манай иргэд дасчихсан. Мэдээж энэ ажлыг хэрэгжүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хэнбугай ч дургүйцэх нь дамжиггүй. 

Энэ амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчлээгүй тул 430 мянган автомашин хөдөлгөөнд оролцож эргээд л түгжирцгээлээ. Ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэхээр арай өөр дүр зураг харагдах болов уу.  Нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтөд шинэчлэл хийхээр зорьсон нь олон нийтийг бухимдуулах гээгүй. Алдаа мадаг гаргасан бол тухай бүрд нь засаж залруулаад явах нь зүйтэй" гэжээ.