Сонгуулийн шоуны өдрүүд айсуй. Тодруулбал, сонгууль бүрийн өмнө өрсөлдөгчөө намнах гэсэн элдэв чих сортолзуулж, нүд бүлтийлгэсэн үйл явдлууд өрнөдөг гэхэд хилсдэхгүй ээ. Тэгвэл энэ удаад Монголын хилээр чингэлэгтэй мөнгө орж ирсэн. Үүнийг нь сонгуулийн мөнгө хэмээсэн гэх мэтчлэн үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээлэл цацагдаж эхлэв. 

Тодруулбал, Өмнөговийн хилээр нүүрс тээврийн зориулалт бүхий контейнерээр тамхины хайрцагуудад хийсэн их хэмжээний юань орж ирээд хураагдсан. Энэ бол нэр бүхий улс төрчдийн сонгуулийн мөнгө гэсэн тайлбартай бичлэг нийгмийн сүлжээнд тархсан. 

Тэгвэл энэхүү асуудалд хэн, хэн юуг өгүүлснийг  онцолж байна.  

ЦЕГ: 2024 оны гуравдугаар сарын 26-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд түгээгдсэн “Өмнөговийн хилээр нүүрсний компанийн машинууд контейнероор их хэмжээний юань оруулж баригдав” гэх гарчигтай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Цахим сүлжээн дэх бичлэгийн эх сурвалж, мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор шалгалтын ажиллагаа эхэлсэн байна.

Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж, бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хурааж авсан юм. Их хэмжээний юаньтай холбоотой асуудал нь тус аймагт ажилласан Ажлын хэсгийн хураан авсан зүйлтэй холбоогүй.

Тэгвэл уг бичлэгийн зарим дээр нэр дурдагдсан эрх бүхий хүмүүс мэдэгдэл гаргаж, зарим нь бодит үнэнийг худалдаж авах зар хүртэл түгээгээд эхэллээ. 

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн: Энэ хаягийг хөтлөгчийн оршин суугаа хаяг, үнэн бодит мэдээллийг таван сая төгрөгөөр худалдаж авна. Гүтгэгч бүхэнтэй хариуцлага тооцох нь иргэдийн мэдэх эрхийг хангах, миний иргэний үүрэг юм. Мэдээлэгчийн аюулгүй байдал, нууцлалыг бүрэн хариуцана хувь чатаар холбогдоно уу.

Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж: Цахим орчинд "Улсын хилээр их хэмжээний мөнгө орж ирсэн нь Өмнөговь аймгийн нэр бүхий хүмүүсийн сонгуулийн мөнгө" гэсэн илт худал мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд үүнийг нийтэлсэн хаягуудыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандлаа.

Цаашид гүтгэлэг доромжлол, худал ташаа мэдээлэл энэ мэтээр газар авах хандлагатай байгаа тул та бүхэн үнэн зөвийг тунгааж аливаа мэдээлэлд цензуртэй хандаж байхыг хүсье.

Хууль: Хэрвээ хуурамч мэдээлэл тараасан гэдэг нь шалгалтын явцад тогтоогдвол Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар хариуцлага тооцох хуулийн заалттай.

13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.