Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтад шатаагүй 20 орчим хувьд нь байгаа
48 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир:
Дорнод аймаг, Халх гол сум Нөмрөгийн дархан цаазат газар орчимд 2026 оны 10 дугаар сарын 8-нд түймэр гарч, 16-ны өдөр бүрэн унтраасан. Нийтдээ 528 мянга га талбайтай. Үүнээс 468 мянган га газар түймэрт өртсөн гэсэн тооцоо урьдчилсан байдлаар гарсан. Нийт талбайн 79.8 хувь өртсөн.
Хохирол тогтоох ажлын хэсэг газар дээр ажиллаж байна. Манай байгаль орчны яам, сумын төлөөлөл, аймгийн байгаль орчны газраас төлөөллүүд бий. Хуулиараа хохирлыг 30 хоногийн дотор тогтоох ёстой, цаг бага учраас шахуу ажиллаж байгаа. Цаашдаа зөвхөн шатсан газраар хязгаарлахгүй, ой, агаар, хөрс, ургамал амьтан гээд бүх бүрдэл хэсэгт тогтоож, нэгдсэн тайлан гаргах ёстой. Агаараас тандан судлах, лабораторийн шинжилгээ хийж хохирлыг тогтооно. Хохирол тогтоосны дараа нөхөн төлүүлэх арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлнэ. Энэхүү түймэрт бусад түймрийг бодвол эзэн холбогдогч тодорхой учраас цаг хугацаа алдах асуудалгүй гэж бодож байна.
Зэрлэг амьтад шатаагүй үлдсэн 20 орчим хувьд нь байна. Мөн хилээр даажиж гарсан тохиолдлууд бий. Манай зүүн хил буюу Нөмрөгийн ДЦГ-ын хил дагуу 188 км торон саадгүй байна. Цаашдаа хилээ торон саадтай болгоход анхаарч ажиллахаар Засгийн газрын хурлаар ярьсан гэв.






