Их Британийн Royal Armouries Museum музейн уран бүтээлчид Монголын эзэнт гүрний түүхийг дэлхий дахинд сурталчлах зорилгоор "Genghis Khan: How the Mongols Changed the World" үзэсгэлэнгээ дагалдуулан Монголын өв соёлд зориулсан тусгай зуны хөтөлбөрөө эхлүүлжээ. 

Хөтөлбөрийн хүрээнд 7 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 31-нийг хүртэл жуулчид болон оршин суугчдад зориулан Монголын морин харваа, морин үзүүлбэр өдөр бүр үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа аж. Мөн хүүхэд, гэр бүлүүдэд Монгол гэрийн загвар хийх бүтээлч сургалт, Монголын эзэнт гүрний элч, тагнуулын тогтолцоог танилцуулах "Batu the Fast" сэдэвт танин мэдэхүйн аяллыг хэрэгжүүлж байгаа юм.

Музейн мэдээлснээр эдгээр бүх үйл ажиллагаа сургуулийн зуны амралтын турш үнэ төлбөргүй үргэлжлэх бөгөөд урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй аж. Гэхдээ музейд зочлох өдрийн үнэгүй тасалбараа цахимаар захиалахыг зөвлөжээ.

Мөн зочид "Genghis Khan: How the Mongols Changed the World" тусгай үзэсгэлэнгээр дамжуулан Монголын эзэнт гүрний түүхийг өгүүлэх ховор үзмэрүүдийг үзэх боломжтой. Үзэсгэлэнд дэлгэгдсэн зарим үнэт өв нь Монгол Улсаас анх удаа гадаадад дэлгэгдэж буй онцгой үзмэрүүд гэдгээрээ онцлог гэж тус музейн цахим хуудаснаа мэдээлэл нийтэлжээ. 

Үзэсгэлэнгийн тасалбар насанд хүрэгчдэд 9 фунт стерлинг, 16 хүртэлх насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй, харин хөнгөлөлттэй ангилалд 7 фунт стерлинг-ийн үнэтэй байна.

Ийнхүү Их Британийн томоохон музейн нэг Монголын түүх, өв соёлыг олон нийтэд таниулах тусгай хөтөлбөр зохион байгуулж байгаа нь Монголын эзэнт гүрний өв дэлхийн хэмжээнд ихээхэн сонирхол татаж буйг харуулж байна.

Энд дарж мэдээлэлтэй танилцана уу. https://royalarmouries.org/leeds/whats-on/mongolian-summer