УИХ-ын чуулганы хуралдаанаар дөнгөж сая УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа.

Учир нь М.Батчимэг гишүүнийг С.Баярцогтод зөөлөн хандаж, улс төрийн үүднээс харж байна хэмээн үзэж  байсан юм. Гэвч М.Батчимэг гишүүн “Ёс зүйн дэд хорооны гишүүд дүрмийнхээ хүрээнд хүнд гэж үзэх хариуцлагын хэлбэрийг оноосон. Харин үүнийг олонхиороо ярилцаад хэлэлцэх ёстой” гэж байсан юм. Ц.Нямдорж гишүүн “УИХ-аар хэлэлцэхээс өмнө Ёс зүйн хороогоор оруулах ёстой гэдгийг хүлээж авсанд талархаж байна.
Тэгэхээр цаана чинь “Би гурван данстайгаа мартаад нэгийг нь бичээгүй орхичихсон” гээд ажлаа өгсөн хүн байгаа. Үүнийг яах вэ” гэхэд М.Батчимэг гишүүн “Ёс зүйн дэд хороо энэ асуудлыг оруулж ирж байгаа нь албан тушаалаас халах асуудал биш. Ёс зүйн дүрэмд хэн нэгийг шүүх зүйл байдаггүй. Харин туршлагатай улстөрчийн чинь хувьд асуулт асуумаар байна.
Таны сүүлийн шаардлага ёс зүйн дүрмээрээ хариулах хэмжээнд биш” гэснээр Ёс зүйн дэд хорооны шийдвэрийг хэлэлцэж дуусан юм. Харин “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “С.Баярцогтын асуудлаар завсарлага авсан нь давхар хариуцлага оногдуулах вий гэснээр ингэж шийдвэрлэсэн. Харин Ёс зүйн хороог хуралдуулж, энэ асуудлыг хэлэлцүүлүүснээр завсарлагын хугацаа дууслаа” гэв.

Сүүлд нь С.Баярцогт үг хэлэв. Тэрбээр “Хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлсэн тохиолдолд одоо мөрдөгдөж байгаа хуулиудаар сануулах, цалингийн тодорхой хувиар бууруулах зэрэг арга хэмжээг УИХ-ын гишүүнд авахаар байгаа. Гэхдээ би илүү өндөр хариуцлагыг хүлээж, үлгэр дууриал үзүүлэх ёстой гэж үзэж, дэд даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөх хүсэлт гаргасан.

Би шүүмжилж болон дэмжиж хэлсэн бүх үгийг хүлээж авсан. Дахиад хэлэхэд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага намайг хууль зөрчсөн, мөнгө угаасан гэсэн зүйл огт яриагүй. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан уу гэдэг л асуулт тавьсан. Тиймээс би энэ байгууллагатай заргалдах шаардлага байхгүй.

Харин бүртгэлийн баримт бичиг Хятад гэж бичсэн нь цэвэр тэр байгууллагын алдаа. Тиймээс хувь хүн талаасаа уучлалт гуйхыг тэр байгууллагаас шаардана. Энэ данс, компани цэвэр бизнесийн орлогоос бүрдсэн, Сангийн сайд болон Оюутолгойн гэрээ байгуулахаас жилийн өмнө бий болсон зүйл. Тиймээс эдгээртэй ямар ч хамаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цаашдаа Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт өргөж, улам илүү хичээж ажиллана гэдгээ хэлмээр байна” гэлээ.

Ингээд С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх асуудалтай холбогдуулж санал хураав. 56 гишүүн дэмжиж, 87,5 хувийн саналаар С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаас чөлөөллөө.