Английн "Фүлхэм" багт өгөх 2 тэрбум төгрөгөө Ч.Номин хувиасаа төлчихвөл яасан юм бэ?
2 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Ч.Номин Соёлын Сайдаар ажиллаж байхдаа Их Британийн Премьер лигийн “Фүлхэм” клубтэй гэрээ байгуулж, тус баг нь бэлтгэлийн албан ёсны хувцас, хэрэгсэл дээрээ “Go Mongolia” гэдэг үг байрлуулахаар болсон билээ. Ач холбогдол, үр дүн муутай уг ажилд Ч.Номин 1,360,000 фунт стерлингийн үнийн дүнгээр гэрээ байгуулжээ.
Тус клубийн зүгээс уг нэхэмжлэлд дээрх гэрээний төлбөрийн үлдэгдэл 430 мянган фунт буюу ойролцоогоор 2 тэрбум төгрөг нэхэмжилсэн байна. Харин Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам уг төслийн зарцуулалтыг хянаж, гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй аж.
Иймээс Английн хөлбөмбөгийн "Фүлхэм" клубээс Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн байна.
Ер нь Ч.Номин гэгчийг Соёлын Сайд, Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайдаар ажиллах үед энэ мэт тооцоо судалгаа муутай, бодит үр дүнг нь хэмжих боломжгүй, ач холбогдол багатай олон ажилд улсын төсвийн асар их мөнгийг зарцуулсан байх аж. Их Британийн Премьер лигийн бэлтгэлийн хувцсан дээрх “Go Mongolia” гэдэг бичгийг хараад Монголд ирэх жуулчин нэмэгдэхгүй гэдэг нь хэнд ч илэрхий. Гэрээний хүрээндэ тус багийн үдэшлэгт хүртэл захиалагчийг төлөөлж, хэсэг хүн оролцох заагдсан байсан нь хачирхалтай. Ер нь Ч.Номингийн хийсэн элдэв сурталчилгаа гэх ажлын ард мөнгө угаалт явагдсан байж мэднэ гэх хардлага байдаг.
Монгол Улсад тулгамдсан асуудал асар их байгаа. Английн хөлбөмбөгийн багт өгөх нь бүү хэл цалин, тэтгэврээ ч нэмэх боломжгүй сууна.
Нөгөөтэйгүүр УИХ л лав Английн "Фүлхэм" багт өгөх 2 тэрбум төгрөг өгөөрэй гэж тогтоол, шийдвэр гаргаагүй. Иймээс Английн "Фүлхэм" багт өгөх 2 тэрбум төгрөгийг Ч.Номин хатагтай хувиасаа төлчихвөл яасан юм бэ?
Э.Солонго
sonin.mn






