Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр нийслэлийн төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, гэр хорооллын айл өрхүүдийн дулаалгыг шийдэх асуудлаар санал солилцлоо.

Төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай санал солилцох үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил 51 мянган айл өрхийн сууцыг дулаалж, хийн болон цахилгаан халаагуурын системд шилжүүлэх ажлыг зургаадугаар сараас эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын 1-нээс ногоон бүсчлэлд хамрагдсан 51 мянган айл өрхийн гэр байшинг дулаалж эхэлнэ. Дулаалгын ажлыг хийж дууссаны дараа цахилгаан болон хийн халаагуурын системд шилжүүлэх ажлыг есдүгээр сарын 15-наас эхэлнэ. Ийнхүү дулаалсан, шаардлага хангасан айл өрхүүд хийн болон цахилгаан халаагуурт шилжих боломж бүрдэнэ” гэв.