Сайд Б.Чойжилсүрэн алга хавсран "бөхөлзөж" байгаад хариуцлагаас мултрах уу?!
1 цагийн өмнө

Монгол улсад төрд гарчихаараа "хариуцлага" хүлээдэг ухамсартай улс төрч байхгүй нь харамсмаар. Улсаараа тог цахилгаангүй болоход ч сайд нь суудалтайгаа гүрийн наалдсаар буй. Үүний тод жишээ нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Уг нь сайдын суудлаасаа мулт үсрэх болзлоо бол тэр хэдийнээ хангачихсан. Даанч салж өгдөггүй өгөр толгой бололтой.
Түүнд Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр эрчим хүчний салбарт үүссэн гэмтэл саатал, цахилгааны хязгаарлалтыг цэгцлэх 30 хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Ерөнхий сайд тухайн үед "Б.Чойжилсүрэн сайдад нэг сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн байдаг.
ДЦС-IV-ын есөн зуухнаас дөрөвт нь гэмтэл гарсан. Мөн ДЦС-V бүтээн байгуулалтыг Х.Нямбаатар даргатай хамтран яаралтай эхлүүл. Бөөрөлжүүтийн цахилгаан станцад тусламж үзүүлж, Баянгийн цахилгаан станцын ажлын явцыг танилцуул. Тог цахилгаан тасарснаас бол иргэдийн аж амьдралд маш хүндрэл учруулж байна. Эрчим хүчний нэгдсэн бодлогоо цэгцэлсний дараа чөлөөлөх ёстой. Асуудлаа шийдэхгүй бол хариуцлага тооцно хэмээн хатуухан сануулга өгөөд үүрэгдсэн.
Гэтэл өнөөх үүрэг даалгавар биелүүлэх хугацаа хоёр хоногийн дараа дуусах нь ээ. Салбар нь элгээрээ хэвтэж, иргэд нь лаа шүдэнзтэй өвөлжиж, халаалтаа цахилгаанаар шийдсэн олон айл өрх эдийн засгийн багагүй хохирол амссан. Гэвч үүнд хэн ч хариуцлага үүрэхгүй нь тэр бүү хэл Б.Чойжилсүрэн сайд нь алга хавсран бөхөлзөж "Би ажлаа хүлээлгэж өгөхөд өнөөдөр ч, маргааш ч бэлэн байна" хэмээж хэвлэлд ярилцлага өгөөд сууж байна.
Тэрээр "Эрчим хүчний салбарт хийсэн 22 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын 14 их наяд төгрөг нь хувийн салбарын хөрөнгө оруулалт эзэлж байна. Бид энэ хүмүүсийг эрчим хүчний салбарт хөрөнгө оруулаач гэж аргадаж гүйсний хүчинд ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Бусдыг нь олон улсын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдэх шаардлагатай байна. Жишээлбэл, Улаанбаатар хотод техникийн нөхцөлүүдийг хүссэнээр нь олговол одоогийн 1000 МВт-ын ачаалалтай хүчин чадал хоёр, гуравхан жилийн дотор 3000 МВт-д хүрнэ. Тийм учраас нийслэлийн баруун, зүүн талд 500 кВт-ын хүчин чадалтай дэд станц барьж, дахиад хот дотор дамжуулах түгээх сүлжээг өргөтгөхөд 2 тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн судалгаа гарсан. Энэ мөнгийг хаанаас яаж гаргах вэ гэдгийг судалж, хөөцөлдсөн.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нэг тэрбум ам.доллараар санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Монгол Улсын Засгийн газар хүсэлтээ өгчихвөл санхүүжүүлэх юм.
Үүнээс гадна БНХАУ-ын "Экзим" банк 249 сая ам.доллараар санхүүжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Дэлхийн банк 600 сая ам.доллараар санхүүжүүлнэ гэсэн. Засгийн газар баталгаа гаргавал "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК болон "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийг нэн хөнгөлөлттэй эх үүсвэртэй зээлээр санхүүжүүлэхэд бэлэн гэдэг байр сууриа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед илэрхийлж, Монголд ирж байсан" хэмээн ярив.
Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний салбарыг "аврахад" нийт 2 их наяд төгрөг шаардлагатай гэдэг урьдчилсан тооцоог хийсэн гэдгээ хэлж, шаардлагатай бол 2026 оны улсын төсөвт тодотгол хийх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, УИХ дэмжвэл эрчим хүчний салбарт тулгамдсан асуудал шийдэгдэнэ гэдгийг сайд Б.Чойжилсүрэн онцолсон удаатай. Түүний хэлсэн санхүүг нь Засгийн газраас төсөвлөж өгөхгүй бол түүний буруу огтоос биш болж таарах нь ээ дээ.
"Өвлийн оргил ачааллын үе дуусаагүй байна. Энэ асуудлуудыг чангаруулаад явж байна. Салбарын санхүү эдийн засаг хүндэрсэн байгаа. Тарифыг цаг тухайд нь өөрчилж шинэчилж чадаагүйгээс шалтгаалаад хүндрэлтэй асуудлууд бий. Магадгүй Засгийн газар дэмжээд, төсвийн тодотгол хийж УИХ-аар баталбал энэ асуудал шийдэгдэх болов уу гэсэн байр суурьтай байна" гэж Б.Чойжилсүрэн 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэн ярьжээ.







Зочин · 49 минутын өмнө
одоо энэ нөхрийг улс төрөөс бүүр явуулж тэтгэвэрт суулга, тэгээд тэр байшин барилгаа барина биз