Монгол сурагчид Олон Улсын сурлагын амжилтын үнэлгээгээр "муу" үнэлэгджээ. Тодруулбал, 15 настай гурван хүүхдийн хоёр нь унших чадварын суурь түвшинд хүрэхгүй. Мөн хоёр сурагч тутмын нэг нь байгалийн ухаан, математикийн суурь түвшний мэдлэг, чадварыг эзэмшиж чадаагүй гэсэн үр дүн гарсан байна.

PISA судалгаагаар унших чадварын сорилт 5 жил, байгалийн ухааны гүйцэтгэлд 3 жил, математик гүйцэтгэлд 2 жилийн хоцрогдолтой гарсан. Доогуур үнэлэгдсэн нь ойлгох, унших, бичих даалгаварт  муу үнэлэгдсэн хэмээн багш нар онцлон ярив. Монгол хэлний үгийн баялаг муу байгаагаас үүдэн ийнхүү муу үнэлэгдэхэд хүргэсэн аж. Өөрөөр хэлбэл, энгийн ярианы хэлээр ярихаас уран яруу үгээр ярих, бичих мэдлэг нь ихээхэн дутмаг байгаагаас үүджээ.

Мөн уг үнэлгээгээр хот хөдөөгийн боловсролын чанарын ялгаа өндөр гарсан байна. Тухайлбал, Математикийн хичээлийн чадвараар аймгийн төвийн хүүхдүүд Улаанбаатар хотын сурагчдаас 1,5 жил харин сумын сургуулийнх 2,5 жилээр хоцрогдолтой гарсан. Унших болон байгалийн ухааны хичээлийн чадварын хувьд хот, хөдөөгийн хүүхдүүдийн хооронд 3 орчим жилийн хоцрогдолтой үр дүнтэй шалгагджээ.

Ийм хоцрогдолтой байгаа асуудалд хариуцах эзэн байхгүй сургалтын хөтөлбөрт ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй бөгөөд хэрхэн сурагчдын хоцрогдлыг арилгах тал дээр анхаарч байгаа ч хүн алга. Сайд нь нэг л их өвчнөөр сүрдүүлэн сургалтын үйл ажиллагааг нь хааж, боон сурах эрхийг нь боомилсоор?! 

Одоогоор ханиад томууны дэгдэлтийн үе хэмээгээд боловсролын сайд нь ирэх долоо хоногт цахимд шилжин хичээллүүлэх тушаал гаргачихаад суугаа нь үнэхээр харамсалтай. Монголын сурагчид яагаад өчнөөн жилээр хоцрогдолтой гарч байна вэ?П.Наранбаяр сайд аа. Та ажлаа хүлээн аваад дорвитойхон шийдэл энэ тал дээр юу ч гаргасангүй ээ. Цахим хичээл, танхимаар хичээллэх асар их чанарын зөрүүтэй болохыг хэн хүнгүй мэдэрчихсэн. Түүнчлэн эцэг, эхчүүд гэртээ хүүхдийн харахгүй хүн байхгүй улмаас ганцааранг нь үлдээнэ. Үүнээс үүдэн хүүхэд гэмтэж, бэртэх гээд цаана нь олон асуудал, эрсдэл бий болдог. Адаглаад цахим хичээлд нь оруулахад өнөө айл болгонд хэрүүлийн алим болдог гар утсыг ашиглана, барина. Зарим эцэг, эхчүүд ажлаа таслаад хүүхдээ гэртээ харж цахим хичээлийн хийлгэх үү, эсхүл огт оруулахгүй байх уу? сонголттой тулгардаг. Эргээд энэ нь хүүхдэд хичээлийн хоцрогдол бий болгоно.

Таны цахимд шилжүүлэх тушаалыг зарим хувийн сургуулиуд эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна. Тодруулбал, Монголын хувийн сургуулиудын холбооноос эсэргүүцэж, шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад энэ шийдвэр нь ямар нэг урьдчилсан судалгаа, эрсдэлийн үнэлгээ, багш болон эцэг эхийн оролцоотой зөвшилцөлгүйгээр хэт богино хугацаанд хэрэгжүүлэх байдлаар гарсан нь сурагчдын сурч боловсрох үндсэн эрхэд ноцтой халдаж, хууль зөрчиж байна гэв.

Мөн сургуулийн сургалтын хэвийн үйл ажиллагааг доголдуулж, бага насны хүүхдийн цахим хэрэглээг нэмэх эрсдэлтэй бөгөөд хүүхдийн эрхийг хохироосон бодлогын хувьд буруу жишиг тогтоож байгааг онцолжээ.