Өнөөдөр АН-ын онц их хурал болж байна. Хурлын өмнө АН-ын ҮБХ-ы гишүүн, генерал Б.Хурцтай ярилцлаа. 

 

Энэ хурлын гол зорилго юу вэ?

 

Ардчилсан нам доторх шударга бус үйл ажиллагаатай санал нийлэхгүй байгаа жирийн гишүүд эвлэлдэн нэгдэж, энэ хурлыг зохион байгуулж байна. Гол зорилго нь сая болсон дотоод сонгуулийн үйл ажиллагаа нэлээн хулгай, дээрэм, залилан, бүр тодруулбал гэмт хэргийн шинжтэй болж өнгөрсөнд эсэргүүцэл илэрхийлэх явдал юм. Ийм хулгай дээрэмтэй бид хамт явахгүй гэдэг үүднээс бид энэ хурлыг зарласан.

 

Хулгай дээрэм гэж хэлж байгаа учир нь сая болсон хуралд манай Ардчилсан нам гэдэг айл жинхэнэ утгаараа нам биш, харин хэдэн компанийн бүрэлдэхүүнээс бүрдсэн, дүүргүүдийн Ардын намын гишүүдээр санал өгүүлсэн дотоод сонгууль болж өнгөрсөн. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй гишүүд оролцож байна, тийм болохоор энэ хурал үргэлжилнэ, хаахгүй.

 

Өөрөөр хэлбэл, Цогтгэрэл даргатай намын удирдлагын бүлэглэл Улсын дээд шүүх дээр манай намыг хүчингүй болгох хэмжээний асуудал үүсгэсэн байна. Магадгүй Ардын намтай хуйвалдаж зориуд ийм ажиллагаа хийж байгааг үгүйсгэхгүй, би хувьдаа хардаж байна, хардах эрхтэй хүн.

 

Таны хувьд Х.Баттулга гэдэг хүнийг ил тод шүүмжилдэг. Сая Ардчилсан намын дотоод сонгуулиар сонгогдсон хүмүүсийг олон хүн “Женкогийн нам болчихлоо” гэж байна. Энэ бодитой юу?

 

Бодитой. Та нар өчигдрийн үйл ажиллагааг хар. Сонгогдож байгаа хүмүүс, тайзан дээр байгаа хүмүүс гээд энэ бүхэн манай ноён Женкогийн удирдлагаар явж дууссан. Өнөөдөр Ардчилсан нам дахин хэлэхэд "Мах импекс", "ТЭСО", "MGroup" , "M-Oil", Монос гэх мэт олон компаниас бүрдсэн нам болоод байна. Дэргэд нь Ардын нам илүү цэгцтэй, журамтай явж байна. Их бардам нэр усгүй ч гэсэн тэдний дүрэм өөр байна. Тиймээс Ардчилсан намын жирийн гишүүд нэгдэж, намынхаа эсрэг хийж байгаа энэ үйл ажиллагааг зогсоох, цаашилбал ийм удирдлага намд хэрэггүй, огцруулах, дараагийн даргын асуудлыг ярьж шийдэхийн төлөө эвлэлдэн нэгдэж байна.

 

Мэдээж онц их хурлаас тодорхой шийдвэрүүд гарч, шаардлагаа одоогийн удирдлагад хүргүүлэх байх, тийм үү?

 

Тийм. Бид хэдэн жилийн өмнө хоёр тамгатай, хоёр гэрчилгээтэй гэдэг муухай үйл явдлыг давтаж байх шиг байна. Гэхдээ бодитой хэлэхэд өнөөдөр улс төрийн намын тухай хууль дээр харахад О.Цогтгэрэл даргатай нам Ардчилсан намыг байхгүй болгох хэмжээнд аваачсан байна. Улсын дээд шүүх буруу шийдвэр гаргавал манай нам татан буугдаж ч магадгүй.

 

Олон гишүүдийн татварыг цуглуулж авсан мөртлөө дээрмийн шинжтэй үйлдлүүд хийсэн, эрүүгийн шинжтэй залилангийн гэмт хэргүүд гарсан. Ер нь өнөөдрийн Ардчилсан нам бол хувьцаат компани болсон. Гол хувьцаа эзэмшигч нь "Женко"-гийн бүлэглэл, Мах импекс, ТЭСО, MGroup, M-Oil, Монос гэх мэт.

 

Ер нь 1990-2000 оны хооронд Зүүн Европын орнуудад ийм зүйл болсон байдаг ч тэд хурдан засч чадсан. Харин манай намд өнөөдөр Үндэсний бодлогын хорооны 378 гишүүнийг сонгож байгаа ч 250 гаруйг нь огт танихгүй хүмүүс байна. Манайд өчигдөр орсон хүн өнөөдөр хорооны гишүүн болж байна. Жишээ нь манай нэг гишүүний ангийн хүүхэд ТЭСО компанид сүү савлагч байсан, өнөөдөр Үндэсний бодлогын хорооны гишүүн болсон байна. Ийм байдал үүссэн.

Өнөөдөр Ардчилсан нам хамгийн сул дорой, доод цэгтээ хүрсэн байна. Ахмадуудыг хүртэл шахан гаргасан.

 

О.Цогтгэрэл даргын яриагаар бол Ардчилсан нам 2027, 2028 оны сонгууль, орон нутгийн сонгууль гээд гурван сонгуульд оролцохын тулд эвтэй байж, нэг чигт харах ёстой гэж байсан. Гэтэл та бүхний үзэж байгаагаар зохион байгуулалтаасаа эхлээд алдаатай байна гэж үзэж байгаа. Хэрэв энэ сонгуульд ялах юм бол энэ ялалт үнэ цэнтэй байж чадах болов уу? Энэ тал дээр та юу гэж бодож байна вэ?

 

Наадах чинь буруу асуулт. Тийм байж чадахгүй. Өнөөдөр намынхаа гишүүдийн эрх чөлөөг боомилж байгаа хүмүүс иргэдийн эрх чөлөөг яаж хамгаалах юм бэ? Яаж тэдэнтэй нэг байж чадах юм бэ? Өнөөдөр манай намаас гадаа жагсаж байгаа ахмадуудыг дэмжиж үг хэлж байна уу? Нэг ч байхгүй. Энэ нөхдүүд чинь төсөв ярихаар буцаад Ардын намтайгаа нэгдэнэ.

 

Миний харж байгаагаар бол зүгээр л 126 хулгайч.

 

Би итгэхгүй байна. Энд бүлэглэл үүссэн байна. Ордныг эзэлсэн бүлэглэл бий болсон. Ийм байдал ардчилсан улсад байж болохгүй. Үүнд л би бухимдаж байна.

 

М.Чой

sonin.mn