ТОЙМ МЭДЭЭ
2 цагийн өмнө

Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УЛСТӨР: ШИНЭ ЗАСАГ БҮРДЭЖ САЙДУУД АЖЛАА АВСАН ДАРУЙДАА Л МЭДЭГДЭЛ ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ
Тухайлбал, С.Амарсайхан "Хууль бусаар дансыг нь хаасан 12 мянга гаруй ААН-ийн дансыг нээнэ" хэмээгээд тэр даруй л эхнээсээ данс нь нээгдсэн. Тэрээр хууль эрх зүйн орчныг нээлттэй болгож, хууль иргэдийг айлгадаг биш хамгаалдаг байх зарчмим баримтлан ажиллана. ХЗДХ-ийн сайдын хувьд Төрийн ордонд гэмт хэрэг ярихгүй. Хэрэг гарсны дараа ярьдаг биш гарахаас өмнө урьдчилан сэргийлнэ хэмээн мэдэгдсэн юм.
Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж эхэллээ. Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Даваасүрэн, Гадаад харилцааны дэд сайдаар Г.Амартүвшин, Сангийн дэд сайдаар Б.Хулан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Д.Мөнх-Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайдаар Д.Баасандамба, БОУАӨ-ийн дэд сайдаар Б.Мөнхтамир нар үргэлжлүүлэн ажиллах юм. Ийн Н.Учралын Засгийн газар 19 сайд, зургаан дэд сайдтай ажиллахаар ажлаа хүлээн авав.
ИЗНН хоёр хуваагдан ОНЦ их хурлаа хийсэн нь нэлээдгүй маргаан, шүүмжлэлийг хүртсэн. Тэгвэл энэ жил намууд дотроо гүйдлээ олохоо больжээ. АН бас л хоёр хуваагдан хуралдаж олныг гайхашрууллаа. АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан төрийн ордонд болсон юм.
Энэ үеэр Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ардчилсан Намын шинэчилсэн дүрмийг Улсын дээд шүүх бүртгэн авснаас хойш гурван сарын хугацаанд бид бүх шатандаа “Нээлттэй, Цэгцтэй” шинэчлэлийг өрнүүлж дотоод зохион байгуулалтаа бүрэн шинэчиллээ. Ардчилсан Намын бодлогыг зангидах Үндэсний бодлогын хорооны 378 гишүүд та бүхэнд амжилт хүсье. Ардчилсан Нам цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болно. Хувийн ашиг сонирхлоос илүү нийтлэг үнэт зүйл, зарчмыг дээдэлж чадвал нам жинхэнэ институт болж төлөвшинө. Институт болсон нам л тогтвортой бодлого хэрэгжүүлж, улс орны хөгжлийг урт хугацаанд чиглүүлж чадна. Түүнчлэн хөдөлмөрлөсөнд илүү боломж олгодог нам байх болно. Хүчээ зориулсан, зарцуулсанд нь илүү боломж олгодог байна. Иргэдийнхээ итгэлийг олсон, даасанд нь илүү эрх, боломж өгдөг нам байх болно. Ардчиллын шинэ тэмүүллээр жигүүрлэсэн анд нөхөд та бүхэндээ амжилт, ялалт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Давхар ялалтын төлөө хамтдаа хичээцгээе” хэмээн ярьсан юм.
Тэгвэл нөгөө талд АН-ын зарим гишүүд Онц их хурал зарлан хуралдуулав. Тус хурлаар нийт гурван асуудлыг хэлэлцэхээр батлав.
1. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг огцруулах
2. Ардчилсан намын дотоод сонгууль бүхэлдээ хүчингүй болох хуулийн үндэслэл бий болсон. Хуулийн, ёс зүйн давж үл болох улаан шугам давсан. Мөнгөөр бороо орсон, тролл армиар санал өгүүлсэн, хүч түрсэн, хулгай луйвраар дүүрэн сонгууль болж өндөрлөсөн учир энэхүү хулгайн сонгуулийг бүхэлд нь хүчингүй болгох
3. АН-ын дотоод сонгуулийг ҮБХ, Нийслэлийн намын хороо, дүүргийн намын хорооны гишүүдээс авсан хандив, хураамжийг хууль бус зарцуулж, хууль бусаар ашигласныг хүчингүй болгож буцаан олгох асуудлыг хэлэлцсэн юм.
Улмаар жагсаалтын эхэнд багтсан, намын дарга О.Цогтгэрэлийг огцруулах асуудлыг гишүүд хэлэлцэж, хуралд оролцогчдын 95 хувийн саналаар огцруулах шийдвэрийг дэмжлээ. Ингэснээр Ардчилсан намын удирдлагын түвшинд томоохон өөрчлөлт хийх шийдвэр “Онц их хурал”-аас гарч байгаа бөгөөд цаашид намын дотоод зохион байгуулалт, удирдлагын асуудал хэрхэн шийдэгдэх нь анхаарал татаж байна.
Уг хурлыг хуралдуулах болсон шалтгаан нь "Ардчилсан намын дотоод сонгууль бүхэлдээ хүчингүй болох хуулийн үндэслэл бий болсон. Хуулийн, ёс зүйн давж үл болох улаан шугам давсан. Мөнгөөр бороо орсон, тролл армаар санал өгүүлсэн, хүч түрсэн, хулгай луйвраар дүүрэн сонгууль болж өндөрлөсөн” гэж үзсэн юм.
НИЙГЭМ: Төрийн албан хаагчдаас тайлан нэхэхийг хориглож, Бямба, Ням гарагт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэгт нь цахимаар ажиллахыг үүрэг болгосон нь иргэдийн чихийг дэлдийлгэв. Үүнд зарим иргэд ихээхэн дургүй байгаа ажээ. Учир нь хэн нь цахимаар ажиллаж хэн нь галын шугамд ажиллах уу? эмнэлгийн байгууллагын эмч, сувилагчид тэгж ажиллах нөхцөл байхгүй дээр нь тайлангаа өгөхгүй байна гэдэг тухайн хүмүүсийн ажлын бүтээмжийг яаж дүгнэж цалингаа өгөх үү? төрийн албанд сул чөлөөтэй явж байгаад ажлаа бусдаар хийлгэчихдэг "овжин" нөхөд мэр сэр бий. Эд нарыг улам өөгшүүлнэ гэх зэргээр таатай хүлээж авах нь ховор байна.
Төрийн албаны 3,000 орчим сул орон тоог нөхөх, сэлгэн шилжих үйл ажиллагааг яам, агентлагийн чиг үүргийн шинжилгээ хийгдэж дуусах хүртэлх хугацаанд зогсоож, царцаана. Ойролцоогоор 26 яамтай тэнцэх орон тоо, дунджаар 7.4 тэрбум төгрөгийн цалингийн санг хэмнэх ажээ.
Төрийн албан хаагчдыг сар, улирал, хагас жил, жил тутам 20-30 төрлийн тайлан, мэдээ бичихээс чөлөөлж, “Once-Only” зарчим буюу ижил агуулга бүхий тайланг нэг удаа гаргадаг болгохоо Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд буй. Өнөөдрийн тогтоолоор төрийн албан хаагчдаас тайлан нэхэхийг хориглолоо. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй гэж хуульчилсан ч төр мэдээллээ хоорондоо солилцдоггүй асуудал байсаар байна. Иймд хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид "Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих eCabinet dashboard”-ыг хэрэглэх, шаардлагатай мэдээллээ авч байх ёстойг Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдлагуудад даалгаж Засгийн газрын гишүүд манлайлж ажиллахыг Ерөнхий сайд уриалав.
Мөн ажлын цагийн менежментийг уян хатан зохион байгуулах, төрийн албан хаагчдыг амралтын өдөр, Бямба, Ням гарагт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэг өдрийг цахимаар буюу зайнаас ажиллах зэрэг шийдвэрийг өнөөдрийн тогтоолоор олголоо.
Түүнчлэн ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалтыг хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын болон үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудалд Хотын дарга Х.Нямбаатарт эрх олгосон байна.
ЭДИЙН ЗАСАГ: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 4.5 хувиар, өмнөх долоо хоногоос 2.8 хувиар тус тус өсжээ
Үндэсний статистикийн хорооны (ҮСХ) 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн мэдээллээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байна.
Тодруулбал, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 4.5 хувиар, өмнөх долоо хоногоос 2.8 хувиар тус тус өсжээ.
Нийслэл хотын үнэ ханш:
- Үхрийн мах: 28,328 төгрөг буюу 7.9 хувь
- Хонины мах: 23,724 төгрөг буюу 5.0 хувь
- Ямааны мах: 15,461 төгрөг байна.
Бусад өргөн хэрэглээний барааны хувьд 1-р зэргийн гурил 2,507 төгрөг, сүү (литр) 5,012 төгрөг, элсэн чихэр 4,951 төгрөг, цагаан будаа 4,966 төгрөг, дотоодын төмс 3,156 төгрөгийн үнэтэй байна. Харин АИ-92 бензин литр тутам нь 2,590 төгрөгөөр борлуулагдаж байна.
Аймгийн төвүүдэд хүнсний бүтээгдэхүүний үнэ нийслэлээс ялгаатай тогтжээ. Тухайлбал, үхрийн мах 24,701 төгрөг, хонины мах 19,947 төгрөг байгаа бол 1-р зэргийн гурил 2,841 төгрөг, сүү 4,982 төгрөг байна. Түлш шатахууны хувьд орон нутагт АИ-92 бензин 2,818 төгрөг, дизель түлш 4,280 төгрөгийн үнэтэй байна.
СПОРТ: Киргизстан улсын Бишкек хотноо чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болов
"Бишкек-2026" чөлөөт, сонгомол бөхийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 76 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Даваанасан түрүүллээ.
Мөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Дэлгэрмаа 68 кг-ийн жинд хүрэл медаль хүртэв.
ТИВИЙН НААДАМД МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД






