Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Сангийн яамнаас өнгөрсөн долоо хоногт олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан “Сенчири-5” бондын талаар танилцууллаа. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас 2026 оны гуравдугаар сарын 03-нд олон улсын санхүүгийн зах зээлд 500 сая ам.долларын 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй “Сенчири-5” бондыг амжилттай арилжааллаа.

Ингэснээр 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондын хүүний зардлыг амжилттай бууруулж чадлаа.

“Сенчири-5” бонд шинэ төсөл арга хэмжээг санхүүжүүлэх зорилготой биш. 2026- 2028 он хүртэл үргэлжилж буй өндөр үнэтэй бондуудын хүүгийн зардлыг буулгах, мөн 2026, 2027, 2028 онд нэг дор орж ирэх өндөр төлбөрүүдийг хугацаагаар нь төсөвт дарамт багатайгаар таран байршуулах зорилготой байсан.

 

Өнгөрсөн долоо хоногт роуд шоуг 100 хувь цахимаар хийсэн. Өмнө нь жил бүр дахин санхүүжүүлэлт болон зохицуулалтын арга хэмжээг авахдаа биеэр хийж байсан. 

Энэ удаагийн роуд шоуны үеэр өмнөхтэй харьцуулбал асуулт багатай болж өнгөрлөө. Энэ удаагийн өрийн зохицуулалтын арга хэмжээ эхлэх үед эрчимтэй цэргийн ажиллагаа явж буй байдал үүсээгүй байсан. Хаврын тодорхойгүй байдал үргэлжлэх эрсдэлтэй байгааг урьдчилан харж, цаг үеэ маш сайн тодорхойлж, эгзэгтэй үед тохиромжтой байдлаар гаргасан нь сайн хэрэг боллоо.

Бондын захиалгад Ази, Америк, Европ тивийн 93 хөрөнгө оруулагчийн 1.6 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Өөрөөр хэлбэл 500 сая ам.долларын бонд гаргахад 3.2 дахин өндөр санал ирлээ.

Энэ удаагийн бондын эрсдэлийн хувь нь 2.22 буюу Засгийн газрын бондын түүхэнд хамгийн бага эрсдэлийн түвшинтэй гарсан бонд боллоо. Эрсдэлийн түвшин ингэж бага гарсан нь Монгол Улсын макро эдийн засгийн хэтийн төлөв, өрийн удирдлагын бодлогод гадаадын хөрөнгө оруулагчид итгэл үзүүлж буй хэрэг болсон" гэв.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-ны сайд Т.Аубакир танилцууллаа. 

Хүн амын ядуурлыг бууруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд тэрбээр дараах мэдээллийг хүргэсэн юм. 



ГБХНХЯ-ны сайд Т.Аубакир хэлэхдээ "2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар манай улсад 15 ба түүнээс дээш насны 2.4 сая хүн байгаагийн 1.5 сая нь ажиллах хүч, 886.5 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байдаг.

Нийт ажилчдын тоо 1.4 сая байгаа бол хөдөлмөрийн дутуу ашиглалт буюу ажил эрхэлдэггүй 115.3 мянган хүн байна. Эдгээр иргэнийг хөдөлмөр эрхлүүлэхийн тулд төр засгийн ямар бодлого явуулах ёстой вэ гэдгийг тодорхойлсон.

Өнгөрсөн хугацаанд ГБХНХЯ болон Азийн Хөгжлийн Банк хамтарч бага орлоготой иргэдийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлсэн байдаг.

Дээрх төслийг 1,259 өрхөд амжилттай хэрэгжүүлсэн туршлага бий. Тийм учраас ГБХНХЯ-наас энэ онд 5,000 өрхийг хөдөлмөрт зуучилж, орлоготой болгох зорилт тавин ажиллаж байгаа" гэлээ. 

"Сонгуулийн үеэр л иргэдийг хөтөлж авч явж, санал өгүүлдэг болохоос биш тэднийг орлоготой болгоход санал санаачилга гаргадаггүй"

Үргэлжлүүлэн "Ядуурлыг бууруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндсэн үүрэг Засаг дарга нарт бий. Гэтэл бодит байдал дээр Засаг дарга нар энэхүү арга хэмжээнд төдийлөн санаачилгатай ханддаггүй. 

Иргэдийн хурлын төлөөлөгчид маань иргэдийн хуралд сонгогддог сум, аймагтай. Гэхдээ сумынхаа ядуурлыг бууруулж, иргэдийг хөдөлмөрт зуучилж, мэргэжил эзэмшүүлэх санал санаачилга төдийлөн биеллээ олохгүй байна.

Иймд цогц арга хэмжээ, санаачилга зохион байгуулж 25,000-30,000 өрхийг орлоготой болгох боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа.

Аймаг, сумын төлөөлөгчид, Засаг дарга нар тухайн сум орон нутгийнхаа иргэдийг сонгуулийн үеэр хөтөлж авч явж санал өгүүлдэг болохоос биш тэр иргэнийг хэрхэн яаж орлоготой болгох вэ гэдэгт бодитой санал санаачилга гаргаж байна уу. Энэ ажил учир дутагдалтай.

Ялангуяа хөдөө орон нутагт ядуурлын хамрах хүрээ их хэвээр байгаа тул засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын үүрэг оролцоог хангасан өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилгыг өрнүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан" хэмээв. 

 

 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг өргөн барихаар шийдвэрлэснийг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хэллээ. 



Тэрбээр "Энэ хууль бол одоо үйлчилж байгаа Төрийн болон албаны нууцын тухай хуулиудын шинэчилсэн найруулга гэсэн үг.

Гол өөрчлөлт нь төрийн байгууллага, албан тушаалтнууд "албаны нууц" хэмээн дур зоргоороо шаардлагагүй мэдээллийг нууцалж болдог байсан эрх зүйн зохицуулалтыг хуулиас хасахаар оруулж ирж байна.

Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ)-т бүртгэлтэй байгаагаар 894 гаруй албаны нууц бий. Эдгээр албаны нууцыг цаашид ил болгоно гэсэн үг.

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, төрийн байгууллагын бүх шатанд ил тод нээлттэй байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр хийж байгаа томоохон зарчмын хуулийн төсөл болж байна.

Бид энэ хуулийн төслөө ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа" гэлээ.