Сүүлийн хэдэн жилийн туршид загварын хамгийн том наадам болох “Гоёл”-ын нүүр царай, өнгө төрхийг тодорхойлогчдын нэг болсон мисс, модель Х.Бадамгэрэлийг саяхан АНУ-ын загварын томоохон агентлагаас хамтран ажиллах урилга авч, мөн олон орны загварын томоохон сэтгүүлд Монголоос анх удаа гарсаныг уншигчид маань төдийлөн мэдэж амжаагүй болов уу. 
Энэ хорвоогийн жаргал болсон эх хүний баяр, гунигийг мэдэрсэн тэрээр сар гаруйн дараа өмнөх төрхөөрөө тайзнаа эргэн гарч бусдыг алмайруулсан. Мөн том гэдэстэй байхдаа өөрийн гэсэн загварын агентлагаа нээхээр Нарантуул захаар хүртэл уйгагүй явж байж зорилгоо биелүүлжээ. 
Хүмүүнлэгийн ухааны их сургууль, МУИС-д өдөр, оройн ангид зэрэг суралцаж төгссөн, дэлхийн томоохон дөрвөн тэмцээний нэг болох Мисс интернэйшнл наадамд Монголоо төлөөлөн оролцсон хөдөлмөрч нэгэн гэгддэг Х.Бадамгэрэлийн бусдад төдийлөн дэлгээгүй сонин сайхан болоод сүүлийн үеийн сонин хачнаас энэ дугаартаа урьж ярилцлаа. 


- Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед ямар сонин сайхантай байна вэ?
-Сайн байна уу? Сүүлийн үед загварын ажил л их байх шив дээ.

- “Андра модель” хэмээх өөрөөрөө овоглох загварын агентлагаа нээсэн шүү дээ. Хэд дэх төгсөлтөө хийж байна. Амжилттай байгаа гэж сонссон.
- Сүүлийн үед элсэгч нар маш их байгаа. Нэг ангидаа 10-15 хүүхэдтэй. 2-3 анги зэрэг хичээллэж байна. Хүмүүс ч зөв алхаатай, нуруу тэгш гээд бүхий л зүйлдээ их анхаардаг болсон. Энэ дагуу зөвхөн модель биш 25-аас дээш насныханд зориулсан анги нээвэл зүгээр гэсэн бодол байгаа. Ер нь манай агентлагийн Andra model management гэсэн фэйсбүүк дэх хуудсаар ч гэсэн маш олон эмэгтэйчүүд, танилууд маань, төрсөн бүсгүйчүүд, өөртөө итгэх итгэлийг нэмэхийг хүссэн гээд маш олон эмэгтэйчүүд хандаж, энэ талаар асууж, лавлаж санал тавьдаг. Яаж биеийн гальбираа хадгалах вэ, яаж сайхан алхаа гишгээтэй болох вэ гээд бүсгүйчүүдэд олон асуулт байдаг. Тэр бүхний хариулт болгоод бид нар ер нь 25-аас дээш насны эмэгтэйчүүдэд зориулсан 10-15 хүнтэй анги нээх бодол байна. Ер нь бол цөөхөн хүн байх тусмаа сайн. Яагаад гэвэл хүн нэг бүртэй тулж ажиллаж, үр дүнтэй байхын тулд цөөн элсэгч авбал сайн байдаг. Одоо бол ярилцаад, судалж байна.

- Ер нь загварын агентлагууд олон байна. Байдаг гэдгийг сонсдог ч үнэ ханшийн хувьд мэдээлэл бас тааруухан байдаг шүү дээ. Энэ талаар сонирхуулж болох уу? 
- Бидний хувьд 12-оос дээш насныханд нээлттэй. 12 настнууд гэдэг бол лекц уншаад, төрөл бүрийн танилцуулга хийхэд тэр хүүхэд ойлгох хэмжээний нас гэсэн үг. Тэр утгаар нь бид 12-оос дээш насны хүүхдүүдийг урьдаг. Ер нь хүүхэд гэлтгүй та гуч эсвэл дөчин настай ч байж болно. Хамгийн гол нь ахиад өөрийгөө хэн болгомоор байна, тэр адилхан болмоор байгаа хүнд чинь дөхүүлэхийн тулд бидний зүгээс тодорхой зүйлээр бэлтгэл хийлгээд, урамшуулаад нээлттэй ажиллахыг хүсдэг. Энэ үүднээсээ залуус манай агентлагт их хандаж байгаа болов уу гэж бодож байна. Төлбөрийн хувьд анхан, гүнзгий гэсэн хоёр шаттай. Анхан шат нь 180 мянга, гүнзгий шат нь 200 мянган төгрөг. 

Энэ бүхний дараа үнэхээр модель болох сонирхолтой, кинонд тоглох сонирхолтой хүүхдүүдийг моделийн бэлтгэл курст явуулдаг. Тэр шатандаа 80 мянган төгрөгөөр суралцах боломжтой. Гэх мэтчилэн үе шатууддаа суралцсаар бэлтгэгдэж буй загвар өмсөгч, бэлтгэгдэж буй бүжгийн эвсэлтэй хүн болно. Гоо зүйн мэдлэг олж авах, төлөвшиж гарах нь манай агентлагийн гол давуу чанар. Бид харилцааны соёл, төлөвшил, бусадтай харилцах байдлыг алхаа гишгээ гэхээсээ илүү зааж сургадаг. Миний хувьд агентлагийнхаа зөвлөх багшаар ажилладаг. Алхааны багш нарын хувьд тусдаа миний бэлдсэн хоёр шавь байдаг. Мөн харилцааны соёл, бүжгийн багш, хөдөлгөөний уран чадвар, жүжиглэх ур чадварын гэхчлэн бүгд өөр өөр багштай. 7-8 төрлийн хичээл нийлээд 3-4 багштай. Сонирхож байгаа залуус байвал Andra model management гээд фэйсбүүкийн хуудсаар бидэнтэй холбогдож болно. 

- Төгсгөсөн шавь нараас миссийн тэмцээнүүд болоод загварын салбарт амжилт үзүүлж эхэлсэн үү? 
- Хуучин “Азийн модель” агентлагт ажилладаг байхад миний шавь нараар төгссөн хүүхдүүд одоо маш их амжилттай яваа. Балжидмаа, Билгүүнзаяа гээд байна. Балжидмаа болохоор модель талаасаа маш өвөрмөц царай төрхтэй, өсөх ирээдүйтэй шинэ залуу модель гэж үнэлэгдэж байгаа. Билгүүнзаяагийн хувьд миссүүдийн залгамж халаа болж чадахуйц гайхалтай сайхан охин. Түүний араас модель Халиунаа байна. Мисс модель Уянгаа гээд охин бий. Сүүлд манай агентлагаас маш олон охид тэмцээнд төлөөлж оролцоод дандаа л эхний арван байрт багтаж, Монгол гэсэн нэрийг олон улсад гаргаж яваад маш их баяртай байгаа. 

- Өөрөө загвар өмсөгч байх, өөрөөрөө овоглосон хүмүүсийн багш байх хоёрын хоорондын ялгааг ямар байдлаар харж байна?
- Асар их ялгаатай. Багш байна гэдэг бол асар том үүрэг хариуцлага. Зүгээр нэг загвар өмсөгч байна гэдэг бол зөвхөн өөрөө өөрийгөө л хариуцна. Хүн сургадаг байна гэдэг нь олон хүүхдүүдийн сэтгэл зүйд нөлөөлөх, олон хүүхдүүдийн сэтгэл зүйн зөв тал руу нь эргүүлэх, тэр хүүхдүүдэд урам зориг өгч, зорилгыг нь бадраах гэдгээс эхлээд маш их зүйл бодогддог. Сэтгэлийн тэвчээр, хатуужил хэрэгтэй. Маш олон сөрөг зүйл бас гарч ирдэг. Тэр бүхэнд ач холбогдол өгч, тэр бүрийг гуньж гутарч хүлээж аваад байвал ажил маань бүтэхгүй. Миний өсч төрсөн нөхцөл байдал маань зарчимч, хатуу байсан учраас өнөөдөр байгаа байр суурийг маань бүрдүүлэхэд миний зан чанар нөлөөлсөн байх. 

- Хатуу орчин гэхээр яалт ч үгүй гэр бүлийн талаар асуумаар санагдаж байна л даа. Олон хүүтэй айлын ганц охин гэж сонссон. Олон эрчүүдийн дунд байх нь чамайг тийм хатуу чанга, зарчимч болгосон хэрэг үү?
- Би айлын том охин. Гурван эрэгтэй дүүтэй. Сайн дүү нар. Өндөр өндөр залуучууд болчихоод намайг эгчээ гэж хүндэлж дууддаг. Гэтэл хүмүүс ойролцоо настай бол “чи” гээд л харьцдаг юм байна лээ. Миний дүү нарын хүндлэл, ах зах, гэр бүл гэдэг ойлголт бол маш чухал. Аав, ээж, өвөө эмээ маань гэр бүл гэдэг ойлголтыг багаас маань бидэнд маш сайн суулгаж өгсөн учраас бид нар хүндлэлтэй харилцдаг. Би дүү нарынхаа төлөө маш их зүйлийг хийнэ гэж боддог. Өдий хүртэл хийж яваа ч зүйлс байгаа. Тэрийг дүү нар маань мэдрээд, эргээд миний болон аав ээжийнхээ ачийг хариулаад гэр бүлийн маш гоё уур амьсгалыг бүрдүүлж чаддаг. Гэр бүлээрээ суугаад, бужигналдаад бөөндөө байхад би маш дуртай. Одоо том болцгоосон болохоор гэртээ байх хугацаа нь цөөхөн. Ээжийгээ бодохоор, бага дүүгээ бодохоор тодорхой хугацааг заавал гэртээ зарцуулна гээд төлөвлөчихсөн, товлочихсон байдаг. Гэр бүлийн уур амьсгал бол зарчимч, гэхдээ хайр нь дотроо, хал нь дотроо. Бид хайрыг дотроо ч гаднаа ч бие биедээ үзүүлдэг. Би тэр болгоныг байнга л гэр бүлээсээ мэдэрдэг. 

- Дээрээ ахтай, хоёр эрэгтэй дүүтэй юм болов уу гэж харж байсан юм.
- Хүн болгон дүүг маань тэгж хардаг. Найз залуу маань гээд бичиж байсан ч тохиолдол бий. /инээв/

- Загварын ертөнцөд хөл тавихад тань хэн нөлөөлөв?
- Анх 2004 оны үед энэ салбарт хөл тавьсан. Эрдэнээ гэдэг найз охин маань энэ салбарт ороход нөлөөлсөн. Миний багын найз л даа. Бид хоёр хамтдаа Халиунаа багшийн шинэ нээсэн дамжаанд суралцаад, тухай үед багш маань “Шилмэл загвар” агентлагийн модель байсан учраас багшийгаа дагаад тус агентлагийн модель болсон. “Шилмэл загвар” миний уяа сойлгыг их сайн тааруулж өгсөн газар гэж хэлж болно. 

- Загварын салбарт хөл тавиад хэдийн 10 жил болжээ. 2009 оны Монголын мисс болсныхоо дараа “Гоёл-2010” наадмаар оны шилдэг загвар өмсөгч болж байсан. Тэр үед П.Уранбилэг топоор шалгарч байсныг санаж байна. Чамайг хүмүүс тэр жил топ болно гэсэн хүлээлт байсан. 
- Хүмүүсийн таамаглал ч юм уу, сүүлийн 3-4 жил яг ийм яриа явж байна. 2010 оны хувьд бол топын төлөө бодол надад байгаагүй. Би тэр үед маш түүхий байсан. Тэр үед тийм том бодол төрөөгүй. Аливаа зүйл дэс дараатай гэдгийг би маш сайн мэднэ. Бүх зүйл эрэмб дарааллаараа л явах ёстой. Би нэгэнт хийж бүтээж, хөдөлмөрлөж л байгаа юм чинь хэзээ нэгэн цагт хүмүүс миний хөдөлмөрийг үнэлэх байх гэж боддог. Сүүлийн хэдэн жил топ болно гэсэн хүмүүсийн таамаг дунд миний нэр байнга л яваад байгаад би бас битүүхэндээ баяртай л байгаа. Тэр хэмжээгээр хүмүүс хүлээж авдаг, ойлгодог байж магадгүй. Ингэж яригдах боломжийг олгож байгаа хүмүүстээ маш их баярлаж байна. 

- Моделиуд олон жил загвар өмсөөд ирэхээрээ салбарынхаа дээд шагнал болох ТОП модель болоход бие сэтгэлээ бэлддэг гэж сонсож байсан. ТОП болох хүлээлт чамд бий юу?
- Хүлээлт бол мэдээж байгаа. Гэхдээ яг сайн хэлж мэдэхгүй байна л даа. Тухайн үеийн шалгуур, тухайн жилдээ хэн байхав гээд ерөнхийдөө бүтэн жилийн турш яриад, тодорхойлогддог. Энэ жил Гоёл наадамдаа дахиад л оролцоно. Юу болохыг сайн мэдэхгүй байгаа ч гэсэн мэдээж хүлээлт бол байна. ТОП модель гэдэг чинь манай загварын салбарын оргил нь учраас тэр оргилд хүрэхийн тулд мэдээж тэмүүлэлгүй яахав. Гэхдээ шуналтахгүй байна. Цаг хугацаа нь ирэхээр бүх зүйл болдог учраас яараад ч юм уу, эсвэл гомдоод байх зүйл байхгүй.

- Саяхан Америкийн загварын томоохон агентлаг, загварын салбарын томоохон төлөөллүүд Монголд саатахдаа өөрийг чинь онцолж, урилга өгсөн. Жо Лэйнстэй хамтран ажиллах боломж модель болгонд олдохгүй байх. Энэ талаар манай уншигчидтай хуваалцаач…
- Монголын үндэсний дизайнеруудын холбоо “Говь”-ийн шоуг зохион байгуулсан. Дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Одонгэрэл эгч маань моделиуд болоод загварын салбарын төлөө маш их зүйлийг хийдэг хүмүүсийн нэг. Мөн “Говь кашемир” компани Монголдоо номер нэг ноолуурын компани гэдэг утгаараа энэ байгууллагатай хамтарч ажиллаад, голлох буюу онцлох загварыг нь өмсөх боломж олдсон. Тэр маань намайг бусдад харагдах боломжийг бүрдүүлсэн юм болов уу. Тийм болохоор би олдсон боломжоо ашиглахыг хичээнэ. Би төрсөн. Хүү маань одоо харьцангуй гараас гарчихлаа. Найман сар хүрлээ. Манайх гэр бүл олуулаа учраас ах дүү, эмээ өвөө гээд бүх хүмүүст дасчихсан. 
Ажлаа хийхэд асуудал гардаггүй. Гэр бүлийнхээ хүчинд би одоо ч өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд, нүүр бардам, сэтгэл тэнүүн алхах боломж гардаг учраас надад олдож байгаа боломжуудыг аль болохоор атгаж авахыг хичээнэ. Ийш тийшээ явах боломжууд бас гарч байгаа учраас болох нэгэнд нь хүүгээ авч яваад, болохгүй нэгэнд нь орхиж явах шаардлага гарах байх. Мэдээж залуу хүн юм чинь бодсон зүйл олон байна.

- Гаднаас тавьж байгаа саналуудын шаардлага, шалгуур нь ямар байна вэ?
- Моделийнхоо хувьд бол хүүхэд гаргасан ч юм уу бусад зүйл бол хамаагүй. Тухайн модель өөрийнх нь харагдах байдал, биеэ хэрхэн авч явж байна, боловсрол, хэлний мэдлэг зэргээс харж байгаад л агентлагууд моделиудаа сонгож, бэлдээд явдаг юм билээ. Хэлний хувьд бол надад асуудал гарахгүй байх. Тэр үүднээс нь Jo Lance надтай ярилцаж байхдаа тэр зүйлийг дүгнэж бодсон байх л даа. Jo Lance гэдэг хүн бол Америкийн “Next top Model” тэмцээний шүүгч, алдартай гэрэл зурагчин, Мексикийн алдартай загварын салбарын акулуудын нэг. Тэр хүн намайг тодорхой хэмжээд үнэлсэн. Тэр үнэлгээ нь бас дэлхийн томоохон сэтгүүлүүд дээр гарах боломжийг надад олгож байна. Саяхан Пуэрто Рикогийн сэтгүүлийн нүүрэнд миний зураг гарсан байна лээ. Дахин томоохон сэтгүүлүүд дээр гарна гэсэн сайхан мэдээ саяхан надад ирсэн. Гарахыг нь хүлээгээд л догдлоод л байж байна даа. 

- Монголын моделиуд дэлхийд гарч байгаагийн нэг жишээ энэ юм болов уу гэж бодогдлоо шүү! 
- Ер нь манай моделиуд гайхалтай шүү дээ. Төгс, Нора гээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд, дэлхийн тайзан дээр хүмүүсийг алга ташуулан алхдаг моделиуд Монголд зөндөө бий. Миний хувьд бол мисс. Тэгсэн хирнээ моделийн ажлыг хийдэг. Миссүүдийн хувьд бол хамгийн анх удаа өөр орны сэтгүүлийн нүүр хавтсыг чимж, тухайн оронд Монгол гэдэг нэрийг таниулах боломж олдож, миний дүр төрх тэнд байна гэдэг надад бол маш бахархалтай санагдаж байгаа. 

- Түрүүн хүүгийнхээ талаар цухас ярилаа. Өнгөрсөн оны аравдугаар сард төрсөн. Ээж болсон мэдрэмжээсээ хуваалцаач... 
- Мэдээж сайхан. Төрсний дараах хямрал гэдэг зүйл жаахан хэцүү юм билээ. Нөхөр рүүгээ орилж хашгираад, уурлаагүй ч гэсэн ажилдаа түүртэх ч юм уу, хүмүүсийн ярьж байгаа зүйлд эмзэглэх үе зөндөө байсан. Яг төрсний дараа хүмүүсийн сайн, эсвэл сөрөг хандлагууд өөр өөр байдлаар мэдрэгддэг юм байна лээ. Өмнө нь тэр болгонд маш зоригтой хариулт өгөөд л явдаг байсан бол одоо өөрийгөө эх хүн гэж бодоод л зарим юманд маш тайван болчихдог юм байна лээ. Гэхдээ төрсний дараах гурван сарын хугацаанд юмыг давж туулах бол үнэхээр хэцүү юм билээ. Намайг зөндөө олон янзаар хэлээд л, доромжлоод л есөн шид болсон. Тэр бүхэнд миний хажууд гэр бүл маань, хань ижил маань байсан болохоор харьцангуй тайван өнгөрсөн. Манай нөхөр их тайван дөлгөөхөн болохоор алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр би бас адилхан тайван, зөөлөн болчихсон. Урьд нь бол би асаад л байдаг байсан. Одоо бол өөрчлөгдсөн… 

- Хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл санаанаас гадна бие махбодийн өөрчлөлт маш хэцүү. Олон төрсөн эмэгтэйчүүд жин нэмдэг, таргалдаг. Харин чи өөр байлаа. Бараг л хүүхэд өргөөд авчихсан юм уу гэмээр. Төрөөд удаа ч үгүй загвар өмссөн. Жингээ яаж барив? Нууц биш бол төрсөн ээжүүдэд сонирхуулаач.
- Төрсний дараа хоёр дахь хоногоосоо эхлээд л ээжийнхээ зөвлөснөөр шууд даруулга зүүсэн. Тэр үедээ л маш бариу санагдаж байсан. Тэр даруулгатайгаа би бүтэн сар болсон. Ерөөсөө аваагүй. Авах шаардлага гарвал би нойтон алчуураар гэдсээ арчаад мэдрэмж авах зорилгоор түр авчихаад л буцаагаад зүүчихдэг байсан. Авахдаа 5-10 минут л гэдсээ амраагаад бусад үед нь өдөр шөнөгүй зүүж байсан. Тэрний ачаар гэдэс маань маш хурдан агшсан. Тэр бол дөрвөн хүүхэд гаргасан ээжийн минь туршлага. Ээж маань одоо сайхнаараа байгаагийн гол нууц л юм байна лээ. Төрсний дараа угаасаа биеэ зөв арчлах нь чухал байдаг байх. Ээжийнхээ туршлагын дагуу л би бүх зүйлийг хийсэн. Түүний ачаар сар хагасын дараа “Гоёл” наадмын тайзан дээр гарах боломжтой болсон. 

Ээж маань тусалсан. Дээрээс нь миний хань, хадам ээж, аав гээд бүх л хүмүүс намайг маш сайн дэмжээд л би “Гоёл” наадамдаа орсон. Том наадмын тайзан дээр гарна гэдэг утгаараа олон талаараа хичээсэн. Өөрийгөө голчих гээд л, харин хүмүүс маш их урам өгч байсан. Бас төрснийхөө дараа дасгал хийж байлаа. Хүнд биш хөнгөн дасгал, гэдэсний таталт гэх мэтээр хийж байсан. Хүүгээ өргөхдөө дасгал хийгээд, ер нь тогтмол биш санахаараа л бага зэргийн бие халаалт маягаар хийгээд байсан. Тэр маань нөлөөлсөн байх. Хоол сойгоогүй. Мэдээж хөхүүл хүүхэдтэй хүн хоол сойно гэдэг бол тэнэг асуудал. Хүүхдээ өлсгөнө гэдэг муу ээжийн шинж чанар байх гэж бодож байна. 

- Одоо хөхүүлж байгаа юу?
- Одоо бол хөхүүлэхгүй байгаа. Хүүхэд маань бор хоолонд ороод, долоон сар хагастай болоод хөхнөөсөө гарсан. Миний ажлын ачааллаас ч болоод тэр юм уу сүүлдээ сүү маань эрс татарсан. 

- Нэг ярилцлагыг чинь уншиж байсан юм. Олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг юм шиг байсан. Төлөвлөгөө гаргаж амжсан уу?
- Тийм ээ. Бие дийлдэг бол олон л хүүхэдтэй болмоор байна. Би нэг ярилцлагадаа 4-5 хүүхэдтэй болмоор байна гэж яриад ээждээ аймаар загнуулсан. Хүүхдийг тэгж төлөвлөж, амьдралыг тэгж төлөвлөж болохгүй, ахиж тэгж ярьж болохгүй гэж ээждээ загнуулсан. Тэр бол надад том сануулга байсан. Би угаасаа олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Олон хүүхэд чинь нэг нэгэндээ ханьтай, нэмэртэй, дэмтэй байдаг учраас л тэгж боддог. Би өөрөө ч тийм. Миний гурван сайхан эрэгтэй дүү “Шадар гурван цэрэг” шиг л эгчийгээ алган дээрээ бөмбөрүүлдэг. Би ч дүү нартаа хангалттай сайн эрхэлдэг. Олуулаа гэр бүл л бие биедээ сайхан дэмтэй. Тэртээ тэргүй эцэг, эх мөнх биш учраас хүүхдүүддээ өвлүүлж үлдээх зүйл бол хүн, тиймээс хүнийг нь өвлүүлж үлдээх ёстой юм болов уу гэж боддог.

- Таны хань дуучин Бэки, 10-аад жилийн өмнө “Funk beat” хамтлагт байсан, дараа нь ганцаараа уран бүтээл туурвидаг болсон гэдгийг хүмүүс мэдэх байх. Ханийнхаа ямар дуунд нь илүү дуртай вэ? Сүүлийн үед яагаад уран бүтээл хийхгүй байгаа юм бол?
- Манай хүний хувьд дуулах нь хобби. Урлагийн сургуульд дуучны мэргэжлээр суралцаж төгсөөгүй. Өөрийнх нь хоббиг хүмүүс өндрөөр үнэлдэг. Өөрөө төрөлхийн цээл хоолойтой, маш их авьяастай. Би ханийнхаа тэр талаар их бахархдаг шүү. Удахгүй шинэ уран бүтээлдээ орох гэж байгаа. Уран бүтээлийнх нь эхлэл тавигдчихсан. Бид хоёр клипэндээ ямар хүн тоглуулахав гэхчлэнгээр ярилцаад эхэлчихсэн байгаа. Удахгүй сонсогчдод нь хүрэх байх. Бэкигийн “Зөвхөн чамайг хайрлая” гэдэг дуу нь надад аягүй гоё санагддаг. “My love” бас гоё дуу. Үерхээгүй, танилцаагүй байхдаа л “Зөвхөн чамайг хайрлая” дууг сонсдог байсан. Дараа нь би тэр дууг дуулсан хүнтэй хамт байдаг гэж бодохоор сайхан сэтгэгдэл төрдөг. Тэр дуу хайртай хүмүүст зориулагдсан, гоё мэдрэмж төрүүлдэг, сэтгэлийн дуу гэж бодогддог. 

- Гэр бүлээс гадна хувь хүнийхээ хувьд Х.Бадамгэрэл багагүй хөдөлмөрч байх. Хоёр ч сургуульд зэрэг суралцаж байсан. Дээр нь 2004 оныхон гэхээр танай үеийн загвар өмсөгчдөөс энэ салбартаа үнэнчээр одоо хүртэл зүтгэж байгаа нь цөөхөн. Бас өөрийн гэсэн агентлаг болсон нь ховорхон шүү дээ.
- Саяхан бас магистраа хамгаалах гээд нэг хэсэг завгүй байсан. Батлан хамгаалахын их сургуулийн Төрийн захиргаа менежментийн магистрын дипломыг хамгаалсан. Удахгүй дипломоо гардаж авна. Нээрээ л таны хэлсэнчлэн миний үеийн моделиудаас цөөхөн хүмүүс үлдсэн. Энэ бол олон зүйлийг илэрхийлж байгаа байх. Тухайн хүнээсээ, орчноосоо гээд олон зүйл нөлөөлж байгаа. Хүн хүнээсээ л болсон байх. 

- Гол нь тэвчээр гэж ойлгож болох уу?
- Ер нь бол гол нь “тэвчээр”. Одоо бол хэрийн юмыг тоохоо больчихсон. Хүмүүсийн “чи яаж тэвчиж байна аа” гэдэг зүйл дээрээ би “зүгээрээ” гээд л өнгөрдөг болчихсон. Энэ бол салбарын маань онцлог. Дээр нь гэр бүлийн хүмүүжил, ээж болсных байх. 

- Таныг МАН-д элссэн тухай нэг мэдээлэл сонсогдоод байсан. Ирээдүйд ер нь улс төрд орох бодол байгаа юм уу?
- Магадгүй шүү дээ. Улс төрд орохыг үгүйсгэхгүй. Харин ямар нэгэн намын харьяа биш. Ер нь аль ч намд элсээгүй байгаа шүү. 

- Загварын салбарт удсан хүн ямар хүмүүжил, төлөвшлийг олж авдаг вэ? 
- Сүүлийн үед төрж гарч буй моделиудын заримд нь би маш их шүүмжлэлтэй ханддаг. Тэр бол багш нараас нь шалтгаалж байгаа байх л даа. Миний хувьд шавь нараа дэс дараалал гэдгийг мэддэг байгаасай, ах захаа хүндэлдэг, мэндэлдэг, хүнд уучлаарай гэж хэлж чаддаг байгаасай гэж хүсдэг. Тэрнийхээ дагуу хичээлээ заадаг. Одоо байгаа шавь нар миний шалгуурт нийцээд, чадна гэж бодсон хүүхдүүдээ би дагуулж яваад, өөртэйгээ хамт шоунд оруулан зааж сургадаг. Шинэ моделиудад дутагдалтай зүйл маш их байдаг. Ер нь бол хэн нэгнийг шүүмжилж байгаа гэдэг утгаар нь биш хүн өөрөө хүн байхын тулд, загвар өмсөгч гэдэг мэргэжлийг хүмүүст зөвөөр ойлгуулахын тулд өөрийнх нь үүрэг оролцоо их учраас хүнтэй зөв харьцдаг, биеэ зөв авч явдаг байгаасай л гэж хүсдэг.     

Ер нь модель хүн асар их тэвчээртэй байх ёстой. Тайзны ард өсгийтэй гутал дээр 6-7 цаг тасралтгүй зогсож чаддаг тийм л тэвчээртэй байх ёстой. Сүүлийн үед тийм зүйл цөөхөн болсон байна лээ. Тэрэнд жаахан харамсдаг. Би бол тэр хүний багш биш. Зүгээр л хөндлөнгөөс харж байгаа модель учраас тэр хүмүүсийг шүүмжлээд хэлээд байх хэцүү. Харин ярилцгаараа дамжуулаад, эсвэл миний яриаг хэн нэг нь уншиж байвал багахаан дүгнэлт хийгээд бодоод авчихвал илүүдэхгүй болов уу гэсэн үүднээс хэлж байна. Энэ бүхэн цаашдынх нь ирээдүйд нвь эерэгээр нөлөөлнө гэдгийг шинэ залуу моделиуд маань зөвөөр ойлгож, хүлээж аваасай гэж хүсч байна. 

- Нэг удаа нүцгэн зураг, эротик зураг хоёрын талаарх мэдлэгийг маш хүчтэй шүүмжилж байсан удаатай. Нүцгэлэлтийг яаж тайлбарлах вэ? Нүцгэлэх санал ирвэл яаж хүлээж авах вэ?
- Би мөрөө гаргасан, эсвэл цээж ил гаргалаа гэхэд нүцгэлсэн болж таарна. Гуяа гаргасан байвал нүцгэлчихлээ гэх монголчууд маань “нүцгэн” зураг гэдгээ ойлгохгүй шүүмжилдэг. Нүцгэн зураг гэдгийг юу байдаг гэдгийг мэддэггүй, ялгаж салгаж чаддаггүй. Нүцгэн зураг гэдэг бол тухайн хүн өөрийнхөө “нандин” гэсэн бүх зүйлийг дэлгэж харуулсныг хэлнэ. Fasion буюу загварын хагас нүцгэн зураг авахуулах шаардлага загвар өмсөгч хүнд гардаг. Энэ бол тухайн хүний бас чадварыг шалгасан нэг үзүүлэлт. Тэрэн дээр манайхан шүүмжлэл доромжлол хэлэхээсээ өмнө сайн ялгаж, салгадаг байх ёстой. 

Эротик зураг уу, эсвэл загварын уран сайхны зураг уу гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Миний хувьд хүмүүсийн хэлж байгаа шиг нүцгэн зургийг болж авахуулж амжаагүй л байна даа. Гэхдээ би загвар өмсөгч хүн учраас хагас биеэ гаргасан ч юм уу, биеийн гоо сайхныг гаргасан зураг авахуулах боломж гарвал авахуулах л байх. Гэхдээ тэр маань юунд зориулагдсан гэдгээс шалтгаална. Өөртөө үлдээх, эсвэл нөхөртөө бэлэглэх ч гэх юм уу тийм зүйлээс шалтгаална. Нүцгэн болоод эротик зураг хоёр асар том ялгаатай. Эротик зураг бол бэлгийн талаас нь хүнийг өдөөх зорилготой бол нүцгэн зураг нь гоо сайхны болоод сэтгэл зүйн таашаал өгөх зорилготой байдаг. Манайхан аль болох үүнийг сөргөөр хүлээж авдаг. Анхнаасаа загварын салбар Монголд буруугаар ойлгогдоод эхэлчихсэн болохоор хүмүүс тэр талаас нь буруугаар дүгнэх гэж, доромжлох гэж хичээдэг. 

- Нүцгэлэлтээс гадна сүүлийн үед “нууц амраг” гэдэг ойлголт том сэдвүүдийн нэг болжээ. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
- Бусдын амьдралд би ердөө оролцохгүй. Бусад хүмүүс юу хийж, яах нь надад сонин биш. Өөрийн хувьд бол нөхөр бид хоёр бие биедээ асар их итгэдэг. Хүмүүсийг харж байхад нэг нэгнийхээ араас утасдаад л хэдэн цагт ирэхийг нь асуугаад байдаг. Манай гэр бүлд тийм зүйл байдаггүй. Өчигдөр орой л гэхэд би гадагшаа явах гэж байгаа найзыгаа гаргаж өгөөд бараг шөнийн 01 цагт гэртээ ороход нөхөр маань надаас өмнөхөн ирсэн байх жишээтэй. Манай нөхөр над руу яриагүй. Бид хоёр ер нь тийм л байдаг. Юу хийгээд явж байгаагаа бие биедээ хэлчихдэг учраас бүх зүйл ойлгомжтой байдаг. Оройтохоос болж яав ийв гэдэг асуудал огт гардаггүй. Ер нь өөртөө сөрөг зүйл цуглуулах шаардлагагүй гэж би боддог. Тэгээд ч итгэл байгаа нь давуу тал юм даа.

- Сөрөг зүйл гэснээс таныг бухимдуулдаг зүйл юу байдаг вэ? 
- Намайг чадахгүй байх гэж боддог хүн болгонд би чадна гэдэг хариулт барихыг хичээдэг. Би моделийн агентлагаа том гэдэстэй байхдаа эхэлж байсан. Таван сартай том гэдэстэй хүнд шинэ юм эхлүүлнэ гэдэг мэдээж хэцүү. Дотны маань хүмүүс хүртэл намайг чадахгүй гэж бодож байсан. Зарим нь нэг нь өрөвдөж байх жишээтэй. Тиймэрхүү зүйлтэй маш их тулгарсан. Би чадсан. Гэхдээ төрснийхөө дараа эргээд тэр хүмүүстэйгээ уулзахад хандлага нь арай өөр болчихсон байсан. Ер нь бол жирэмсэн хүнийг хүмүүс хайрлахаасаа илүү дээрэлхэх гэж хичээдэг юм шиг санагдсан. Тэр бол маш муухай зан. Хүн болгон л эх хүнээс төрдөг байж жирэмсэн хүнийг тийм байдлаар хүлээж авна гэдэг надад маш муухай санагдсан. 

Жишээлбэл, би агентлагтаа булангийн буйдан хийлгэх гээд зардал хэмнэхийн тулд аль болох хямдхан хийлгэх гээд захаар явж байгаад нэг ахыг олсон. Гэтэл тэр ах намайг хульхидаад, надад худлаа яриад бараг 14 хоног миний ажлыг хойшлуулаад, тохирсон үнээ гэнэт нэмээд нэг л муухай юм болсон. Тэр үед би аймаар бухимдсан. Тэр үед надаас хоёр сар илүү жирэмсэн найз охинтойгоо хамт явсан юм. Хоёр цүдгэр охинтой маш муухай байдлаар харьцаж байсан. Танихгүй хүмүүсийг би тоохгүй ээ. Гэтэл тэр үед миний найзууд, таньдаг байсан хүмүүс надад тэгж хандсан. Тэрэнд гомддоггүй ч гэсэн нэг л сонин. Би гэхдээ хийж байгаа ажил, байгаа байдлаараа, үйлдлээрээ тэдэнд хариу бариад л явна. Зарим нэг нь одоо өөрсдөө хандаад эхэлж байгаа. Тэр үед надад асар муухай авир гаргасных нь энгийн хариултыг бий үйлдлээрээ л барина даа. 

- Тэгвэл юунаас эрч хүч авч, юугаар өөрийгөө цэнэглэдэг вэ? 
- Мэдээж, гэр бүлээсээ эрч хүч авдаг. Одоо бол хүүхдээсээ авч байна. Агентлагийнхаа сурагчдаас, шавь нараас маш их эрч хүч авдаг. Намайг дэмждэг хүмүүсээс надад фэйсбүүк, инстаграммаар дэмжсэн урмын үгс маш их ирдэг. Тэрнээс маш их эрч хүч авдаг. Шүүмжлэлээс ч эерэг зүйлээс ч тэр аль алинаас нь хүн эрч хүч авч чаддаг байх ёстой. Хэрвээ тэгээд сурчихвал хүн юун дээр ч бүдрэхгүй байх гэж боддог. 

- Гудамжаар явахад инээж яваа хүмүүс маш цөөхөн харагддаг юм шиг санагддаг. Та уншигчиддаа инээмсэглэл, эрч хүч бэлэглэх сайхан урмын үгээр ярилцлагаа өндөрлөвөл...
- Нээрээ тийм шүү. Би бүсгүйчүүддээ хандаж хэлмээр байна. Эмэгтэй хүчний хүч чадлыг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн. Би охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийг хүчтэй, тэвчээртэй байгаад баярладаг, бахархдаг. Эмэгтэй хүн бол дахин давтагдашгүй бөгөөд энэ хорвоо дээр дахин хүмүүсийг бүтээж чаддаг гайхамшигтай. Тийм болохоор эмэгтэйчүүд маань үргэлж бусдад хайрыг түгээж, гоё инээмсэглэж, сайхан эрч хүч хайрлаж яваасай гэж хүсье дээ. 

- Бидэнд цаг гаргаж чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Таны санасан бүхэн биелэг. 
Ярилцсан Г.Тэгшжаргал