“…Манай нам бол Монголын ардчиллын баталгаа” хэмээх үгийг АН-ынхан тарни мэт давтдаг. Монголчууд үүнд итгэдэг. Тиймээс “…АН бол Монголын төрийн хоёр баганын нэг юм байна” хэмээн үздэг. Тэд өөрсдөө намаа тараан бусниулсан ч буцаагаад нийлж босох боломжийг олгодог. Тийм түүх саяхныг болтол үргэлжилж байв шүү.

Гэтэл “ардчиллын баталгаа” маань ардчилалд ноцтойгоор халдсан нь илэрлээ. АН-ын AN.mn сайтын бүртгүүлэх хэсэгт иргэний регистрийн дугаараар хувийн нууц мэдээллүүд хадгалагдаж байгаа нь ил болов. Гэтэл, ардчилал гэдэг шууд утгаараа иргэний эрх чөлөө байдаг. Үүнийг задлаад, “…Хүний эрх, эрх чөлөө, олонхын саналаар шийдэх, цөөнхөө хамгаалах, хууль дээдлэх зарчим бол ардчилал” хэмээн томьёолдог.

Шулуухан хэлэхэд, АН-ын энэ үйлдэл нь Үндсэн хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг хуулиудыг ноцтойгоор зөрчжээ.

Гэвч, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан “…Хоёр сая гаруй иргэний овог нэр, нас, хүйс, гэрийн хаяг зэрэг мэдээлэл АН-д СЕХ-ноос 2024 оны тавдугаар сард ирсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.15-ын дагуу тухайн сонгуульд оролцохоо илэрхийлсэн намуудад сонгогчдын таван агуулга бүхий мэдээллийг цахимаар олгодог. Бидэнд ямар ч хуулийн зөрчил байхгүй. Харин иргэд өөрсдөө мэдээллээ цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан учраас түр хугацаанд энэ мэдээллийг хязгаарласан” гэж мэдэгдлээ. Мөн, АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр “…Програмын алдаа гарсны төлөө АН-ыг буруутгаж болохгүй” гэсэн юм.

Харин ЦХИХХ-ны сайд Э.Батшугар “…Гэрийн хаяг, регистрийн дугаар бол хүний хувийн мэдээлэл байпаг. Хүний хувийн мэдээллийг шууд ил болгож болохгүй. Зайлшгүй иргэнээс зөвшөөрөл авч байж ил болгоно. Мэдээлэл хадгалагч, цуглуулагч тухайн хүнээс “…Таны мэдээллийг авах гэж байна. Та зөвшөөрч байна уу” гэж асуух ёстой. Асуухгүйгээр ашиглаж байгаа нь Хувь хүний нууцын тухай хуулийг маш бүдүүлгээр зөрчиж байгаа явдал юм. Нөгөө талдаа иргэний аюулгүй байдалд ноцтой халдаж байгаа хэрэг. Хувь хүний нууцын тухай хууль, цаашлаад Үндсэн хуулийг зөрчиж байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “…Хүний эцэг эх, өөрийн хувийн мэдээлэл, оршин суугаа байдал хаяг нууц байна" гэж заасан. Мөн энэ нууцыг хуулиар хамгаална” гэж заасан” гэсэн юм.

Үүний зэрэгцээ, зарим хуульчид “…Та бидний хуулиар хамгаалагдсан хувийн мэдээлэл АН-д байгаа юм байна. Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авалгүй хулгайн замаар олж авсан бололтой. Ирэх сонгуулиар улстөрийн зорилгоор ашиглагдаж магадгүй нь” гэсэн болгоомжлолыг сануулж байна.

Түүнчлэн, иргэн З.Баяндаваа 2026 оны гуравдугаар сарын 4-нд ХЭҮК-т гомдол гаргажээ.

Тэрээр энэ талаар “…Хүний хувийн нууц, хувь хүний мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудалд анхаарлаа хандуулах цаг болжээ. Учир нь, компаниуд вэб сайтаар дамжуулан хүний хувийн мэдээллийг авдаг. Үүнийгээ хадгалж чадахгүй алдаж байна. Тухайлбал, саяхан нэгэн хувийн эмнэлэг үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан. Хоёрдугаарт, АН-ын зүгээс гишүүддээ зориулсан AN.mn вэбсайтыг хөгжүүлэх явцдаа сонгуулийн насны хоёр сая гаруй иргэний мэдээллийг байршуулсан. Мэдээж, гишүүддээ зориулсан вэбсайт хөгжүүлж болно. Гэхдээ дурын иргэн регистрийн дугаар хийхэд хувийн мэдээлэл гарч ирэх байдлаар оруулж болохгүй. Эндээс, “…Тухайн иргэдийн хувийн мэдээллийг хаанаас олж авсан бэ” гэдэг асуулт гарч ирнэ. АН-ын эрх бүхий албан тушаалтнууд уг асуудлаа юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр “…УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.15-т заасны дагуу сонгогчийн мэдээллийг холбогдох журмын хүрээнд олж авсан, хууль зөрчөөгүй” гэх тайлбар өгсөн. Гэтэл УБЕГ болон ТЕГ-ын дарга нарын хамтарсан Сонгуулийн тухай хуулийг дагасан журам бий. Үүний дагуу дөрвөн асуудал хөндөгдөнө. Нэгдүгээрт, сонгогчдын нэрсийн жагсаалтыг танилцуулахад регистрийн дугаар өгдөггүй. Харин сонгогчийн овог нэр, гэрийн хаяг, иргэний бүртгэлийн дугаар зэрэг мэдээллийг намд олгохдоо нууцын гэрээ байгуулж өгдөг. Гэтэл регистрийн дугаар гарч ирж байгаа нь асуудал дагуулж байгаа юм. Энэ мэдээллийг сонгууль дууссанаас хойш гурав хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад буцаан өгдөг. Гэтэл АН-ын мэдээллээс энэ мэдээллийг буцааж өгөөгүй нь харагдаж байгаа юм. Үүнээс үүдэж, иргэдийн мэдээллийг хугацаанд нь устгасан эсэх, өөр зорилгоор ашигласан эсэх талаар иргэд эргэлзэж буйгаа илэрхийлж байна. АН-ын зүгээс “…Эмзэг мэдээлэл задруулаагүй” хэмээн мэдэгдсэн боловч хуульд заасан эмзэг мэдээлэл гэх ойлголтод генетик, биохимийн мэдээлэл, эрүүл мэндийн байдал, угсаа гарвал, шашин шүтлэг, хүйсийн чиг баримжаа зэрэг хүний онцлогтой холбоотой өгөгдөл хамаардаг. Мөн цахим орчинд “…Монгол Улсын нэг сая гаруй иргэний мэдээлэл 650 ам.доллараар  зарагдаж байна” гэх мэдээлэл түгсэн. Энэ нь олон нийтийн түгшүүрийг нэмэгдүүлж байна. Тиймээс, хоёр сая гаруй иргэний хувийн мэдээллийг хаанаас авсан гэдгийг тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. Энэ мэдээллээ задруулсан нь ямар хуулийг зөрчиж байгааг холбогдох байгууллагууд тогтоох ёстой. Дээрээс нь, үнэхээр иргэдийн мэдээлэл олон улсын хар зах дээр зарагдаж байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Тийм учраас ХЭҮК, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд тус тус гомдол гаргаж байна” гэж тайлбарласан юм.

Тэгвэл, Үндсэн хуулийн 16.3-т “…Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, 16.17-д “…Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11-т “…Хүний хувийн мэдээлэл гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ” гэсэн. Цаашлаад, хүний хувийн мэдээллийг ХЭҮК хамгаалах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихаар тусгасан. “…Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байдаг.

Харин Улс төрийн намын тухай хуулийн 10.1.2-т “…Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Хуулийн 25.1-т “…Энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан хориглолтыг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бол сонгуулийн төв байгууллага намыг тараах тухай үндэслэл бүхий санал гаргаж, холбогдох нотлох баримт, хуралдааны тэмдэглэлийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ”, 25.3-т “…Намыг тараах тухай сонгуулийн төв байгууллагын саналыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хянан хэлэлцэх бөгөөд энэ хуулийн 25.1-т заасан үндэслэл тогтоогдвол намыг тараах тухай шийдвэр гаргаж, Улсын дээд шүүхийн Тамгын газар ажлын 10 өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ”, 25.4-т “…Энэ хуулийн 25.3-т заасны дагуу гаргасан Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна” гэж заажээ.

Товчхондоо, “…Үндсэн хууль, бусад хуулийг ноцтой зөрчсөн” асуудлаар АН татан буугдах хариуцлага хүлээхээр хуультай аж. Гэхдээ, одоогоор хаа нэгтээгээс тус намтай ямар нэг хуулийн “тооцоо”-г ярьж эхлээгүй байна. Ямартай ч, АН-ынхан Үндсэн хуулийн эсрэг энэ үйлдлийнхээ төлөө олон жил цээжээ дэлдсэн “…Ардчиллын баталгаа, багана”-аасаа татгалзаж таарахаар боллоо. Оронд нь “…Ардчиллын дайсан” хэмээх нэр хочийг олон нийт өгч байна.

 

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 44 (7786)