Ж.Золжаргал: ХҮН намтай арга барил таарахгүй байгаа учраас гарч байна
37 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрээр: "Түрүүчийн засгийг огцруулах дээр би гарын үсэг зурсан. Тэрнээс хойш нилээд зүйл болсон. Би бол зун аль хэдийн шийдвэрээ гаргасан байсан. Үндсэндээ намынхаа гишүүнчлэлээс татгалзсан. Саяхан УИХ-ын Нүүрсний хянан шалгах түр хороо байгуулахтай холбогдуулж, нам, бүлэг, эвслүүдээс төлөөлөл авах албан бичиг гаргахад би өөрийгөө бие даан нэр дэвшигч гэж бүртгүүлж орсон.
Намаас гарах шалтгаан юу вэ?
Хүнтэй арга барил таарахгүй бол заавал хамт байх шаардлагагүй. Энэ бол бидний амьдарч байгаа чөлөөт нийгэмтэй холбоотой асуудал.
Яагаад гэвэл, би бол цомхон төртэй, цөөн хэдэн яамтай байх бодлогыг дэмждэг. Татварын зохион байгуулалтыг илүү системтэй, хүчтэй байлгах хэрэгтэй гэж үздэг. Гэтэл түрүүчийн засаг цомхон биш, бүр хэтэрхий том засаглал болж, парламенттайгаа нэгдээд нэг том бүтэц мэт болсон нь буруу гэж бодож байна.
Намайг хамгийн их эгдүүцүүлсэн зүйл бол Засгийн газраас Биржийн хуулийг дагаж, бартер маягийн асуудлууд орж ирсэн явдал. Дараа нь ажлын хэсэг гарган судалж эхэлсэн ч бодит байдал дээр газар нутгаа, байгалийн баялгаа бартердах, ашиг сонирхлын шинжтэй зүйл рүү орж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Ер нь цаг нь болсон байна гэж үзээд жагсаал, хөдөлгөөний үеэр би гарын үсгээ зурсан.
Нөгөө талдаа бол: “Засгийн газарт орж байж л намаа бэхжүүлнэ, ажил хийж байж туршлага сууна, хариуцлагатай болж сурна. Энэ бол намын бойжилтын нэг үе шат” гэсэн байр суурьтай хүмүүс бий.
Тэр бол миний арван жил хамт зүтгэж, өсгөж бойжуулсан, амьдралынхаа цагийг зориулсан хамт олон. Гэтэл тэднийг огцор гэж хэлэх нь надад зохимжгүй, утгагүй мэт санагдсан. Гэсэн ч тэдний үндсэн санаа — ингэж явж байж нам бэхжиж, төлөвшиж, улс төрд хүчтэй байр суурь эзэлнэ гэсэн итгэл үнэмшилтэй байна. Би бол тийм замаар явахгүй гэж шийдсэн. Тиймээс нэг нэгэндээ төвөг удаж, аливаа асуудал дээр байнга эсрэг байр суурьтай байхын оронд мөр мөрөө хөөе, та бүхэндээ амжилт хүсье гэж бодоод наймдугаар сард өргөдлөө бичсэн. Одоо бол өөрийн амьдрал, ар гэртээ анхаараад явж байна. " гэлээ.






