Манай улс 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад анхны хоёр цэргийн ажиглагчаа илгээсэн. Тэр цагаас хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор 23 мянга гаруй цэргийн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцжээ. Бид БНӨСУ-д Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 14 дүгээр ээлжийн цэргийн багт Төлөвлөлтийн офицероор үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Энхийг дэмжих ажиллагаанд хэзээ явахаар шийдвэр гаргасан бэ?

-Миний бие 2024-2025 онд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн. Би 2024 он гаргаад өөртөө зорилго тавьсан. Мэргэжлийн цэргийн хүн юм чинь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж цэргийн ур чадвар, туршлага, дадлагаа ахиулах зорилго тээж, эхний сараасаа өөрийгөө ажиллагааны сонгон шалгаруулалтад бэлдсэн. Биеийн тамир, эрүүл мэнд, сэтгэл зүйгээ хангаж эхэлсэн. Тэгээд сонгон шалгаруулалтад тэнцэж, ажиллагааны өмнөх бэлтгэлдээ гарсан даа.

-Үүрэг гүйцэтгэхээс өмнөх ажиллагааны бэлтгэл их чанга даваа гэж ярьдаг?

-Ер нь бол ажиллагааны өмнөх бэлтгэл дээр бид газар орон дээр гүйцэтгэх үүрэг гүйцэтгэлийнхээ бэлтгэлийг урьдчилан бүрэн хангаж байна гэсэн үг. Энэ бэлтгэл дээр цэргийн алба хаагчид өөрийн мэргэжлийн ур чадвараа чадваржуулж авдаг. Зэвсэгт хүчин байхгүй бол эх орон байхгүй. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинтэй шууд холбоотой байдаг. Тийм ч учраас энэ салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч бид мэргэжлийн, мэргэшсэн байх учиртай. Тиймээс энэ бэлтгэл дээр хүн нэг бүр хичээдэг болов уу. Тухайлбал, Энхийг дэмжих ажиллагааны өмнөх бэлтгэлийн үеэр 30 км-ийн маршийг 30 кг ачаа үүрч 3-4 удаа үйлддэг. Энэ нь цэргийн алба хаагчдын тэсвэр тэвчээр, сургалт бэлтгэлийг шалгасан амаргүй даваа байдаг. Энэ мэтээр бид ажиллагааны өмнөх бэлтгэлээ сайн хангаж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болж бэлтгэгддэг.

-Тухайн газар оронд та бүхний гүйцэтгэх үүргийн талаар тодруулбал?

-НҮБ-ын мандатад заасан үүргүүд байдаг. Хамгийн гол үүрэг бол энгийн иргэдийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, мөн НҮБ-ын ажилтнуудыг хамгаалах, эд хөрөнгийг хамгаалах, хүмүүнлэгийн ажлуудыг явахад дэмжлэг үзүүлэх гэсэн гол үүргүүдээ бид биелүүлдэг. Бидний өдөр тутмын үүрэг бол байнгын эргүүл цувааны үйл ажиллагааг явуулах юм. Ингэснээрээ орон нутгийн иргэд маань НҮБбиднийг хамгаалж байгаа юм байна. НҮБэнд байгаа юм байна гэсэн итгэл үнэмшлийг тэдэнд өгч байдаг

Алба хаагчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ цагийн тогтворгүй байдал, цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай гүйцэтгэсэн.Үүрэг гүйцэтгэх хугацаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, цэргийн зөвлөх бригадын генерал Г.Болор, мөн Батлан хамгаалахын сайд асан С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга тэргүүтэй ажлын хэсэг ажиллагааны газар оронд ирж, цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтэй танилцаж байсан.

-Танай цэргийн багийн ээлжин дээр зэвсэгт мөргөлдөөн болсон гэж сонссон?

-Тухайн оны 4,5 дугаар сар манай цэргийн багийнхны хувьд их ачаалалтай, бас хүнд гэж хэлж болох сарууд байсан. Тухайн нутаг оронд цагийн байдал тогтворгүй болсон. Монгол Улсын батальон нийт таван байрлалд бие даан үүрэг гүйцэтгэдэг. Үүний нэг болох Абьемном сууринд Сүбээдэй түр ажиллагааны баазад үүрэг гүйцэтгэж буй манай бие бүрэлдэхүүний ойр орчимд хоёр аймгуудын хооронд малын хулгайнаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн 4 дүгээр сард гарч эхэлсэн. Энэ мөргөлдөөнөөс үүдэлтэй олон арван хүний амь эрсэдсэн. Иймээс орон нутгийн удирдлага, энгийн иргэд НҮБ руу хандаж, манай хариуцлагын бүс дэх алба хаагчдаас тусламж хүсч ирсэн. Мөргөлдөөн ойролцоогоор 10-аад хоног үргэлжилсэн. “Зэвсэгт мөргөлдөөн боллоо. Буун дуу гарлаа” гэсэн мэдээгээр манай Монбаттын захирагчийн шийдвэрээр штабын даргаар ахлуулсан хүч нэмэгдүүлсэн бүлгийг томилгоожуулж хүч нэмэгдүүлсэн. Юнити мужид болсон энэ зэвсэгт мөргөлдөөний үеэр хүч нэмэгдүүлж очсон бүлэг маань энгийн иргэдийг түр хамгаалах хэсэг буюу байрыг байгуулаад тэндээ 1500 орчим иргэн, НҮБ-ын ажилчдыг бүрэн хамгаалалтад авч ажилласан. Энэ үед өмнөд хэсгийн удирдлага, орон нутгийн удирдлага, НҮБ-ын хүчний командлалын удирдлагатай байнгын холбоотой, байнгын үүрэг чиглэл авч ажиллаж байсан. Мөн давхар Монгол Улсынхаа Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ дээд удирдлагуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, мэдээллээ шуурхай хүргэж ажиллаж байсан.

-Энэ мөргөлдөөн малын хулгайнаас үүдэлтэй гэж байна. Энгийн иргэдийг бодохгүйгээр зэвсэгт мөргөлдөөн болж байна гэдэг нь харамсалтай юм?

-Энэ бол дотоодын зөрчил.Омог хоорондын зөрчил байсан. Абьемном суурингийн иргэд өөрийн газар нутагт малаа маллаад явж байхад нь Маяом аймгийн иргэд ирээд малыг нь эхлээд дээрэмдсэн байгаа юм. Дээрэмдүүлсэн хүүхдүүд буцаж гэртээ ирээд томчууддаа хэлсэн. Ингээд Маяом руу очоод ганц нэг хүнийг хороосон юм билээ. Тэгээд өс хонзонгийн сэдэлтэйгээр маргааш нь Абьемном руу дайраад замдаа тааралдсан юм бүхнийг нь сүйтгэж шатаагаад, хүмүүсийг буудаад зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн. Үүнээс үүдээд энэ суурин буцаад хөл дээрээ босоход урт хугацаа зарцуулсан байдаг. Бид тэнд тайван байдлыг хангаж ажилладаг байсан болохоор нутгийн удирдлагууд болон энгийн иргэд нь манай батальоныхныг хүндэлж найрсгаар хандаж талархал хэлдэг байсан. Би ч гэсэн цувааны хамгаалалтад явж байхад монгол цэргүүдийг хүндэлж байнга сайхан үгс хэлж байхыг сонсож явлаа. Монголчууд байгаа цагт их тайван, энх тайван байна гэж тэд итгэж найдаж явдаг хүмүүс. Тэр ч утгаараа тайван бус тогтворгүй цагийн байдал үүсэнгүүт хамгийн түрүүнд манай батальонд хандаж, энгийн иргэд аврал гуйгаад ирдэг. Тэр үед манай энхийг сахиулагчид түргэн шуурхай ажиллаж, соргогоор аливаад хандаж, энгийн иргэдийг аюулгүй байдалд хамгаалалтад авсан даа.

-Ийм зэвсэгт мөргөлдөөнүүд гэнэт болдог уу?

-Тийм. Энэ зэвсэгт мөргөлдөөн бол эртнээс төлөвлөсөн биш, малын хулгайнаас үүдэлтэй учраас гэнэт л үйл явдал нь өрнөж байгаа юм. Нэг өглөө босоод ирэхэд л ийм болсон. Бид бүх баазуудтайгаа 24 цагаар холбоотой байдаг.Тэндээсээ үүрэг гүйцэтгэлийн мэдээлэл, цагийн байдлын мэдээлэл тогтмол авч ажилладаг. Гэнэт л нэг өглөө Сүбээдэй баазаас “Энд ийм буун дуу гарлаа”, “Буудалцаан болж байна”, “Энгийн иргэд нүдэн дээр нэгнийгээ буудаад яваад байна” гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу секторын командлагчаас үүрэг аваад батальоны удирдлага шуурхай арга хэмжээ авч, чиглүүлээд хурдтайгаар бид ажилласан.

Тэнд ямар ч хамаагүй албан бус шалганууд байж байдаг. Тэр хүмүүс НҮБ-ын ажилтнууд, энгийн иргэдэд өс хонзонгоор халдах, довтлох орчин нөхцөлийг гаргах боломжтой байдаг. Ер нь тэнд нэг минут сонор сэрэмжээ алдаж болохгүй, байнгын л 360 хяналтан дотор үүргээ гүйцэтгэж байдаг. Хаанаас, хэзээ, хэн халдахыг эс мэднэ. Тиймээс маш эрсдэлтэй, хариуцлагатай албанд монгол цэргүүд үүрэг гүйцэтгэдэг. Бидний үүрэг гүйцэтгэх үед мөн 5 дугаар сард хойд Суданаас дүрвэгсэд олноор орж ирсэн үйл явдал болсон. Бид тэдний аюулгүй байдлыг нь ханган, 800 орчим дүрвэгч бүхий цувааны хамгаалалтыг өндөр түвшинд зохион байгуулсныг одоо эргээд ярихад бас том ажил байсныг дурдмаар байна.

-Яагаад дотооддоо зөрчил, мөргөлдөөнүүд гараад байна вэ?

-Ер нь зөрчилдөөний шалтгаан гэх юм уу даа. Аль омог нь Засгийн газрын эрхийг гартаа барих вэ гэдгээс үүдэлтэй байдаг гэж хэлж болно. Үүнээс үүдэлтэйгээр удирдлага гартаа авах зорилгоор хоорондоо зөрчилдөж байгаа. Үүнээс гадна ядуу буурай орон, тэнд ямар ч хөгжил байхгүй, иргэд дотроо эв нэгдэлгүй зөрчилдөөд ирэх юм бол улс орон ямар амархан сүйрч болдгийг шууд харж болно. Тэгэхээр эндээс бид хоорондын эв нэгдэл гэдэг ямар чухал юм бэ гэдгийг хараад ойлгоно. Хоорондоо эв нэгдэлгүй, хөгжилгүй байдлаас болоод хоорондоо зөрчилдөж байгаа юм. Дээр нь өлсгөлөнд нэрвэгдсэн газар орон. Малын хулгай гэдэг бол хоолоо олж идэхийн төлөөх л тэмцэл. Иймэрхүү байдлаас болж тэнд зөрчил мөргөлдөөнүүд гарч байдаг.

-Энгийн иргэд нь чөлөөтэй буу зэвсэг бариад явж байдаг юм уу?

-Тэнд хууль бус зэвсгийн наймаа явагдаж байдаг. Хууль бусаар зэвсэг олж аваад өөрсдөө эзэмшдэг. Мөнгөтэй л бол хэн ч, хаанаас галт зэвсэг худалдаж авах боломжтой. Энэ нь нэг талаар хэвийн харагдах хэрнээ хууль бус. Орон нутгийн иргэд нь хаа ч явсан хүн болгон шахуу буутай явж байдаг. Бүр сургуулийн насны хүүхэд хүртэл автомат үүрчихсэн малаа хариулаад, эсвэл гудамжаар явж байдаг. Тэнд ямар үед гал нээх вэ, ямар нөхцөлд буугаа дүрмийн дагуу ашиглах вэ гэсэн мэдлэг огт байхгүй хэрнээ амиа хамгаалах үүднээс барьчихсан явж байдаг гэж хэлж болох юм. Тэдгээр хүмүүс НҮБ-ын алба хаагчид болон ер нь хэн ч бай өөдөөс нь гал нээх эрсдэл бий гэсэн үг. Ийм эрсдэлтэй газар оронд энхийг сахиулагчид өдөр тутамдаа үүрэг гүйцэтгэнэ.

-Засгийн газраас нь энэхүү байдал дээр хяналт тавьдаг юм болов уу?

-Биднийг үүрэг гүйцэтгэх үед буюу нөгөө зэвсэгт мөргөлдөөний дараагаар Засгийн газраас нь хууль бус зэвсэг эзэмшиж байгаа иргэдийг зэвсгээ хураалгах ажиллагааг эхлүүлсэн. Ерөнхийдөө гурван үе шатаар хураах ажиллагаа явагдсан. Эхнийх нь аймаг, сумдын иргэдийг сайн дураар өөрсдийн хүсэл сонирхлоор зэвсгээ хураалгах ажлыг эхлүүлсэн. Зэвсгээ хураалгаснаар ямар нэг зөрчил, мөргөлдөөн болохгүй. Та бүхний аюулгүй байдлыг хамгаална гэж ухуулж байсан. Дараа нь сектор, бүс нутгийн хэмжээнд явагдсан. Сайн дураар зэвсгээ хураалгахгүй бол хүчээр хураана гэсэн ажлыг явуулсан. Манай батальонаас энэ үйл ажиллагааны аюулгүй байдлыг бас хангаж ажиллаж байсан.

-Тэнд дээрх зөрчил, мөргөлдөөнийг олон бүлэглэлүүд гаргадаг уу?

-Өмнөд Суданд хоёр бүлэглэл байдаг л даа. Хоёр нам гэсэн үг. Хоёр нам хоорондоо өрсөлддөг.Энэ нь энхийн биш, зэвсэгт мөргөлдөөн байдлаар өөрсдийн байр сууриа илэрхийлдэг. Хоёр намын тогтолцоо л өрсөлддөг. Хэн нь Засгийн газраа барих вэ, удирдах вэ гэдэг дээр үйл ажиллагаа явагддаг. Өөрсдийнх нь өрсөлдөөнд энгийн иргэд нэрвэгдэж үрэгдэж байдаг. Энэ бүхнээс хараад дүгнэхэд, хоорондоо эв нэгдэлгүй байхын хор уршгийг л энэ улс харуулж байгаа гэж бодож байна. Энэхүү улс 2001 онд тусгаар тогтнолоо зарласан хамгийн залуу улс. Байгалийн баялагтай ч улс орондоо ашиглаж чадаагүй, энгийн иргэд нь туйлдаж ядуурсан, өрөвдөлтэй улс орон. Зэвсэгт мөргөлдөөний үед энгийн иргэдийн гэдсийг хүүлээд орхисон зэрлэг балмад, нүд халтирам хэцүү дүр зургийг хүртэл хардаг. Монголд бид аюулгүй байдалдаа, цаг үеийн тогтворгүй байдалд санаа зовдоггүй. Харин амь амьдрал, ажил үйлс, ар гэр, хамт олон, өнөөдөр ба ирээдүйг төлөвлөж төсөөлж амар тайван амьдарч байна. Гэтэл зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй байнгын шахуу буудалцаан дунд амьдардаг оронд үүрэг гүйцэтгэх нь мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие махбодын бэлэн байдлыг маш их шаардаж байдаг. Ганц өдөр биш, нэг жилийн хугацаанд тэнд үүрэг гүйцэтгэж байна. Нэг жил гэдэг бол маш богино хугацаа хэрнээ урт, урт хэрнээ богино хугацаа байдаг юм билээ.

-Энхийн үйлсэд хамт зүтгэж байгаа цэргийн алба хаагчдаа хараад юу бодогддог байсан бэ?

-Манай улс 1996 онд энхийг дэмжих ажиллагаанд оролцох хүсэл эрмэлзлээ илэрхийлж байжээ. Ингээд 1999 онд Монгол Улсын Засгийн газар, НҮБ харилцан ойлголцлын бичгийг байгуулснаар Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эрх зүйн үндэс тавигдсан юм билээ. 2002 онд анхны хоёр цэргийн ажиглагчаа илгээснээр өнөөдөр бид энэ ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэх боломж гарсан гэсэн үг. Өнөөдөр Монголын энхийг сахиулагчид мэргэжлийн ур чадвар, тэсвэр тэвчээр болон ямар ч цагийн байдалд дасан зохицох чадвартай талаар НҮБ болон бусад үүрэг гүйцэтгэсэн дэлхийн цэргийнхний дунд яригдаж, үнэлэгдэж ирснээс харахад цэргийн алба хаагчдаараа бахархдаг. Жил бүр үүрэг гүйцэтгэхээр эх орноосоо явдаг батальонууд өмнөх жилүүдийнхээ амжилтуудыг бататгаж, чадварлаг үүргээ гүйцэтгэж байгааг харах сайхан байдаг.

 

Б.Нандинцэцэг

ӨДРИЙН СОНИН