Энэ сарын 20-ны өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэр, Цагаан давааны ар руу уруудах замд “Howo” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, “Тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэж явсан ААН-ийн жолооч, Дотоодын цэргийн албан хаагч нар нас барсан юм. Энэ талаар бид өмнө нь олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс мэдээлсэн билээ.

Тэгвэл хохирогчийн эгч цахим хуудастаа “Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр... Бусад нь баярлаж, амарч байхад бид зул ширтээд, хагацал дунд сууж байна. Энэ төрд, энэ хариуцлагагүй нийгэмд үнэхээр гомдож байна. ​Миний дүү ердөө л 20 настай, ээжийнхээ өврөөс ч гараагүй шахуу балчирхан амьтан байлаа шүү дээ. Цэргийн албаа нэр төртэй хаагаад, эх орондоо зүтгэнэ гээд улирч үлдээд жил л болж байсан юм. Гэтэл тэр "томчууд", тэр дарга нар яав?

Туршлага муутай, залуухан жолоочтой хамт энэ их цас мөстэй, халтиргаа гулгаатай үед Архангайн айхтар даваа руу, тийм хол газар, тэсрэх бөмбөг тээвэрлэх аюултай даалгаварт явуулчихжээ. ​Мэдсээр байж... Тэр их эрсдлийг мэдсээр байж яагаад туршлагатай хүмүүсээ явуулсангүй вэ?

Яагаад 20-хон настай, амьдрал үзээгүй жаахан дүүг минь ийм аймшигтай эрсдэл рүү түлхчихээд өөрсдөө дулаан хөнжилдөө тайван амарч чадаж байна аа.

Хөөрхий ижий минь ухаан санаа нь орон гаран, "Хүүгийнхээ замыг усан зам татуулчихгүй юмсан" гэсэндээ ламын үгэнд итгэж, энгэр цээжнээ нулимсаа дотогшоо залгиад, унтаж ч чадахгүй зулын гэрэлд бөхөлзөж сууна. Уйлж ч болохгүй, унтаж ч болохгүй энэ их шаналлыг яалтай билээ. ​Бидэнд одоо зураг, зул, маанийн ерөөл гурав л үлдлээ. Энэ хариуцлагагүй байдлын төлөөсийг яагаад дандаа энгийн ард түмэн, ид хийж бүтээх насандаа яваа сайхан залуус амиараа төлөх ёстой гэж. ​Гомдолтой байна. Үнэхээр их гомдож байна" гэв.