2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал бүх ард иргэдийн сэтгэлд хар толбо болон үлдсэн. Энэ бол Монгол хүн Монголынхоо эсрэг боссон, бидний бие биесийнхээ өмнө том алдаа гаргаж, эв найрамдлаа эвдсэн өдөр.

Гэвч энэ өдрийн талаарх ойлголтыг энэ хэвээр нь үлдээх үү, өөрчлөх үү гэдэг "сонголт" бидэнд бий. Өнгөрсөн зургаан жилийн турш, жил бүрийн яг энэ өдрөөр хүмүүс болон хэвлэл мэдээллийн хар толбыг нэхэн сануулахаас өөр юуг ч хийж байсангүй.

Өнгөрсний тухай байн байн дурслаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Харин нэг алдааг ахин гаргахгүйн тулд үүссэн учиг шалтгааныг нь арилгаж, түүнээс олж авсан сургамжаа л ахин дахин санах, сануулах учиртай юм.

6 жилийн өмнө бид нэгэн зорилгын төлөө хамт явах ёстой гэр бүлийн аав ээж нь хоорондоо муудалцвал, хүүхдүүд нь ч бас яаж хагаралддагийг харсан. Хүн бүрт ийм явдал ахин бүү тохиолдоосой гэсэн хүсэл бий. Тэр толбыг “угааж”, энэ явдлыг алдаа хэвээр нь үлдээх биш, сургамж болгохын тулд бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо өнгөрсөн жилээс эхлэн 7-р сарын 1-нийг “Тэврэлтийн өдөр” болгох аяныг санаачилсан юм.

“Тэврэлтийн өдөр”- долдугаар сарын 1-нийг эв түнжин муудсан ахан дүүс, амраг садан, хэнтэй ч болов эвлэрч, урьдын харилцааг халуун тэврэлтээр цайруулан сэргээх өдөр болгохыг уриалж байна. Нэгэнт болсон үйл явдлыг баллуурдаж болохгүй ч, нэрийг мөн түүхийг бол цагаатгаж болно. Энэ өдрийн талаар нэхэн санахдаа ахиад тийм бослого, үймээн самуун дэгдээх талаар сэдэл авах биш, харин уучлал, ойлголцол, эв найрамдлын ач холбогдлыг ойлгодог оюун ухааныг бий болгож, үр хойчийг үлдээхийг зорих хэрэгтэй биш билүү?

Бидний үлдээж буй мэдээллээр ирээдүй минь хүмүүжнэ. Бид болж байгаа үйл явдал бүрийг 50 жилийн дараах түүхийн хичээл дээр юу гэж заадаг болохыг одоо л тодорхойлно. Аливаа өөрчлөлтийг дээрээс хийдэг байж болох ч, эерэг өөрчлөлт дотроосоо эхэлвэл илүү бат бөх үргэлжилдэг. Энэ өдрийг түүхэнд эв найрамдлыг бэлгэдсэн “Тэврэлтийн өдөр” гэдэг нэрээр тэмдэглэгдэн үлдээсэй хэмээн та ч гэсэн хүсч байгаа байх. Тэгвэл ажлын хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө байгаа газраасаа #Тэврэлдье аяныг эхлүүлцгээе. Хүсвэл 7-р сарын 1-ний 19 цагаас Чингисийн талбай дээр хүрээд ирээрэй. Хамтдаа, тэнд тааралдсан хүн бүхэнтэйгээ #Тэврэлдье!

2013 оны 7-р сарын 1 Анхны Тэврэлтийн өдөр

Дэлхийн олон оронд 1-р сарын 21-нийг “Тэврэлтийн өдөр” болгон тэмдэглэдэг. Ёс журам, нэр төр зэргээс болж сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахаа больсон нийгмийг анагаахын тулд энэ өдрийг анх санаачилсан аж. 

Харин Монгол улсад өнгөрсөн жилээс эхлэн 7-р сарын 1-нийг “Тэврэлтийн өдөр” болгох санаачилга өрнөсөн билээ. Гоолингоо тухайн үед өөрийн Facebook, Twitter, Instagram зэрэг 100 орчим мянган дагагчтай сошиал сүлжээнүүдийг ашиглан энэ өдрийн хар бараан дурсамжийг халуун дулаан тэврэлтээр угаах аяныг эхлүүлж, залуусыг уриалан дуудсан юм. Уриалгыг сошиал сүлжээгээр дамжуулан 50 мянга гаруй хүн дэмжиж, 448 хүн гар бие оролцсон ба 7-р сарын 1-нд Чингисийн талбайд 30-аад уншигч цугларч хотын гудамжаар алхаж явсан, барагцаагаар 1000 орчим танихгүй хүнд дотно тэврэлт бэлэглэж байсан. Энэ аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, цаашид 7-р сарын 1 болоход ард түмэн эвдэрч болохгүй, эвлэрэх ёстой өдөр гэдгийг санадаг болоосой хэмээн бид зорьж байна.

Түүхийг мартах ёсгүй. Гэхдээ түүхийг эргэн санахад уур бухимдал, буруутгах сэтгэл биш харин түүнээс авсан сургамжийн тухай бодол л төрөх ёстой. Эс тэгэх аваас, тэр түүхийг давтах хүсэл төрөхийг үгүйсгэхгүй юм.

                                                -Дэлхийн Эв нэгдлийн өдөр-үүд-

Түүхэн үйл явдлын хар бараан биш, гэгээлэг талыг нь олж харахад олон нийтийг чиглүүлж санаачилсан үндэсний тэмдэглэлт өдрүүд дэлхийд олон байдаг. 7-р сарын 1-ний үйл явдалтай ижил шалтгаан, ижил зорилгоор үүссэн нь ч бий.

Жишээ нь: Үндэсний  Эв Нэгдлийн өдөр-Гүрж улс

Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Гүрж улсад 1989 оны 4-р сарын 9-нд Засгийн газрын эсрэг босогчид болон Зөвлөлтийн армийн хооронд мөргөлдөөн үүсч, 20 хүн амь алдан, зуу зуун хүн шархадсан сэтгэл өвтгөм үйл явдал болж байсан. Хэдэн мянган Абхазууд Гүржээс салан тусгаарлаж, буцаад Нэгдсэн Бүгд Найрамдах Улс болохыг шаардсанаар Гүржийн уугуул иргэд болон Зөвлөлтийн засгийн газрын хоорондох зөрчил даамжирсан юм. Ард иргэд үүнийг тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнийг эсэргүүцэх оролдлого хэмээн үзэж байсан аж. 1989 оны 4-р сарын 4-ний өдөр мянга мянган Гүржүүд Засгийн Газрын Ордны өмнө цугларч үймээн самуун дэгдээж байжээ. Энэ өдрийг одоо Гүржийн ард түмэн “Үндэсний Эв нэгдлийн өдөр” хэмээн тэмдэглэж байна

Үндэсний  Эв Нэгдлийн өдөр-Унгар улс

Дэлхийн I дайны дараах 1920 оны 6-р сарын 4-ний Трианоны гэрээний улмаас Их Унгар улс тархай бутархай амьдрахаас өөр аргагүйд хүрсэн юм. Гэхдээ энэ үйл явдлын уй гашууд анхаарлаа хандуулахын оронд, харин газар нутгийн хязгаараас хамааралгүйгээр, үндэстний хувьд хүчирхэг, бат бөх байхыг Унгар хүн бүрт сануулах зорилгоор Парламентаас нь энэ өдрийг “Үндэсний  Эв Нэгдлийн өдөр” болгон зарлажээ. Энэ нь гашуун түүхийн сургамжийг хилийн дотор болон гадна үлдсэн Унгар үндэстнүүдэд ойлгуулж, оюун санааных нь хувьд өргөх зорилготой тэмдэглэлт өдөр юм.

Эдгээрийн адилаар, гашуун өнгөрсөнд хэт их автаж, уурлаж бухимдах, уцаарлаж гомдоллохын оронд одоо цагийн бодит байдалд үүнийг ахин бий болгохгүй байх хүчирхэг сэтгэл зүйг ард түмэнд бий болгохын тулд бид 7-р сарын 1-нийг “Тэврэлтийн өдөр” болгож, #Тэврэлдье аяныг өрнүүлэн энэ өдрийг эв найрамдлаар дүүргэхийг уриалж байна!