Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэрийг танилцууллаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Төрийн өмчит компанийг шинэчлэхтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд бараг жил өнгөрлөө. УИХ яаралтай хэлэлцэж баталмаар байна. Мөн төрийн өмчтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэхгүй байна. 

Засгийн газраас Төрийн өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем бий болгох шийдвэр гаргасан. Төрийн өмчит компаниудад 134 их наядын хөрөнгө бүртгэлтэй байна. Тиймээс төрийн өмчийн хөрөнгийг бүртгэж, ямархуу байдлаар актлагдаж борлуулагдаж байгаа болон санхүүгийн тайлан, худалдан авах ажиллагаа зэрэг бүхий л мэдээллийг тус цахим системд ил тод тавина. 

“Эрдэнэт” үйлдвэрт гурван төрлийн хулгай байсан. Тендерийн хулгай, шахааны хулгай байсныг  хиймэл оюун ухаан ашиглаж бараа, ажил үйлчилгээг худалдан авдаг болсноор зогссон. Нэг ёсны бараа материал шахдаг, тендерээр дамжуулж хийдэг байсан шахаа байхгүй болсон. Зэсийн баяжмалын гэрээ хийхдээ агуулга багатай хийгээд өндөр агуулгатай зарж гэрээний хулгай хийдэг байсныг уул уурхайн биржээр дамжуулж зэсийн баяжмалыг борлуулдаг болсноор зогссон. Овоолгын хулгайг удахгүй шийднэ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани дээрх бүх худалдан авалтын гэрээг ил болгосон. Үүнтэй адил сайн жишгүүдийг хоёр, гуравхан компани дээр бус төрийн оролцоотой бүх компани, орон нутгийн оролцоотой үйлдвэр, аж ахуй нэгж, төсөвт байгууллага гээд 7000 орчим нэгж байгууллагыг хамруулсан өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим системийг бий болгох шийдвэрийг гаргалаа.  Тэнд бүх мэдэээллийг ил тод байршуулна.

Төсвийн хөрөнгөөр байгуулагдсан 7000 орчим байгууллага дээр 135 их наяд төгрөгийн хөрөнгө байна. Үүнээс 22 их наяд нь 21 аймаг болон нийслэлийн өмчит, 113 их наяд нь төрийн өмчид бүртгэлтэй.

Төрийн хөрөнгө нь бүртгэлтэй мөртлөө нээлттэй биш байдаг. Тухайлбал, бараа материалыг хэдээр худалдан авсан, ямар үнээр авсан, хэрхэн яаж зарцуулж байгаа, ашиглалтын байдал нь ямархуу байгаа вэ, актлаад яах вэ гэдэг нь нээлттэй биш учраас төрийн өмч эзэнгүйддэг, үгүй хийдэг, үрж шамшигдуулдаг, үнэгүй шахам бусдад  ашиглуулдаг байдал газар авсан. Бүртгэл мэдээллийн нэгдсэн систем бий болсноор төрд байгаа 134 их наядын хөрөнгийн мэдээлэл ил тод болно.

Түүнтэй адилхан төрийн өмчит байгууллага, компанийн санхүүгийн тайлан, худалдан авах ажиллагаа, байр саваа хэнд яаж түрээслүүлж байгаа, хүмүүсийн шаарддаг компанийн засаглал, үйл ажиллагаа, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт, Төлөөлөн удирдах зөвлөлд нь ямар хүмүүс байдаг, ямар шийдвэр гаргасан энэ бүхэн цахим системд ил тод тавигдана. Ингэснээр тухайн компанийн гүйцэтгэлийн үнэлгээнээс эхлээд ямар үр дүн гаргаж байгаа энэ бүх мэдээллийг ил тод авах боломж бүрдэнэ. Ингэх юм бол төрийн өмч дагасан хардлага сэрдлэг, хулгай зэлгийг таслан зогсоож, төрийн өмчид үрэлгэн ханддаг байдал цэгцэрнэ гэж үзэж байна" гэлээ.