Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд тус газраас мөрдөн байцаалт явуулж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ.
 
Нийслэл, дүүргийн прокурорын газраас энэ оны эхний зургаан сарын байдлаар 1497 эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлэсэн байна. Үүнээс танхай 271, хүний амь насыг санаатай хохироох гэмт хэрэг 67, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх борлуулах гэмт хэрэг 17, бусдын эд хөрөнгө залилан мэхэлж авах 113 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ц.Батболдоос олны анхаарал татсан хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн болон хэргийг шалгах явц ямар байгаа талаар тодрууллаа. 

-Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өрөөнөөс чагнах төхөөрөмж илэрсэн талаар өөрөө ярьсан. Энэ асуудалд прокурорын байгууллага ямар үүрэг оролцоотой ажиллаж байна вэ?

 -Энэ асуудалтай холбоотойгоор мэдээлэл өгөх боломжгүй. Төрийн нууцын тухай хуулийн 5.4.1, Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар энэ асуудлын талаар олон нийтэд мэдээлэх боломжгүй. 

-Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн гэх хэргийг шалгаж байгаа юу? 

-Яг Л.Гансүхэд холбогдуулаад хэрэг үүсгэсэн зүйл байхгүй. Харин хямд үнэтэй нүүрсээр иргэдийг хангана гэсэн хөтөлбөртэй хол- боотойгоор шалгаж байгаа асуудал бий. Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа эхлээд явж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. 

-Өнгөрсөн нэгдүгээр сард “Макс товер”-ын барилгаас төмөр унаж, замын хөдөлгөөнд оролцож явсан машины жолоочийн аминд хүрсэн. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн бэ? 

-Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлээд байна. 

-Цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг зодсон хэрэг цөөнгүй гарсан. Энэ талаар шүүхээс шалгасан зүйл бий юү. Тийм бол хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгнө үү?

 -Хан-Уул дүүргийн 190 дүгээр цэцэрлэгийн багш Д.Цэнд-Аюуш гэх эмэгтэй бага насны хүүхдийг байнга зодож тарчлаадаг байсан нь тогтоогдсон. Энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулж, энэ сарын эхээр шүүхэд шилжүүлснийг шүүх шийдсэн. Тодруулбал, энэ хүнд хоёр жилийн хорих ял оногдуулж, нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн багш Я.Нямцэцэгт холбогдох гурван настай хүүхдийг өмдөндөө шээлээ гэж төмсгийг нь асаагуураар түлсэн хэрэг гарсан. Я.Нямцэцэгийг гурван сар арав хоногийн баривчлах ялаар шийтгэсэн.

 -“Саусгоби Сэндс” ХХК- ийн удирдлагуудыг шалгаад багагүй хугацаа өнгөрлөө. Хэргийг шалгах явц ямар шатандаа яваа бол? 

-Тус компанийн захирлаар ажиллаж байсан Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежерээр ажил лаж байсан Хиларион В.Кажуком нарын бүлэглэн татвараас зайлсхийсэн хэргийг энэ сарын 4-нд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийн шүүх хурал ирэх долоо хоногт болохоор тов нь гарсан байгаа. 

-Х.Тэмүүжин сайдтай нэр холбогдоод байгаа Г.Сарангэрэлийн хэрэг ямар шатандаа явна вэ? 

-Г.Сарангэрэлийн хар тамхи мансууруулах бодис олж авсан хадгалж, борлуулсан хэргийг прокурор шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэгт хэд хэдэн хүн холбогдсон байгаа. 

-Монгол газар компанийн захирал Ц.Мянганбаярын хэргийг шалгаж дууссан уу? 

-“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт холбогдох орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашигласан, олборлосон хэргийг энэ сарын сарын 23-нд шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн байцаалтын явцад Ц.Мянганбаяр нь Өвөрхангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг 18 хүнтэй бүлэглэн энэхүү хэргийг үйлдсэн болохыг тогтоосон. 

-УИХ-ын гишүүдтэй холбоотой хэргүүд юу болж байгаа бол. Ерөнхий прокурор хэлэхдээ “Зогсонги байдалд ороод байна” гэж байсан? 

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай холбоотой хэргийг шалгаж байна. Мөрдөн байцаалт дуусаагүй учраас ажиллагааны талаар мэдээлэл өгөх боломжгүй. Харин Д.Хаянхярваа, Ж.Батсуурь нарын гишүүнтэй холбоотой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж дууссан ч энэ хүмүүсийн халдашгүй байдалтай холбоотойгоор шийд вэрлэх боломжгүй болоод байна. Харин Н.Номтойбаяр гишүүний бааранд зодолсон хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 -“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Энэбишийг шалгаж байгаа гэж хуулийн байгууллагаас мэдээлсэн ч өөрөө тийм асуудал байхгүй гэж хэлсэн байсан. Үүнд ямар хариулт өгөх вэ? -Энэ хэргийг шалгаж байсан. Одоогийн байдлаар түдгэлзээтэй байгаа. Энэ талаар үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. -Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяад холбогдох хэрэг ямар шатандаа явна вэ? 

-Энэ хэргийн мөрдөн байцаалт үргэл жилж байна. Шалгаж дуусаагүй учраас хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.