УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хуулийн 3.1-д гэрлэлтийг насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх сайн дурын харилцаанд үндэслэнэ гэжээ. Сайн дурын үндсэн дээр гэрлэж байгаа хоёр тэгш эрхтэй байх тухай зохицуулалт байна. Харин 3.2-д жендэрийн эрх тэгш гэдэг үг биччихэж. Жендэрийн бодлого бол улстөрийн бодлого. Гэр бүл дотор улстөрийн бодлого оруулж ирж байгаа юм уу?

Дөрвөн хүү төрүүлбэл дархан бэр гэдэг. Энэ бол Монголын уламжлал. Энэ жендэрийн бодлогоор чинь гэр бүлийн 30 хувь нь эмэгтэй байх ёстой гэж хуульчлах юм уу. Энэ бол онигоо шүү. Гэрлэгчдийн тэгш эрх, хүчирхийллээс ангид байх тухай яриа бол зөв” хэмээн ярилаа.

Түүний дээрх ярианд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Гурван эрэгтэй, гурван эмэгтэй хүүхэдтэй байх ёстой гэсэн томьёолол байхгүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй байх ёстой шүү гэдгийг л томьёолж, тодорхойлж өгсөн байгаа. Үүнийг та ойлгоод аваарай, битгий мушгиж тайлбарлаарай” гэсэн хариултыг өглөө.