УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг болон 2027 оны төсөвтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр тус гурван их наяд төгрөгийг ард иргэдэд тарааж өгөх ёстой асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Үнийн дарамтад байгаа монголчуудын төлөө УИХ, Засгийн газар юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулах цаг нь болсон. Тиймээс Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авах хэрэгтэй. Авсан мөнгөө монголчуудад өгөх хэрэгтэй.

Хүмүүсийн амьдралыг ямар нэгэн байдлаар авч гарахгүйгээр цаашдаа юм ярихад хэцүү болж байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолыг 3,000 төгрөгөөр баталдаг. УИХ-ын гишүүд Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25,000 төгрөг болно. Цэцэрлэгийн хүүхдийн долоо хоногийн хоолны мөнгөөр гишүүд нэг удаагийн үдийн цай уудаг. Ард түмнээ хагас өлсгөлөн байдал руу түлхсэн. 

Иргэдээ мөнгөжүүлэхгүй бол амьдарч чадахгүй гэдэг нь маш тодорхой байна. Энэ бол зөвхөн Монголын жишээ биш. Японы Засгийн газар сарын өмнөөс эхлээд хүнсний бүтээгдэхүүний нэмүү өртгийн албан татварыг тэглэсэн. Уржигдар Илон Маск мэдэгдэл гаргаж SpaceX компанийн хувьцааг АНУ-ын хүүхэд бүрд өгнө гэсэн. АНУ-ын ард түмэн үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа учраас 10 тэрбум ам.долларын хувьцааг өгөх гэж байна. 

Дэлхий даяар юу болж байгаа вэ гэвэл түлшний үнийн өсөлттэй холбоотой хүмүүсийн амьдралын уналтыг ямар нэгэн аргаар авч гарах ёстой. Бидэнд уул уурхайн компаниудын ашиг байгаа. Уул уурхайн компаниудын орлогыг ард түмэнд хувааж өгч байж үнийн өсөлтийг давж гарна. Өөр арга байхгүй. 

Тиймээс хоёр зүйлийг шийдэх УИХ-ын тогтоол санаачилсан. Нэгт Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд өгье. Хоёрт Оюутолгойн хувьцааг монголчуудад өгье. Эхний ээлжид Оюутолгойн ногдол ашгаар ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж худал ярихаа зогсоо. 

Эрчим хүчний асуудлыг энэ мөнгөөр шийднэ гэж худал хэлж байна. Аймгуудын дулааны станц бол хамгийн ашигтай төсөл. Хувийн хэвшилд өгөөд хийлгэхэд ямар ч асуудалгүй.

Солонгосоос мөнгө аваад хулгай хийсэн хүмүүсийн хулгайг нуух гэж байгаа нь бодитой. Энэ авлигын хэргийг ил болго. Одоо юу болж байгаа вэ гэвэл БНСУ-ын Эксим банкны мөнгийг хулгайлсан хулгайчид нь үлдээд хэдэн залуучуудыг төсөл сонгон шалгаруулсан буруу гэдэг нэрээр ял өгнө. Эрх мэдэлтэй хүмүүс нь ялаа завшаад ард нь Оюутолгойн мөнгөөр бид барьж байгууллаа гэх зүйл хийх гэж байна.   

"Ногдол ашгийг монголчууд авахаар үнэ өсдөг, Засгийн газар аваад идчихээр үнэ өсдөггүй гэх худал домгоосоо хэзээ салах вэ"

2027 оны төсвийн алдагдлыг хумих хэрэгтэй. Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ. Төгрөг хэвлэх тусам бидний худалдан авах чадвар унана. Дайн хийж байгаа хойд хөршийн төсвийн алдагдал энх тайван оршиж байгаа Монгол Улсын төсвийн алдагдал адилхан байна. Дарга нарын цамаан зардал, үрэлгэн байдал хүчтэй байгаа хэлж байна. Ерөнхий сайд бодит байдалтайгаа нүүр тулаач. 

Баруун төвийн үзэлтэй нам ард түмнээ дэмждэг. Баялгийн мөнгийг яагаад монгол хүн авч болдоггүй юм бэ. Ногдол ашгийг монголчууд авахаар үнэ өсдөг, Засгийн газар аваад идчихээр үнэ өсдөггүй гэх худал домгоосоо хэзээ салах вэ. Монголчуудын амьжиргааг дэмжих нь баруун төвийн үзэл юм. 

Монгол хүний амьдралыг бодохгүй юм уу. Эднийгээ орхиод тойроод яваад байвал цөөхөн олигархи, нам дагасан хэсэг хүмүүс хоолтой ундтай байдаг, бусад нь ган гачигтай байдаг амьдралыг дэмжихгүй. Баялгийн ногдол ашиг бүр монгол хүнд очих ёстой. Стратегийн ордуудын төрийн эзэмшиж буй хувьцаа бүрийг ард түмэнд өгөх ёстой. Ард түмэн хувьцаагаа авах хэрэгтэй. 

Илон Маск хүртэл SpaceX компанийн 10 тэрбум ам.долларын хувьцааг АНУ-ын хүүхдэд өгнө гэж байна. 3.5 сая монголчууд аятай тухтай амьдарч байж энэ улс хөгжинө шүү" гэв.