АН хоёр хуваагдаад байсан нөхцөл байдлаа даван туулж, албан ёсны даргатай болоод нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. "Энэ хугацаанд Намын гишүүдээ сонсох аян, дараа нь Монголчуудаа сонсох аян, эдийн засгийн форум, "Өрийн дарамтгүй Монгол" аян, "Хөх Монголын Хөх туг" аян, "Бүтэн Монгол-Бүрэн ардчилал" хэлэлцүүлэг зэрэг нийт зургаан том кампанит ажил хийсэн, энэ нь маш үр дүнтэй болсон, АН 2024 онд ч ялна, 2028 онд ч ялна. " хэмээн АН-ын дарга Л.Гантөмөр өчигдөр болсон тус намын 34 жилийн ойн баярын хурлын үеэр мэдэгдэв.

 

Харин тус намын зарим гишүүд Лу.Гантөмөр гэдэг даргатай байгаа цагт АН хэзээ ч ялахгүй, Лу.Гантөмөр ч үүнийгээ мэдэж байгаа, МАН-д албаар ялагдаж, өөрөө УИХ-ын гишүүн, сайд болохыг л зорьж байгаа хэмээн ил цагаан ярих болсон юм.

 

Үнэхээр ч АН-ын дэд дарга нарын зарим нь хүртэл УИХ-ын сонгуулийн дараа хамтарсан Засгийн Газарт дэд сайд болох нь тодорхой хэмээн сайрхах болсон.

Түүнчлэн УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн 50 хувийг Х.Баттулга даргатай МоАХ фракци авахаар тохиролцсон тухай улс төрийн хүрээнд яригдаад удаж буй. Үүнийг ч Лу.Гантөмөр үгүйсгэхгүй байгаа. Гэвч хачирхалтай нь УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн 50 хувийг авах болсон гэх, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МоАХ-ы Дарга Х.Баттулга нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад албан ёсоор хэлсэн байна.

 

С.Сарнай

сонин.мн