Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд үзүүрлэж, Монгол Улсын гарьд цол хүртсэн залуу бөх Ш.Жаргалсайханы үзүүлсэн амжилтыг нутгийн ахан дүүс нь мялаалга өргөлөө.

Өчигдөр Хүй долоон худагт болсон уяачдын баярын үеэр Үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэсэн бөхийн бай шагнал болох 10 сая төгрөгийг Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва гардуулсан гэдгийг бид мэдээлсэн билээ. Тэгвэл үүний дараа  Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс нь “Lexus-570” машины түлхүүр гардуулж, гурван өрөө байраар мялаахаа наадамчин олны өмнө амласан юм.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав: “Монголын ард түмэн залуучуудаараа, залуу бөхчүүдээрээ бахархсан сайхан наадам боллоо. Энэ наадамд манай нутгийн хүү Ш.Жаргалсайхан Монгол түмнээ баясгасан сайхан барилдаан үзүүллээ. Тамирчин хүнд бэлтгэл хийх бололцоогоор хангах шаардлага байдаг учраас Нутгийн зөвлөлийн ахан дүүс бид бүхэн ярилцаад Цэнгэлдэх хүрээлэн, Их богд уул, Туул голынхоо ойрхон шиг гурван өрөө байраар мялааж байна.

Мөн тамирчин хүнд бяраас гадна хурдан хөлөг хэрэгтэй. Тийм учраас бид нар ярилцаад “Lexus-570” гэдэг машиныг гардуулж өгье” хэмээн Хүй долоон худагт цугласан наадамчдын өмнө шинэхэн гарьдад будаг нь ханхалсан хурдан хөлгийн түлхүүрийг гардуулан өгсөн юм.

Тэрбээр мөн "Нутгийн ах, Хөдөлмөрийн сайд шинэхэн гарьдад цолны эрэмбэ, Завхан нутгийнхаа нэрийг бодож улам илүү сайн барилдаж, хайрыг нь дааж явах үүргийг ахмад хүний хувьд, нутгийн зөвлөлийн хувьд Жаргалсайхандаа өгч байна. Хичээгээрэй, миний хүү" гэлээ.