Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
50 минутын өмнө

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа.
Тэрээр "Орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор байгууллагуудын эзэмшиж буй орон сууц, барилгын талаарх мэдээллийг ил тод болгож, иргэд өөрсдөө мэдээллийг авч, хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр цахим мэдээллийн сан байгуулах ажлыг эхлүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Уг хуулийн төслийг яаралтай горимоор ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын хэмжээнд одоогоор нийт 2173 дуусаагүй орон сууц байна. Эдгээр барилгатай холбоотойгоор захиалгын гэрээ байгуулах явцад иргэдийг залилан мэхлэх асуудал түгээмэл гарч байна. Зөвхөн залилангийн хэрэг бус, барилгын ажил эхлүүлэхдээ шаардлагатай зөвшөөрөл аваагүй, иргэдийн эрх ашгийг зөрчсөн, компани дампуурснаас барилгын ажил зогссон зэрэг олон асуудал бий. Түүнчлэн гурван талт гэрээтэй холбоотой маргаан ч цөөнгүй байна. Тухайлбал, иргэдийн газрыг нийслэлээс авч, оронд нь орон сууцанд оруулж өгөхөөр тохиролцсон ч уг тохиролцоо хэрэгжихгүй байх тохиолдол гарч байгаа.
Иймд төр өөрийн эзэмшиж байгаа мэдээллүүдийг ил тод болгож, иргэдэд тухайн орон сууц, барилгын талаарх мэдээллийг шалгах, баталгаажуулах, хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.Цаашид орон сууц бүр дахин давтагдашгүй QR кодтой болж, нэгдсэн бүртгэлд хамрагдана. Ингэснээр нэг орон сууцыг олон хүнд давхар захиалуулах, гэрээ давхардуулан байгуулах замаар залилан үйлдэх эрсдэлийг байхгүй болгох юм. Өөрөөр хэлбэл, орон сууц бүрийг бүртгэлжүүлж, тухайн байртай холбоотой гэрээ, мэдээллийг нэгдсэн системээр хянах боломж бүрдэнэ.
Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 15-ны дотор зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран барилгын ажил нь эхэлсэн болон дууссан бүх барилгыг цахим бүртгэлд хамруулахаар төлөвлөж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас E-Mongolia системд баталгаат байр нэртэй цахим мэдээллийн сан бий болгохоор ажиллаж байгаа юм.
Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд хохирсон 800 орчим иргэний асуудал яригдаж байна. Эдгээр иргэний хохиролтой холбоотой асуудлын дийлэнх нь Баянзүрх болон Баянгол дүүрэгт бүртгэгдсэн" гэлээ.







Зочин · 4 минутын өмнө
Одоо параламентийн засаглалтай болоод улс хөгжсөнгүй Монгол улсын онцлог ёрөнхийлөгчийн засаглалтай болох үед улс хөгжинө