Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяртай ярилцлаа.

-Эдийн засгийн эрчим­жилтийг нэмэгдүүлэхээр Засгийн газраас зарласан  “ЭЗЭН-100” хөтөлбөрт улс төрчид, улс төрийн намууд өөр өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг өгч байна. Танай нам ямар дүн тавьж байгаа вэ?

-Өөрсдийгөө шинэчлэлийн гэж нэрлэж байгаа Засгийн газарт  сүүлийн хоёр жил улс орны эдийн засгийг өөд татах алсыг харсан  бодитой хөтөлбөр нэг ч байсангүй. Нэгэнт үр дүнд хүрчихээр  бодитой  хөтөлбөр байгаагүй учраас эдийн засгийг үндсэндээ  унагачихлаа шүү дээ.

Энэ байдлаас гарахын тулд хоёр жилийн өмнө боловсруулаагүй хөтөлбөрөө  боловсруулах байх гэтэл 100 хоногийн настай  богино хугацааны арга ядсан хөтөлбөр санал болгосон. Энэ юу хэлж байна гэвэл, ерөөс энэ Засгийн газарт ямар ч бодлого алга гэдгийг л харуулж байна. Бас тэдэнд ямар ч чадвар алга. Тийм учраас наадам өнгөртөл амиа аргацаасан 100 хоногийн арга хэмжээ авсан. Тэр нь эцэстээ ямар ч үр дүнгүй нь харагдаж байна.

-Гэхдээ хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалаар багагүй асуудал шийдэж, эдийн засгаа сэргээнэ гэсэн горьдлого,  хүлээлт үүсээд   байх шиг?

-Айлчлалуудаас юу босгох юм бэ. Өнөөдөр  хоёр хөршдөө  тавих гэж байгаа манай Засгийн газрын санал  тодорхой бус, айлчлалын дүнд шууд шийдчих боломжууд  ч харагдахгүй байна. Засгийн газар цаашид явцгүй гэдэг нь ийм тодорхой болчихсон үед маш хурдан огцруулж дараагийн алхмыг хийх хэрэгтэй. Цаашид  энэ хэдээр ажил хийлгэх ямар ч  хэрэггүй болчихлоо. АН дотор одоо байгаа хэдээсээ арай дээр хүн байна уу, үгүй юу. Байдаг бол тэрийг нь гаргаж ирж ажил хийлгэх тухай асуудал л байна шүү дээ. Чадахгүй бол УИХ тарахаас өөр гарцгүй.

-Удахгүй хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар ямар нэгэн шийдэл гарах болов уу. Ямар асуудлыг нэн даруй хэлэлцэх шаардлагатай гэж харж байна?

-УИХ-ын хаврын чуулганаар баталсан хуулиудыг харахад  Монгол Улсын язгуур эрх ашигт  харшилсан олон хуулийг баталлаа, мөн батлах гэж оролдлоо. Газрын тухай хуулийг оруулж ирсэн, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж байж буцаалаа. Ашигт малтмалын хуулийг баталсан нь ашиг сонирхлын олон зөрчилтэй. Төсөвтэй холбоотой оруулж ирж байгаа хэсэгчилсэн  асуудлууд нь  бүгд явцгүй. Их хурал ийм л байдлаар ажиллаж байна. Тиймээс ийм Их хурал   цаашид  байх хэрэг байна уу.Энэ асуудлыг Засгийн газрын асуудалтай бараг зэрэг тавих шаардлагатай юм. 

-Шийдвэр гаргах төвшинд бүгд  бужигначихаар  тэртэй тэргүй  хямарчихаад байгаа нийгэм, улс орон, иргэдийн амьдрал яах болж байна вэ?

-Хаашдаа тэр  нөхдүүд хямруулж байгаа юм чинь  харин ч тэднээс төр, засгаа салгаж авч улс орон, ард иргэдийнхээ асуудлыг яаралтай ярихгүй бол хэдэн авлигач ээлжилж бие биеэ дэгээддэг байдлаар удаан явж болохгүй.

-Тийм нөхцөл, боломж нь байна уу, тухайлбал хариуцлага тооцох?  

-Мөнгөний бодлогоосоо эхлээд явцгүй болчихсон байхад өөр яана гэж. Төрд байгаа нөхдүүд улстөрч ухаантай юм бол бодох хэрэгтэй. АН-ын дарга нэртэй  арчаагүй нөхөр байнга хууль зөрчөөд, засаг бариад  сууж байж таарахгүй. Авлига, хээл хахуулийг хэрэгцээ, шаардлага болтол нь хөгжүүлчихсэн нөхдүүд маш хурдан зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Огт чадваргүй, хийж байгаа ажил нь дандаа хулгай дээрэм, луйвар, хууль зөрчсөн үйлдлүүд байгаа ийм нөхдүүд  явцгүй. АН-д Н.Алтанхуягаас өөр арай дөнгүүр хүн байдаггүй юм уу, бүхэл бүтэн намаараа  тэр нэг бүтэлгүй луйварчинг хараад сууж байдаг. Эсвэл намаараа луйварчин юм уу. Луйварчин, хулгайч нам байж болохгүй биз дээ. Нам нь яагаад ажиллахгүй байгаа юм. Их хурлаа хийдэггүй, ротациа явуулдаггүй, ҮЗХ-гоо хуралдуулдаггүй, тэгэхээр  нам биш хулгайч, дээрэмчдийн бүлэг байна шүү дээ. Тэгээд өөрсдийгөө яагаад намын гишүүн  гэж ярьдаг юм бэ, АН-ынхан. Яагаад  дээрэмчдийн бүлэглэлийн үйл ажиллагааг хараад дуугүй суугаад байдаг юм. Тийм арчаагүй хүмүүсийн цуглуулга байж болохгүй.

-Ингэхэд жижиг намууд цаг үеийн нөхцөл байдлыг  хамтран хэлэлцэж байна уу?

-Бид жижиг биш харин ч том нам шүү.  Хулгайч, луйварчдын нам л  жижиг. Тухайлбал, АН шиг хулгай хийхээс өөр мэдэх, чадах юмгүй авлигаар асуудлыг шийддэг  намууд бол  жижиг нам юм. Шударга ёсны төлөө дуу хоолойгоо гаргаж, үнэнийг хэлж, улс орны хөгжлийн хэтийн төлвийн төлөө ажиллаж байгаа учраас  бид АН-ыг бодвол том нам. Өнгөрсөн зургадугаар сард бид Засгийн газрыг огцруулах долоон заалтыг боловсруулж шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь УИХ хэлэлцэлгүй завсарласан. Бид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Засгийн газрыг огцруулах найм дахь үндэслэл болгож Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нарын сүүлийн үед хийж буй үйлдлүүдтэй холбоотой асуудлыг  УИХ-ын даргад хүргүүлсэн. Ер нь тэгээд  ард түмний дуу хоолойг сонсдоггүй, ардчиллыг уландаа гишгэчихсэн ийм төр, засагтай байх ёстой юу, үгүй юу гэдгийг ярихаас өөр  аргагүй. Илэрхий хууль зөрчөөд байгааг нь бид харж байна шүү дээ. Цагдаа, шүүх, прокурорын ажиллагаанд санаатайгаар саад учруулдаг байж болохгүй гэж бүгдээрээ ярьдаг, хэлдэг. Гэтэл Ерөнхий сайд бүр уриалаад, албан ёсны мэдэгдэл хүртэл гаргаж санаатайгаар хууль зөрчиж байгаа. Энэ бусармаг явдлыг хараад сууж тэвчихгүй. Ямар ч байсан Их хуралд саналаа хүргүүллээ. Болохгүй бол дараагийн алхмыг хийнэ. Хууль зөрчиж байгаатай бид  эвлэрэхгүй.

-Жижиг намууд пар­ла­ментад сөрөг хүчин болж байгаа МАН-ыг дэмжихээр  санал нэгдсэн гэсэн. МАН бусдын ит­гэ­лийг хүлээсэн  хүчтэй сө­рөг хүчин байж чадах уу?

-Би түрүүн хэлсэн шүү дээ, бид  жижиг нам биш ээ, том нам гэж. Шударга ёсны талд байгаа учраас бид том юм. Харин   Ардчилсан  гэх нэртэй авлигаар асуудлыг шийддэг, авлига, хээл хахуульгүй бол амьдарч чаддаггүй намтай бид шийдвэртэй тэмцэнэ. Ардын нам үүнтэй тэмцэж чадахгүй бол тэд ч бас жижиг нам болж хувирна. Тэгэхээр одоо Ардын намыг бид дэмжих үү, Ардын нам биднийг дэмжиж үү гэдэг асуудал яригдана. Тиймээс Ардын намыг дагаж байгаадаа  гол  биш, ерөөс парламентад суудалтай, суудалгүй нь ч чухал биш. Хуулийг хэн хэрхэн биелүүлж байна, шударга ёсыг эрхэмлэж байна уу, үнэнийг ярьж чадаж байна уу гэдгээс  улс төрийн нам  том, жижиг, парламентад суудалтай, суудалгүй нь хамаагүй   нийгэмд байр сууриа эзэлж, хүлээн зөвшөөрөгдөж  байгаа юм. Парламентад суудалтай гэчихээд нэг удаа ч болов шударга ёсыг  гаргаж тавьдаггүй бол тэр жижиг нам.

-Одоо асуултаа жаахан өөрчилье. Сүүлийн үед таныг Дорнод аймагт явж байна, яах гэж яваа юм бол гэж сурагласан, сонирхсон  мэдээллүүд цахим хуудсуудаар гарсан. Ямар ажил амжуулаад ирэв?

-“Алтаргана” наадамд оролцоод ирсэн.

-Ер нь энэ жил энд тэндгүй наадам, ойн баяр боллоо, давхацсан олон баяраас юу анзаарав?

-Орон даяар хавтгай наадам хийхийг Засгийн газрын зүгээс өөгшүүлж, дэмжиж, ард түмнийг найр наадмаар төөрөлдүүлж, өөрсдийнхөө хийж буй бүтэлгүй явдлуудыг хаацайлах гэж оролдож байна. Маш олон хүн хотоос гарч хөдөө наадамлалаа. Харамсалтай нь зам гэж авах юм алга. Сая “Алтаргана” наадамд Ерөнхий сайдын машин шаварт суучихсан, арай  гэж очлоо. Ерөнхий сайд нь шаварт сууж явдаг ийм улс орон хаана ч байхгүй байх. Улаанбаатараас Өндөрхаан, Чойбалсан явах хатуу хучилттай замыг 2013 онд ашиглалтад оруулах Засгийн газрын  тэргүүн ээлжийн зорилт гэж өнгөрсөн жил Ерөнхий сайд олон удаа зарласан. Гэтэл хугацаандаа амжилгүй, ердөө зургаан км зам л тавьсан. 230 км зам тавихаас зургаан км-ийг нь шийдэж  байгаа юм. Энэ жил дахиад л Дорнод аймгийг тэргүүн ээлжинд нийслэлтэй холбоно гэсэн. Сая өөрөө Халхголд очиж амраад ирэхдээ замын байдалтай танилцаад энэ жил чадахгүй боллоо гэж хэвлэлээр мэдэгдсэн. Ийм хариуцлагагүй Ерөнхий сайд, ийм хэнэггүй хүн Засгийн газрыг тэргүүлж байна гэхээр ичгэвтэр. Юм болгонд  ардчилал гээд л хашгирдаг, ардчилал гэж хашгирдаг амаараа авлига гуйж авахаас өөр чадах юм алга. Дээр нь худал ярьж чадаж байна. Энэ мэтийн бүтэлгүй нөхдөөс  болж улс орон хохирлоо. Замын салбарт л гэхэд дэд бүтцийн өөрчлөлтийг санаатай саатуулж байгаа нь улс орныг хорлон сүйтгэж байгаа ажил. Олон хүний ажлыг алдуулж, машиныг нь эвдэж, үргүй зардал гаргаж  байна. Засгийн газрын тэргүүн хорлон сүйтгэх  ажиллагааг дэмжиж байгаа нь юу гэсэн үг вэ. Энэ  АН-ын бодлого уу, Засгийн газрын бодлого уу. Замын компаниуд дээрх Чингис бондын тайланг үзэхэд, тэр компаниуд бүгд мөнгөө авчихсан юм байна лээ. Тэгээд ажлаа хийхгүй  байна, тэдэнд яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Хариуцлага тооцож чадахгүй байгаагийн цаана юу байгаа юм бэ. АН-ынхан замын ажлыг хойшлуулж байгаа нь наанаа жижиг асуудал мэт боловч, цаанаа асар олон хүний амьдрал, цаг, боломжийг хулгайлж, хувийн өмчид нь халдаж байна. Олон хүн тэр замд осолд орж, амь насаа алдаж байна. Саяхан Сүхбаатар аймгийн чиглэлд том оврын автобус осолдож, арваад хүн нас барлаа. Нарийн яриагүй болохоос замын чанарын асуудлаас болсон. Гэтэл жолоочид хариуцлага тооцоод  өнгөрсөн. Жолооч асар олон цаг чанаргүй замаар явж ядарч сульдаж байна. Түүнээс болж осол гарч, эрдэнэт хүний амь нас сүйдэж  байна. Гэтэл энэ тухай ярихгүй атлаа эхнэр хүүхдээ дагуулаад наадамлаад явж таарахгүй.

-Гэхдээ саяхан Булганд болсон Засгийн газрын хуралдаанаар зарим чиглэлийн замыг  яаралтай ашиглалтад оруулах үүрэг өгсөн санагдана?

-Булганд очоод Хөвсгөлийн замыг хурдан дуусга гэж үүрэгдэж байна лээ. Гэтэл яагаад зүүн чиглэлийн замыг дуусгах  үүрэг чиглэл өгөхгүй байгаа юм бэ. Ерөнхий сайд яагаад аймгуудыг ялгаварлаж байгаа юм бэ. Ийм ойлгомжгүй зүйлүүд байгаа учраас Засгийн газрыг огцруулах хэрэгтэй. Арчаагүй, амин хувиа бодсон этгээд Монгол Улсын Ерөнхий сайд байж  болохгүй, харин АН нэртэй авлигачдынхаа жижигхэн намын даргыг бол хийж болдог  л юм байгаа биз.

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Тэр болгон   зоригтойгоор шүүмжилж, ил гаргаж хэлж чадахгүй зүйлүүдийг та шууд ярилаа. Ийм ярилцагч цөөхөн.  Тэгэхээр олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нэг том индэр болсон манай сониноор дамжуулан таныг  ард түмэнд, олон нийтэд хандаж үг хэлээч гэвэл юунд  анхаарал хандуулахыг уриалах бол?

-Монголчууд сэрэх цаг болжээ. Сонгууль болгоноор луйвар хийдэг, тэр нь мэдээж ард түмний сонголт биш учраас төрд байгаа энэ нөхдүүд ажиллаж чадахгүй байгаа юм. Ард түмэн ухаантай учраас өөрсдийнхөө төлөө ажиллаж чадах хүнийг сонгож чадна. Гэтэл хар машинаар гарч ирсэн энэ өчүүхэн амьтад юу ч хийж чадахгүй байна. Тийм учраас дуу хоолойгоо нэгтгэж, энэ арчаагүй луйварчдаас төр,засгаа салгаж авахаас өөр арга алга. Хэдий болтол эднийг харж суух вэ. Хэдэн хулгайч луйварчин бие биеэ АТГ-т өгч цаг нөхцөөх гэж оролдож байгаа болохоос ард түмэнд тусах сайн зүйл байхгүй. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэгчээр эд нарын хэн нь гарсан ялгаагүй. Тиймээс яаралтай дараагийн шийдэлд очихгүй бол улс төрийн мухардалд орно. Үүний сонгодог жишээ бол саяхан стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордыг хувийн компанид зүгээр бэлэглэчихэж байна шүү дээ. Нэг луйварчин компанийн захирал санал тавихад  Засгийн газар нь хүлээж аваад  батлуулдаг байж таарахгүй. Монгол Улсыг тэжээх стратегийн 15 ордын нэгийг зүгээр бэлэглээд дээр нь 360 сая ам.доллар нэмж өгөх гэж байна гэдэг бол авлига дээд цэгтээ хүрснийх. Бүгдийг авлигаар шийддэг болсны   сонгодог жишээ энэ. Үүнийг яаралтай  зогсоох ёстой.

 

Ч.ҮЛ-ОЛДОХ