Ханхүүтэйгээ учиртлаа олон мэлхийг үнсэх хэрэгтэй. Яагаад болохгүй гэж? Үнсэлцэх нь хүний эрүүл мэндэд олон сайн нөлөө үзүүлдэг. Өдөрт ядаж нэг удаа үнсэлцсэнээр эмчид хандах шалтгаан буурна.

1. Үнсэлцэх нь амны хөндийн өвчнөөс сэргийлнэ

Франч үнсэлт амыг угаасантай адил нөлөө үзүүлдэг гэж хэн мэдэх билээ? Үнсэлцэхэд ялгардаг шүлс шүдний пааланг бэхжүүлж, шүдэн дээрх бактерыг устгадаг.

2. Үнсэлт калори шатаадаг

Судлаачдын үзэж байгаагаар 1 минут үнсэлцэхэд 2-5 калори шатаадаг байна.

3. Үнсэлт дархлааны системийг сайжруулдаг

Үнсэлцэх нь ханиаднаас хамгаалах арга болно гэвэл та итгэх үү? Хэрэв та харшилаас болж шаналдаг бол үнсэлцсэнээр харшлын эсрэг үзүүлэх хамгаалалт нэмэгддэг. Арьс болон хамрын харшилтай 60 хүнийг тусгай өрөөнд эхнэр, нөхөртэй нь 30 минут үлдээж, романтик хөгжимд үнсэлцэх цаг олгожээ. Судалгаагаар тэдний харшлын шинж тэмдэг буурсан байна.

4. Үнсэлт нь стрессийг бууруулдаг

Мэдрэмжтэйгээр үнсэлцэх, хүрэлцэх зэрэг нь биднийг тайвшруулж байдаг. Судалгаагаар 52 хүнийг 6 долоо хоногийн турш өдөр бүр эхнэр, нөхөртэйгээ аль болох олон үнсэлцэж байх даалгавар өгчээ. Туршилтын хугацаа дуусах үед тэд хоорондоо илүү ойр дотно болсноос гадна стрессийн үзүүлэлт мэдэгдэхүйц буурсан байжээ.

5. Үнсэлт цусны даралтыг бууруулдаг.

Зүрхний хэмнэл хурдсах аюултай үед үнсэлцэх нь цусны даралтыг бууруулдаг байна.

6. Үнсэлт өвчин намдаадаг

Үнсэлт нь бүхий л сайхан санагдуулах байгалийн бодисыг ялгаруулдаг бөгөөд уг эндорфинууд өвчин намдаах эмээс ч илүү үйлчилгээ үзүүлэх чадвартай байдаг аж.

7. Үнсэлт нь тархи болон биеэс аз жаргалын бодисуудыг ялгаруулдаг

Хайртай хүнийхээ гарт тэврүүлээд үнсэлтийг нь мэдрэх үед яг л диваажинд очсон юм шиг санагддаг л биз дээ. Үүнд шинжлэх ухааны тайлбар бий. Үнсэлцэх үед окситоцин, эндорфин, допамин ялгардаг бөгөөд энэ бүгд нийлээд эрүүл мэндийн коктейл болно. Эдгээр бодисууд бүхий л сайхан мэдрэмжүүд болон либидог эрчимжүүлж өгдөг.