Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт малын саравч, гэр шатжээ. Энэ талаарх дуудлага мэдээллийг өчигдөр /2024.02.18/ -ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчны таван ханатай гэр, 2х2  метрийн хэмжээтэй амбаар, 8х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт тухайн малчны найман бог мал өртөж хорогдсон байна.

Мөн Дорнод аймаг, Чойбалсан суманд хоёрдугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагийн орчим тус сумын харьяат малчин малдаа мотоциклтой яваад, мөн өдрийн 15:00 цагийн орчим тус сумын харьяат нэг малчин малдаа морьтой яваад тус тус  сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан малчин З /33 настай, эрэгтэй/, Ц /32  настай, эрэгтэй/ нарыг тухайн өдрийн 20:05 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,  мөн өдрийн 22:50 цагт малчин З-ыг гэрээс нь урд зүгт 3 км-т “Дэлгэрмөнх” гэдэг газраас эсэн мэнд, малчин Ц /32  настай, эрэгтэй/-ыг 02.18-ны өдрийн 11:58 цагт  гэрийн баруун урд зүгт 8 км-т “Булуувч” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Төв аймаг, Сэргэлэн суманд хоёрдугаар сарын 17-ны өдрийн 15:15 цагийн орчим суудлын автомашинтай гурван иргэн, малчин Д-ийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 18-ны өдрийн 01:03 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Сэргэлэн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан эрэн хайх ажиллагааг зохион байгуулах байгуулж, тухайн гурван иргэнийг малчин айлд эсэн мэнд очсон байхад олжээ.

Ховд аймаг, Алтай сумын төвөөс урд зүгт малчин М, О нар гэрлүүгээ малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн хоёр малчныг эрэн хайх ажиллагааг хоёрдугаар сарын 18-ны өдрийн 00:00 цагт зохион байгуулж, тухайн өдрийн 10:40 цагт нөхөр М/53 настай, эрэгтэй/-ыг гэрээс нь есөн км зайнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Түүний эхнэр О /50 настай, эмэгтэй/-ийн цогцсыг мөн өдрийн 19:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт таван км зайнаас олж, Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаад шилжүүлэн өгсөн байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.