Манай улсад баатар болтлоо алдаршсан Батаар хэмээх үлэг гүрвэлийн ясыг ирэх сарын 7-нд Монголын талд албан ёсоор хүлээлгэн өгөхөөр болов.

Эртний олдворын наймаачин Эрик Прокопи гэгч шаггүй эр уг ясыг монголынх гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй баахан төвөг удсан. Жил гаруй гүрийсний эцэст тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сард болсон шүүх хурлын үеэр тарбозавр Батаарыг хууль бусаар хил давуулснаа хүлээсэн билээ. Түүнд шүүх бүрэлдэхүүн эртний үнэт олдворыг хил дамнуулан хууль бусаар худалдаалсан гэх үндэслэлээр 17 жилийн ял төлөвлөсөн юм. Америкийн эрх зүйн тогтолцоогоор сэжигтэнтэй ял наймаалцах үе шат гэж байдаг аж. Хэдийгээр Эрик Прокопи буруутай нь тогтоогдсон ч бусад хамтрагчдаа илчилбэл ялыг нь хөнгөрүүлэх нөхцөл үүсч болдог. Ингэж байж аалзны тор шиг хэрсэн хууль бус наймаачдын сүлжээг илрүүлдэг юм байна. Тэгвэл Эрик Прокопигийн ял наймаалцах хугацаа энэ сард дуусч буй. Эцсийн шатны буюу ял оноох шүүх хурлын тов нь энэ сарын 25- нд болохоор тогтсон. Үүгээр эртний эдлэлийн наймаачин Эрикт хэдэн жилийн ял оноох нь тодорхой болох ёстой. Гэтэл манай хууль хяналтын байгууллага, хариуцсан яам нь одоог хүртэл уг шүүх хурлын талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Үлэг гүрвэлийн ясыг манай улсад шилжүүлэх нь ойлгомжтой болонгуут өнөөх Эрик Прокопигоо таг мартчихсан бололтой. Юутай ч улс, улсын хил дамжсан цуутай тарбозавр Батаар ирэх сард эх орондоо ирэх нь. Хэлхээтэй хэдэн яс авчрах гэж байж юун ч их сүржигнэдэг юм гэж үл ойшоох хүн ч байхад “Энд авчраад хаана байршуулж, хэн арчлах юм” гэж гомдоллох мэргэжилтэн ч байх юм. Гэхдээ л 70 сая жилийн өмнө Монголын говьд амьдарч байсан долоон метр урт, 2.5 метр өндөртөй тарбозавр Батаар бол түүхийн хосгүй үнэт өв гэдгийг судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа. Эрик Прокопи уг үлэг гүрвэлийн ясыг анх “тарнозавр Батаар” гэх нэрээр “Heritage auction” эртний эдлэлийн дуудлага худалдаанд нэг сая ам.доллараар худалдах гэж байхад нь монголчууд мэдсэн.

Тэр дундаа хууль хяналтынхан ч биш Америкт амьдардаг палеонтологич Болороо гэх эмэгтэй зурагтаар дуудлага худалдааны талаар мэдээг сонсоод манай улсаас гаралтай байж магадгүй гэж сэжиглэсэн юм билээ. Түүний хар ч алдаагүй гэдэг нь батлагдсан. Ингээд бүсгүй тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Оюунгэрэлд мэдэгдсэнээр Батаарын яс үндэсний баатар болох эхлэл тавигджээ. Манай хууль хяналтынхан Эрик Прокопиг Монголын талаас ямар хүмүүстэй холбоотой байсныг нь ихэд сонирхож байгаа. Ямартаа ч 2011-2012 оны хооронд тус ясыг хил дамнуулан Америкт авчирсан гэх хардлага байдаг. Ингэхдээ нэгийг ч биш бүр зургаан үлэг гүрвэлийн яс манайхаас авчирсан гэдгээ хүлээсэн. Гэхдээ хэнтэй хамтарч үлэг гүрвэлийн аварга яснуудыг гаалиар нэвтрүүлэв гэдэг нь нууц хэвээр байгаа. Магадгүй үүний цаана зургаагаас ч илүү үлэг гүрвэлийн яс байх ч магадлал бий. Хамгийн сүүлд гэхэд “дахиад нэг үлэг гүрвэлийн яс Англид байгаа” гэж Эрик Прокопи мэдүүлсэн байна лээ. Түүний мэдүүлгийн мөрөөр ССАЖЯ-наас Английн хууль хяналтынханд хандаж уг үлэг гүрвэлийн ясны талаар судалж хариу ирүүлэхийг хүссэн байна. Үнэндээ Америкт амьдардаг монгол бүсгүй тэр өдөр дуудлага худалдааны тухай мэдээг сонсоогүй бол манайхан юу ч мэдэхгүй өнгөрөх байсан биз.

Захын нэг эртний эдлэлийн наймаачин манайхаас зургаа, долоон үлэг гүрвэлийг Англи, Америк уруу гаргачихсан байхад хууль хяналтынхан нүдэн балай чихэн дүлий суусаар л. Зарим нь бүр хэлхээтэй хэдэн ясны төлөө ямар удаан шүүхдэлцдэг юм хэмээн халаглаж байна. Гэтэл Америкийн хууль хяналтынхан энэ төрлийн асуудлыг ойролцоогоор найман жил, хулгайн хэргийг хоёр жил гаруй хянан хэлэлцдэг гэнэ. Тиймээс ч тарбозавр Батаарын хэргийг жил орчим хугацаанд багтаан нэг тийш шийдсэн нь харин ч хурдан байгааг ССАЖ сайд Ц.Оюунгэрэл онцолсон. Тэгэхээр Эрик Прокопиг ял наймаалцах үедээ Монголын талаас гар хөл бологсдоо нэрлэсэн байгаасай гэж хүсэхээс өөр зам алга. Ингэхгүй л бол бид өөрсдөө илрүүлж чадах биш дээ.

Уг нь тарбозавр Батаараа эргүүлээд авчихлаа гэж хөөрөхөөсөө өмнө Эрик Прокопигоос үнэт олдворыг хил дамнуулдаг сүлжээнийх нь талаар хэрэгтэй мэдээлэл салгаад авчихвал Монгол уруу цувдаг хулгайн замыг хааж болох ч юм билүү. Чамлахаар чанга атга гэгчээр гадаадад алдсан үнэт олдвороо ганц нэгээр нь эргүүлэн авч байгаа нь манайх улс уруу шүлсээ гоожуулан гэтэж байгаа ашиг хайчдыг эмээхэд хүргэсэн нь лавтай.

Ц.ТУНГАЛАГ