Ерөнхий сайдын хүүг орлогоо нотлохыг иргэд шаардаж буй ч хамтарсан засагт багтсан АН-ын бүлэг байр суурь илэрхийлсэнгүй
4 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан Намын бүлэг өнөөдөр хуралдаж, "Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн танилцуулга /шинэчилсэн найруулга/, Ардчилсан намын хөтөлбөрийн төслийн танилцуулга мэдээлэл гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна.
Тус хурлаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчин үүссэн ерөнхий сайдын хүүхэдтэй холбоотой асуудал хөндөгдлөө.
Сэтгүүлч: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэр бүлийнхний тансаглал сүүлийн гурван хоногийн хугацаанд сошиал орчинд шуугиан тарьж байна. Энэ хүнийг хөрөнгө орлогоо нотлох, шалгах тал дээр АН сөрөг хүчний ажлаа хийгээд эхлүүлэхгүй юм уу.
Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэр бүлийн тансаглал гэж асууж байна. Сошиалоос тодорхой хэмжээний мэдээллүүдийг харсан. Монгол Улсад өнөөдөр байгаа хууль журмаар төрийн өндөр албан тушаалтнууд бүгд хөрөнгө орлогоо олон жилээр мэдүүлдэг. Хөрөнгө орлогоо мэдүүлсэн орлогын түвшинд энэ бүхэн нотлогдоод явах ёстой байх. Дээрээс нь олон нийтийн хараа хяналтад очсон байдаг зүйл.
Сэтгүүлч: Та бүхэн энэ Засгийн газар ерөөсөө болохгүй, бүтэхгүй хуулийн төсөл оруулж ирдэг гэж яриад байна. Сөрөг хүчин та бүхэн Засгийн газраас гарахгүй юм уу. Л.Оюун-Эрдэнийг 2050 он хүртэл засаглуулахын тулд танай нам байсаар байх уу.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал: Засгийн газарт намууд хамтарч ажиллах талаараа гэрээ байгуулсан. Нэг жил болоогүй байна. Дэлхийн улс орнуудад эдийн засгийн томоохон өөрчлөлт орсон. Бид гадна геополитикийн хувьд хүнд байгаа. Энэ цаг хугацаанд шийдэж болох асуудал байвал хамтарч нэгдээд шийдэх нь зөв.
Асуудлыг заавал буруу талаас нь тайлбарлах бус, болох талаас нь авч явж байгаа. Ойрын хугацаанд гурван намын хамтарсан гэрээг дүгнэх ажлын хэсгийн хуралдаан болно. Үүнээс тодорхой саналууд гарах байх.