УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн төрсөн ахынх нь хүү  В.Гомбодорж гэгч  12 жил ханилсан эхнэрээсээ салахдаа эд хөрөнгөө харамлан Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нартай хуйвалдсан бололтой юм.  Тодруулбал В.Гомбодорж  2014 оны 5-р сарын 17-ны өдөр   эд хөрөнгийн маргаангүй хэмээн шүүхэд  гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгсөн байдаг.  Энэхүү өргөдлийн хариу тайлбарт  эхнэр  М.Н нь тухайн үед амьдарч байгаа байраа авахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн аж.  Гэтэл В.Гомбодорж үүнийг эсэргүүцэн  тус байрыг “Улаанбаатар хөрөнгө зууч” хэмээх  газраас мөнгө зээлсэн болж, өрөндөө өгөхөөр болсон гэх Шүүхийн захирамжийг 2014 оны 6-р сарын 30-ны өдөр гаргуулж мөн өдрөө Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан, гүйцэтгэх хуудас бичигдэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг маргааш нь эхлүүлсэн байгаа юм.  Хуулиараа бол  ийм ажиллагаа явуулахад ажлын 7-21 хоног байдаг ч энэ удаа Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн ажлаа дэндүү сайн хийсэн байгаа юм.  

Тэгвэл  энэхүү ажиллагаа нь тэр чигээрээ хууль бус гэдэг нь тогтоогдсон байна.  Тодруулбал маргалдаад байгаа 4 өрөө байранд  2011 оноос В.Гомбодоржийн гэр бүл амьдарч байсан бөгөөд энэ нь гэр бүлийн дундын хөрөнгө юм. Гэтэл уг байрыг В.Гомбодорж  “Улаанбаатар хөрөнгө зууч” ХХК банк, ББСБ-ийн үйл ажиллагаа явуулах эрх нь тодорхойгүй байгууллагаас мөнгө авсан хэмээн гэрээ байгуулж, албадан чөлөөлүүлэх  захирамж гаргуулсан нь илт хууль бус болсон байгаа юм. Тодруулбал шүүх хэргийг ИХШХШХ-ийн 74-р зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ “Хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй бол захирамж гарган батлах” зарчмыг баримтлах ёстой. Гэтэл баримтлаагүй нь:

  •  ИХШХШХ-ийн 65.17 дахь хэсгийн  “Зохигчийн маргаж буй зүйл ба  түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж  байгаа бол  нэмэхжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэх заалтыг зөрчсөн.  Өөрөөр хэлбэл тус орон сууцыг дундын өмч болохыг тогтоолгох, ногдох хэсгийг гаргуулах  шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн шүүч хянан шийдвэрлэж байхад ийнхүү хууль зөрчсөн байгаа юм.
  • Иргэний хуулийн  126.1–д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон  гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад  хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч
  • Иргэний хуулийн 126.4-д “Гэр бүлийн гишүүдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна”
  • Иргэний хуулийн 129.3-д “.... Хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан дундын өмчийн ногдох  хэсгийг тодорхойлно” гэх заалтыг зөрчсөн байгаа юм.
  • Хүүхдийн эрхийн  тухай конвенцийн  6.2 дахь хэсэг
  • Хүүхдийн эрхийн  тухай конвенцийн  16.1 дэхь хэсэг
  • Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.2
  • Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.3-ийг тус тус зөрчиж  байрыг  “Улаанбаатар хөрөнгө зуучлал” хэмээх газарт өгөхөөр болсон байгаа юм.   Улмаар уг шийдвэрийг гүйцэтгэхээр ирсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  шийдвэр гүйцэтгэгч  н.Ууганбаяр бичлэг хийж В.Гомбодорж  харин эхнэртээ болон  түүний өмгөөлөгч нар эр бяраа гаргаж, маргаан үүсгэсэн байна.  Улмаар бусдын нэр төрд халдахаар бичлэгийг  олон нийтэд эвлүүлэн хүргэжээ.  

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  шийдвэр гүйцэтгэгч  н.Ууганбаяр шийдвэр гүйцэтгэхдээ  хэзээ хаана ямар шийдвэр гүйцэтгэх гэж байгаагаа  бүртгүүлэх ёстой байдаг. Харин дээрхи тохиолдолд бүртгүүлээгүй байгаа юм.  Мөн шүүхийн  шийдвэр гүйцэтгэхдээ хийсэн бичлэгээ бусдад тараах учиргүй. Гэтэл  бусдад тараачихаад өөрөө ээлжийн амралтаа аван алга болсон байна.  

Харин  эхнэртээ удаа дараа гар хүрч, бусдын биед халдсан УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн төрсөн ахынх нь хүү  В.Гомбодорж өнөөдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм.  “Моннис” группт хуулийн зөвлөх хийдэг, хөрөнгө нь хэдэн тэрбумаар тоологдох В.Гомбодоржийн энэхүү хуулт бус үйлдэл нь хуулийн дагуу хариуцлага хүлээх эсэхийг харах  л үлдэж байна.

Энэхүү хууль бус үйлдлүүдээс болж өнөөдөр нэг ээж хүүхдүүдийнхээ хамт гудамжинд гарсан.  Хэдийгээр шүүх  энэхүү алдаагаа засаж  хуулийн дагуу ажилласан ч  “Улаанбаатар хөрөнгө зууч” энэхүү  байрыг  зарсан тул М.Н гэртээ орж чадахгүй байгаа юм.  Тэрбээр шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхийн төлөө  хугацаа алдаж байгаа юм.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн одоо алдаагаа засах эсэхийг  одоо л харж байя...

А.Баярмаа