Засгийн газар солигдсон учир яам агентлагуудын дарга албан тушаалтан солигдох гэж байна. Томилогдсон сайд өөрсдийнхөө хүнийг тавьж ял ямбаа хуваалцана гэдэг бичигдээгүй дүрэмтэй болоод удаж байгаа. Энэ дагуу шинэ томилгоо хийгдэх гэж төр засгаар бужигнаантай байх шиг байна.

 

Удахгүй яам, газар, агентлагуудын дарга нар шинээр томилогдоно. Төрийн албан тушаал үнэлэгдэж зарагдан, мөнгөө төлсөн хүмүүс төрийн том албан тушаалтан болдог байсан түүх саяхных.

 

Гэвч энэ байдал сүүлийн үед дуулдах нь гайгүй болсон, Энэ нь засаг тогтвортой байснаас ч болсон уу, үнэхээр мерит зарчим нь үйлчилж байдгаас ч болсон уу, ямар ч байсан ийм төрлийн хар сэр намжуу байв. Албан тушаал зарсан үнэ ханш гээд тэнгэрийн тоо ярилцдаг байлаа. Гаалийн байгууллагад нэг хөлтэй боомтын даргын ханш тэрбум төгрөг байдаг гэж захын шар сайтаас унших боломжтой. Гэтэл саяхнаас шинэ засаг байгуулагдахтай хамт агентлагуудын даргад ханш тогтоон зарж байх шиг байна гэсэн цуу яриа тамхины цэгүүдээр дамжих боллоо.

 

"Коммунизмын ҳий үзэгдэл Европ даяар тэнүүчилж байна" гэлээ гэгчээр ийм яриа зориудаар тараагаад байгаа юм уу. Үнэхээр ингэж байгаа юу гэдгийг хэн ч тогтоож чадахгүй.

 

Шинэ засгийн нэр төрийг унагах гэсэн хүмүүсийн цуурхал л биз гэж өнөөхөндөө бодоцгоож байх шиг. Гэвч энэ талаар Ерөнхий сайд анхаарал хандуулж байхад гэмгүй мэт.