УИХ-ын Төвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт бүхий ажлын хэсгийн хурал болж байна. 

Энэ үеэр тус албан татварыг нэмэхтэй холбоотой хэлэлцүүлэгт хоёрхон хүн цахимаар оролцож, дэмжихгүй гэсэн санал өгсөн талаар асуудал яригдлаа.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Нийслэлийнхэн одоо боль. Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварыг өсгөсөн нь улсын төсөвт ороогүй. Энэ бол 100 хувь та нарын асуудал. Хууль тогтоомж хэрэгжүүлэх явцад алдаа гаргасан үгүйг асууж байна. Сонсгол хийсэн, хоёр иргэн орсон гэж байна. Хоёр иргэн чинь нийслэлд буй нэг сая хүнийг төлөөлж чадах уу. 700 мянган автотээврийн хэрэгслийн татвар төлөгчийг хоёрхон иргэн төлөөлж чадах уу. Энэ хүмүүсээс хэд нь санал асуулгад орж байж төлөөлж чадах вэ. Хэдэн хүн санал асуулга харсан болоод хоёрхон иргэн орсон бэ.

2024 оны дөрөвдүгээр сард төсөвтэй холбоотой санал асуулга явуулахад оруулсан гэж байгаа. 2024 оны дөрөвдүгээр сард сонгууль болох гэж байсан.

НЗДТГ-ын хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын дарга М.Үнэнбат: Аливаа захиргааны хэм хэмжээний актыг гаргахын тулд гол харгалздаг зүйл нь эрх олгогдсон зохицуулалт байна уу гэдгийг харах ёстой. Үндсэн хуульд заасны дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд татвар тогтоох эрхтэй. 

Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэм хэмжээний актыг гаргахад сонирхлын зөрчилтэй хүмүүсийн хэлэлцүүлэг зохион байгуулах ёстой. 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Хүүхдийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж, есөн дүүргийн 240 иргэн хамрагдсан. Энэ үеэр нийслэлийн төсөв хэрхэн бүтэх, юу юу нөлөөлөх талаар тодорхой ярьсан. 

Цахимаар байршуулан санал авахад хоёр иргэн саналаа ирүүлсэн. Бид цахимаар асуудлыг нээлттэй байршуулаад хоёр иргэн байна, 200 иргэн ирсэнгүй гэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Хамгийн гол нь хэлэлцүүлэг зохион байгуулахад 240 иргэн ирсэн. Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татвар нэмэх асуудлыг 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нд баталсан. Ингэхдээ 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд хийсэн хэлэлцүүлгийг баримталсан. Процессын алдаа гараагүй. 

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн хэлэлцүүлэг чинь төсөвтэй холбоотой байсан юм биш үү. Гэтэл Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварыг нэмсэн тогтоол чинь 2025 оных байна, төсөв батлагдсаны дараа.

Төсөв хэлэлцэж байхад татвар нэмэх тухай юм яваагүй. 2025 оны төсөв ярихад Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татвар дээр ийм хэмжээний орлого нэмэгдэж байна гэсэн зүйл манай дээр орж ирээгүй.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нд дагнасан хэлэлцүүлэг явуулсан гээд байгаа юм уу. Эсвэл нийслэлийн төсөвтэй холбоотой зүйл дунд татвар яригдсан юм уу. Яг татвартай холбоотой асуудлаар дагнасан санал асуулгыг бид яриад байна. Цахимаар авсан хоёр хүн татвар холбоотой асуудлаар, бусад нь төсвийн дунд гэж байна. 

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: 2024 оны 4-6 дугаар сарын санал асуулгад автотээврийн хэрэгслийн татвар ороогүй. Яг тусгайлан цахимаар санал авахад хоёр хүний санал ирсэн. 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн хэлэлцүүлэгт татварын нэмэлтийн асуудал тусгагдсан байсан. Үүнтэй холбоотой иргэдээс санал асуулт ирсэн. 

2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн НИТХ-ын тогтоол дээр авто зам ашигласны татвар нь 100 тэрбумаар, тээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар нь 120 тэрбумаар нэмэгдэхээр танилцуулгад орсон.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварыг нэмэхтэй холбоотой явуулсан бие даасан ганц хэлэлцүүлэгт нь хоёрхон хүн оролцсон юм байна. Цахимаар ганц удаа асуугаад, түүнд нь хоёр хүн оролцсон юм байна. Түүнээс биш 200, 400 хүн оролцсон хэлэлцүүлэг дээр чинь асуудал тусгагдсан байснаас биш дагнасан хэлэлцүүлэг яваагүй юм байна шүү дээ. 

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: Хуулийн төсөлд автотээврийн хэрэгслийн албан татварыг дөрөв дахин нэмэхээр бэлтгэж байсан. 2024 оны арваннэгдүгээр сард хийсэн хэлэлцүүлгийн үр дүнд 15 иргэнээс санал авч тухайн хэмжээг эргэн харж үзээд гурав дахин нэмэгдүүлсэн. 

2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр тусгайлан санал асуулга явуулахад хоёр хүн дэмжихгүй гэсэн. Тэгэхээр тусгайлан хэлэлцүүлэг явсан гэж үзэж байгаа.