Ардчилсан намаас зохион байгуулдаг 4/11 уулзалтаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, намын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү, ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн Н.Одонгуа нар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлууд агаарын бохирдол, авто замын түгжрэл, замын халтиргаа, гулгаанаас үүдэлтэй осол, гэмтлүүд гээд  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн эрхийг зөрчигдүүлж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон НИТХ-д албан шаардлага хүргүүлэхээр мэдээлэл хийж байна.

Эрүүл аюулгүй хотын эксперт Н.Одонгоо: Дэлхий дээр байгаа 400 гаруй хот ДЭМБ-аас 30-аад жилийн өмнө концефцыг нь баталсан эрүүл аюулгүй хотын стандартын дагуу хөгжиж байна. Үүний хамгийн чухал нь хүний аюулгүй орчинд амьдрах асуудал. Хүн өөрөө цогцлоон бүтээх стандартыг барилга байгууламж барихаас эхлээд ногоон байгууламжийг бий болгох, зам тээврийн тооцоо судалгаанд үндэслэж гаргадаг. Тодорхой хугацаанд АН нийслэлийг удирдаж байхдаа хотын стандарт, индексийн дагуу үйл ажиллагааг төлөвлөж байсан. Харин одоо алдагдаад байна.

АН-ын гишүүн О.Чулуунбилэг: Иргэдийнхээ өмнөөс асуумаар байна. Өнгөрсөн хугацаанд бид дөрвөн аврагчаа алдлаа. Мэргэжлийн удирдлагууд нь хаана байна вэ? Сая болсон ослыг хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэж тайлбарлаж байсан. Ийм гамшигт бэлэн байх ёстой хүн нь Г.Ариунбуян генерал биш юм уу. БЗД-ийн онцгой байдлын анги нь 2023 оны шилдэг анги болсон. Яагаад шилдаг анги болчихоод гурван хүнээ алдаад байгаа юм бэ. Энэхүү 63 дугаар ангийн хашаан дотор баригдаж байгаа "Онцгой" хэмээх хотхон нь ашиглалтад орохгүй удаж, иргэд ар гэрийнхэн гомдоллож байна.

Хийтэй холбоотой гал унтраах журам гэж байдаггүй гэсэн. Гал унтраах дүрэм журмаа унших хэрэгтэй. Түүнд газаас үүдэлтэй галыг хэрхэн унтраах талаарх дүрэм журам бий. Нэг аврагч дунджаар 1 сая төгрөгийн цалинтай. Гэтэл тэд осолд өртөөд эндээд байна. Онцгой байдлын албанд Төрийн тусгайгийн ТТ-1 ангиллаар буюу хамгийн өндөр цалинг авдаг ганцхан хүн бол дарга нь. Удирдлагуудыг өөрчилж болох ч тэдэнтэй адил дараагийн адилхан л хүн ирнэ. Тиймээс  тогтолцоог өөрчлөх томоохон бодлого хэрэгтэй байна.