Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар Ж.Сандагсүрэнг томилжээ. Тэрээр өнөөдрөөс ажилдаа орсон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн юм. 

Ж.Сандагсүрэн нь одоо НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Тэрээр,

  • 2012–2020 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,
  • 2016–2020 онд тус дүүргийн Засаг дарга,
  • 2020–2023 онд Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байв. Харин 2020 оноос хойш Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2024 онд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын Эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ.

Түүнийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байх үед үүссэн “Ногоон автобус”-ны хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар шалгаж, яллагдагчаар татаж байсан юм. Тодруулбал, уг хэрэгт нийт 24 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд Ж.Сандагсүрэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг (залилах), 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв.

Тэрээр тухайн үед 300 тэрбум төгрөгийн автобус худалдан авах захирамжид гарын үсэг зурсан талаараа мэдэгдэж байсан ч улмаар уг хэргээс нэр нь хасагдаж, НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин сонгогдсон юм.