Ханын материалд 12.6 га газарт 1800 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж эхэллээ
3 цагийн өмнө
Улаанбаатар хотыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчмын 12.6 га газарт 1800 айлын орон сууц барина.
Тухайн байршилд өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон холбогдох албаныхан ажиллалаа. Ханын материал орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 3000 айлын орон сууц барих ажил нийслэлийн 24 мега төсөлд багтсан. Үүнээс эхний ээлжийн 1800 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах хугацааг өнөөдрөөс эхлүүлж байгааг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэллээ. Сонгон шалгаруулалтыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмыг тус тус үндэслэн явуулах бөгөөд төслийн саналыг наймдугаар сарын 7-ны 11:00 цаг хүртэл компаниудаас авахаар боллоо.
Өнөөдрийн байдлаар 1800 айлын төслийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлт 82 хувьтай, дэд бүтцийн ажлуудыг нийслэлээс шийдэж өгсөн. Долоодугаар сардаа багтаад үлдсэн газрыг чөлөөлснөөр газар чөлөөлөлтийг бүрэн дуусгахаар төлөвлөж байгааг “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцууллаа.
Төсөл сонгон шалгаруулалтад оролцох компаниудын хувьд хэн хамгийн өндөр хувьтай үр дүнг санал болгох, санхүү хөрөнгө, барилга барих чадамжаараа өрсөлдөнө. Өмнө нь гэр хорооллыг дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэхдээ газар чөлөөлөлтийг улсаас шийдэж өгөөгүй, дэд бүтцийн асуудал хүндрэлтэй, төсөл сонгон шалгаруулахдаа нэгдүгээрт барилга барих тусгай зөвшөөрлийг шалгуур болгож, бусад хүчин зүйлсэд түрүүнд ач холбогдол өгөөгүй зэрэг шалтгаанаас төсөл удаашрах, зогсох, улмаар иргэд хохирдог тохиолдол цөөнгүй байсан. Улаанбаатар хотоос шинээр хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах төслүүдийн хувьд өөр зохион байгуулалттай. Газар чөлөөлөлт, дэд бүтцийн гол асуудлуудыг шийдэж, зураг төслийг ерөнхий байдлаар гаргасан. Өөрөөр хэлбэл, орон сууцаа барих л үлдсэн. Тиймээс одоо гагцхүү төслийг саадгүй явуулж чадах компаниудыг төсөлд оролцохыг урьж байгаа юм.
Улаанбаатар хотод шинээр хэрэгжүүлж байгаа орон сууцны төслүүдийн хувьд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг цогц байдлаар орон сууцжуулах “20 минутын хот” төлөвлөлттэй уялдсан орчин үеийн хороолол болно.
Энэ талаар “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Ханын материалын 1800 айлын орон сууцжуулах төслийн зураг төслийг хүнийг хамгийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн байдлаар нарийн боловсруулж, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, кино театр, үзвэр үйлчилгээний төвүүд, оффисын барилга зэргийг цогцоор нь шийдэж өгсөн. Энэ төслийн хувьд гурвалжин хэлбэртэй, гурвалжны үзүүр хэсэгтээ орчин үеийн хийцлэлтэй оффисын барилгыг төлөвлөсөн. Барилга хамгийн өндөр нь 12 давхар, доош шаталсан хэлбэрээр 9 болон 7 давхар барилгууд мөн байгаа. Орон сууцныхаа голд ногоон байгууламж бүхий тоглоомын талбайг шийдсэн. Улаанбаатар хотдоо жишиг болохуйц төлөвлөлттэй шинэ орон сууцны хороолол босно. Энэ ерөнхий төлөвлөлтүүд дээр сонгон шалгаруулалтад шалгарсан компани өөрөө хөгжүүлэлт хийгээд явах боломжтой” гэсэн юм.
Улаанбаатар хотод өмнө нь 2013-2023 онд буюу 10 жилийн хугацаанд 3200 нэгж талбарыг чөлөөлж байсан бол сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд 2584 нэгж талбарт газрыг чөлөөлж, түүхэндээ байгаагүй газар чөлөөлөлт, орон сууцжуулах ажлыг эхлүүлээд байна.
Зочин · 3 цагийн өмнө
XALYYTSI ANUSDI BOOW DOLOOJ ZYGAATSI80955877
Зочин · 3 цагийн өмнө
SEXSDI LYYTSI BOOB XXI VANXANDI JARGALTSI80955877