Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд буюу лхагва, пүрэв гарагт Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцана.

Айлчлалын үеэр хоёр орны холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан юм.Германы Ерөнхийлөгчийн манай улсад хийж буй энэ удаагийн айлчлалын "улс төрийн ач холбогдол" маш өндөр гэдгийг судлаачид онцлох тэмдэглэж байна. Тухайлбал, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр манай улсад хийх тус айлчлалын үеэр хоёр улсын "Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулах" баримт бичигт гарын үсэг зурж магадгүй хэмээн судлаач Д.Баярхүү онцолж байгаа юм. Мөн Германы Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд түр хаах зохицуулалтыг хийхээр Тээврийн цагдаагийн албанаас бэлтгэж байгаа аж. Тодруулбал, түүний зорчих хэсгээр түр хугацаанд зам хааж магадгүй байна.