Иргэн Д.Мөнх-Эрдэнэ 2025 оны 10 дугаар сарын 28-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байранд зөвшөөрөлгүй нэвтэрч, лайв бичлэг хийж, ажилтнуудын нэр төр, хувь хүний халдашгүй байдал болон байгууллагын хэвийн үйл ажиллагаанд ноцтойгоор халдсан үйлдэл гаргасанд харамсаж байна хэмээн Эрдэнэс Монгол ХХК-ээс мэдэгдэл гаргаад байсан билээ. Тэгвэл мөн тус газрын ажилтан Д.Шүрэнцэцэг өөрийн зүгээс мөн дараах мэдэгдэлийг хийжээ. 

Өчигдөр “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ гэх хүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байранд зөвшөөрөлгүй нэвтэрч, худал хуурмаг мэдээлэл тараан, ажлаа хийж буй хүмүүсийг гүтгэн доромжилж байгаад гарчээ.

Түүний үйлдэл илт улс төрийн захиалгатай, өөрийн үзэл бодлоо худалдан олон нийтийг төөрөгдүүлэх, хагалан бутаргах зорилготой “ажил”-аа хийж байгаа бололтой. Өөрөө боловсрол, мэдлэг дутмаг, амьжиргаагаа буруу аргаар залгуулдаг байж болох ч бусдыг ингэж гутаах нь ёс суртахуунгүй үйлдэл юм.

“Эрдэнэс Монгол”-ыг татан буулгаж, багш, эмч нарыг цалинжуулна гэх мэтээр ярьж байгаа нь бодит үнэнээс хол, үндэслэлгүй мэдээл. Эрдэнэс Монгол нэгдэл Монгол Улсын уул уурхайн салбарын тулгуур хүч - мэргэжилтэн, инженер, техникийн ажилтан зэрэг 18,500 гаруй иргэн ажиллаж, гэр бүлийн амьжиргаагаа хангаж яваа.Тэдгээр хүмүүсийг үл тоомсорлож, нэгдлийн ач холбогдлыг үгүйсгэж болохгүй!!!

Мөн тэрээр намайг “мисс” хэмээн нэрлэж, Гүйцэтгэх захиралтайгаа зугаалж ирсэн гэж гүтгэлээ. “Эрдэнэс Монгол” нэгдэл нь Монгол Улсын уул уурхайн салбарыг төлөөлж, олон улсын хурал, арга хэмжээнд оролцон, хамтын ажиллагаа хөгжүүлэх, төслөө сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилготой ба Гүйцэтгэх захирал С.Наранцогт нь Монгол Улсын уул уурхайн томоохон төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулах чухал үүрэгтэй. Нэгдлийн хүрээнд албан томилолтын бүрэлдэхүүнд багтах ажилтан, мэргэжилтнүүдийг нарийн шалгуураар сонгодог. Энэ нь тухайн орны хөрөнгө оруулагчидтай мэргэжлийн түвшинд харилцах чадвар, боловсрол, туршлага, хэлний мэдлэг зэргийг шаарддаг бөгөөд хэн дуртайг хэн хүссэн нь аваад явдаг “зугаалга” биш.

Миний хувьд удирдлага, албан хаагчидтайгаа ямар нэгэн хувийн харилцаа байхгүй, зөвхөн ажлын хүрээнд ажил үүргээ өгөгдсөн журмын дагуу биелүүлж яваа албан хаагч.

Би Австралийн Вуллонгонгийн их сургуульд Олон улсын бизнес, маркетингийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалан Австралийн Marcus Evans болон CasCap Advisory зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагуудад бизнес хөгжил, маркетингийн чиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан. 10 гаруй жилийн гадаад оронд суралцаж, ажилласан туршлага, ур чадвараа эх орныхоо хөгжилд зориулах чин хүсэлтэй, дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн боловсон хүчин юм.

“Мисс” гэдэг нэршил доор хэн нэгнийг гутаах, эмэгтэй хүнийг үл хүндэтгэх, мөрөөраа ажил үүргээ гүйцэтгэж байгаа нэгний албан тушаалд санаархсандаа улс төрийн золиос болгодгоо хэзээ болих вэ? Ийм худал мэдээлэл гүтгэлэг чинь хувь хүний нэр төр, гэр бүл, сэтгэл санаанд хохирол учруулдгийг ойлгох цаг болсон.

Манай нийгэмд “залуу боловсон хүчин дутмаг” гэж ярьдаг атлаа, эх орондоо ирж ажиллах чин сэтгэлтэй залуусыг ингэж улс төрийн золиос болгож байвал Монгол Улс яаж хөгжих вэ? Улс төрийн ашиг сонирхлоор бус, улс орныхоо хөгжил дэвшлийг бодож, бодит мэдээлэлд тулгуурлан ханддаг байя!

“Эрдэнэс Монгол” нэгдэл бол өндөр боловсролтой, туршлагатай удирдлага, мэргэжилтнүүдтэй байгууллага, миний хувьд ажиллаж буй албан байгууллагаараа бахархаж явдаг.

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ-д хандаж хэлэхэд:

Эрүүгийн хууль 13.8 дугаар зүйлд заасны дагуу -Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс

бичлэг хийж дамжуулах, тараах

- Бусдын нэр төр, алдар хүндэд хандах, худал мэдээлэл тараах гэхчлэн үйл явдалд тань хуулийн хариуцлага хүлээлгэхээ мэдэгдье!!!