Өнгөрсөн долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг энд онцолж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдлаас түүвэрлэн буулгалаа.

1. -Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг шаардлаа-

Парламентад суудалгүй улс төрийн намууд Засгийн газрыг хангалтгүй ажилласан, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь ёс зүйн алдаа гаргасан учраас огцруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж хэвлэлийн бага хурал зарласан юм. 

Монгол консерватив нам, Бүгд найрамдах нам, Хамаг Монгол хөдөлгөөний нам, Монголын ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Лебирал нам, Иргэний хөдөлгөөний намууд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг "Үндсэн хууль зөрчсөн" гэх үндэслэлээр огцруулахыг шаардаж байсан билээ.  Өмнө нь шаардахдаа тус намууд Засгийн газар болон Ерөнхий сайдыг огцруулах найман үндэслэлийг тавьж байсан. Тэгвэл уг хэвлэлийн хурлаараа түүнийг яагаад огцруулах болсон ес дэх үндэслэлийг гаргаж, огцрохыг шаардаж байгаа нь энэ аж.

Энэ талаар Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч: "Шинэчлэлийн Засгийн байгуулагдсанаас хойш парламентад суудалгүи намууд хөндлөнгиин хяналт тавьж байна. Бидний хийх ёстой үндсэн ажлын нэг яах аргагүй эрх баригчдад хяналт тавих чиг үүрэг. Удахгүй Хятадын Ерөнхийлөгч манайд айлчлах гэж байна, Хятадын компаниуд манайд үйл ажиллагаа явуулж эхлэхээрээ авлигад идэгдээд байгаа учраас энэ чиглэлд анхаарал хандуулж байгаа юм билээ. Тиймээс Хятадын төр Монголд авлигатай тэмцэх талаар яриа гарч байна. Өөрөөр хэлбэл, Хятадын компанид авлига өгсөн Монгол компанийн нэрийг Засгийн газарт өгөх нь. Тус улсын компаниас авлига авах гээд байгаа төрийн байгууллагын ажилтны мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлах юм байна. Монголын авлига ийм хэмжээнд хүрчихсэн байна. Ийм авлигад идэгдсэн үед Засгийн газрыг тэргүүлж байгаа Ерөнхий сайд Хятадын Ерөнхийлөгчийг ирэхээс өмнө огцрох хэрэгтэй шүү дээ. Хятадын төрийн тэргүүн хүрч ирээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаад л буцна биз. Тэр үөд нь "Бид авлигад идэгдсэн Засгийн газраа огцрууллаа" гээд сууж байх хэрэгтэй шүү дээ. Үүнийг дэмжинэ гэхээс биш эсэргүүцэхгүй" хэмээсэн.

2. -Цэцэрлэгийн бүртгэл эхлээгүй ч эцэг, эхчүүд гадаа хонож байна-

Жил бүрийн намар хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн эцэг, эхчүүд харьяа цэцэрлгийнхээ гадаа уртаас урт дараалал үүсгэн хонодог болоод олон жилийн нүүрийг үзэж байгаа билээ.

Цэцэрлэгүүд хуучин хүүхдүүдээ хавар цэцэрлэг нь тарах үеэр бүртгэчихсэн. Тэгвэл хэд хоногийн өмнөөс эцэг, эхчүүд цэцэрлэгийн үүд манадаг ажлаа эхлүүлжээ. Тодруулбал, БЗД-ийн 167-р цэцэрлэгийн үүдэнд хүүхдээ шинээр бүртгүүлэх гэсэн эцэг, эхчүүд гурван хоног хонож байгаа билээ. /Өдгөө тэд 5 хонож байгаа аж/.

Цэцэрлэгийн бүртгэл эхлээгүй байхад яагаад ингэж хонон, өнжин дугаарлаж байгааг эх сурвалжаас тодруулахад, шинээр цөөн тооны хүүхэд бүртгэж авдаг юм. Тийм болохоор бүртгэл эхлэх өдөр хүртэл дугаарлан хонож байна. Ингэхгүй бол хүүхдээ цэцэрлэгт оруулж чадахгүй. Аав, ээж нь ажил хиймээр байдаг гэрт хүүхэд харах хүн байхгүй гээд их хэцүү хэмээн учирлаа.

Тэд бүртгэл нь эхлэх болоогүй байхад ийн өдөржин, шөнөжин цэцэрлэгийн үүдийг сахихдаа багагүй маргааныг дэгдээд авдаг аж. Дугаарлан зогсож байгаад нэг тийшээ яваад ирэх хооронд л "чи энд зогсож байгаагүй" гээд эцэг, эхчүүд хоорондоо өдрийн хэд хэд маргалддаг гэнэ.

Уг нь цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 20-ноос эхлэх юм. Шинэ хүүхдэд нь хоёр настай хүүхдүүд багтдаг бөгөөд  хамран сурах тойргоор нь бүртгэлээ хийдэг. Бүртгэл эхлэхээс өмнө нийслэлийн Боловсролын газрынхан зөвлөмж гарган, хамран сургах тойргийг шинэчлэн тогтооно гэдгээ өнгөрсөн зургаадугаар сард мэдэгдсэн. Бүртгэл нь ойролцоогоор хоёр долоо хоног үргэлжлэх юм.

Нийслэлийн цэцэрлэгүүд 2-5 настай хүүхдүүдийн 65 хувийг л хамруулах хүчин чадалтай. Иймээс эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж хонон өнжин дугаарладаг нь ийн эхэллээ.

3.- Ам.доллар 1900 төгрөгт хүрэв-

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрт ам.долларыг ханшийг барьж тогтворжуулна гэдгийг эрх баригчид амлаад авсан. Тэр ч бүү хэл, Монголбанкны ерөнхийлөгч 1700 төгрөгт барих боломжтой гэсэн утга бүхий үгийг хэвлэлийн хурлын үеэрээ ам нээж байсан гэдгийг нь сануулах нь зүйтэй биз ээ. Гэтэл энэ долоо хоногийн эхэнд ам.долларын ханш 1900 төгрөгт хүрсэн. Эрчимтэй өсөлт явагдаж буй энэ цаг үед өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад тэнгэрт хадаж орхидог.

Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн ч арилжааны банкуудад зарж байгаа доллар өссөн. Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны зургадугаар сарын эцэст 10211.2 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 29.3 тэрбум төг буюу 0.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 2207.4  тэрбум төг буюу 27.6 хувиар өсчээ. Төгрөгийн ам.доллартай тэнцэх дундаж ханш 25 хувиар уначихсан гэдгийг үндэсний статистикийн хорооноос мэдэгдсэн.

Мөн "Таван жил өнгөрсөн хэдий ч Монголын хөгжлийн бодлого, эдийн засгийн өсөлтөнд парадигмийн өөрчлөлт гарсангүй. Өөрөөр хэлбэл Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй хэвээр байна. Хөгжлийн номлол, үзэл баримтлал, түүнд хүрэх бодлогын сэтгэлгээ, эдийн засгийн өсөлтийн бодлогод тодорхой эерэг өөрчлөлтүүд гарсан ч бүхэлдээ парадигмийн өөрчлөлт гараагүй болохоор эдийн засаг хүндэрсэн үед түүнийг ашиглах жор нь аанай л хуучин хэвээр, танил дүр зураг... Том том бүтээн байгуулалтуудыг Засаг гардан манлайлна, зах зээлийн операторуудад бага сага юм хаяж өгнө, зах зээлийг ойлгохгүй, хүндлэхгүй хэрнээ зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг бүгд ярина, хуулиар засаглахгүй, хэсэг бүлгийн “хуулийн засаглалыг” тогтоох тэмцэл, хүний эрх, эрх чөлөө хоёрдугаарт тавигдана тэгсэн мөртлөө хүний сайн сайхан, аз жаргалыг хангана гэж бөөцийлнө, халамжилна... " гэж гишүүн С.Дэмбэрэл өгүүлсэн. Эдийн засгийн өнөөгийн байдал 5 жилийн өмнөх байдлын талаар бичсэн түүний "УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл : 2009 оныг эргэн сануулах нь ..." уншихад илүүдэхгүй ээ.

4. -10 м-н хийн гар бууны төрөлд шинэ аварга төрөв-

ССАЖЯ, Монголын буудлагын спортын холбоо хамтран зохион байгуулж буй 2014 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Техник спортын төв клубт болж байна. Энэ сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд 20 байгууллагын 170 гаруй тамирчид олимпийн 10 дасгалд өрсөлдөж байгаа юм.

Эрэгтэйчүүдийн хийн гар бууны төрөлд, ОУХМ Э.Даваахүү, эмэгтэйчүүдэд спортын мастер Г.Тэгш-Үйлс энэ дасгалд тэргүүлэв. Эмэгтэйчүүдийн дасгалд спортын мастер цолтой хоёр тамирчин алт, мөнгөн медалийг хүртсэн нь шинэ залуу тамирчдын бэлтгэл сайн байгааг харуулж байна. Спортын мастер Г.Тэгш-Үйлсийн хувьд олон шилдэг тамирчдыг ардаа орхиж, улсын аварга цолыг анх удаа хүртээд байна. Энэ дасгалд Хөдөлмөрийн баатар, МУГТ олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа хүрэл медаль хүртсэн бол ОХУМ М.Мөнхзул 9-р байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.

Мөн орон нутгаас оролцож буй тамирчид эрэгтэйчүүдийн шигшээ наймд шалгарч VI байрт шалгарсан Дорнодын М.Сэнгэдорж, эмэгтэйчүүдэд 350 оноогоор спортын I зэргийг мөн Дорнодын М.Хэрлэнтуяа биелүүлсэн явдал нь спортын хуудаснаа түүх болон бичигдэн үлдлээ.

5. -Монгол улс авилгаараа тэргүүлэгч орнуудын жагсаалтын хоёрт оржээ-

Олон улсын судалгааны "Transparency International" дэлхийн улс орнуудын авилгын судалгааг гаргажээ. Энэхүү судалгаанд 107 орны иргэд оролцсон бөгөөд эндээс авилгад хамгийн их идэгдсэн есөн орныг нэрлэжээ. Үүнд, Африк тивийн дөрөв, Латин Америк тивийн гурав, Европ тивийн нэг, Ази тивийн нэг орон нэрлэгдсэн нь манай улс юм.

Түүнчлэн авилгад идэгдсэн улсуудаас хамгийн бага хүн амтай буюу 3 хүрэхгүй сая хүн амтай манай улсаас бусад нь хэдэн зуун саяар тоологдох хүн амтай хэмээн судалгааны тайланд онцолжээ. Уг судалгаанд оролцогч улсуудын иргэдийн дийлэнх нь Засгийн газар нь авилгатай тэмцэх чиглэлээр маш муу ажилдаг хэмээн дүгнэсэн бөгөөд тэдний дийлэнх нь төрийн байгууллага, улс төрийн намууд, цагдаа нар хамгийн их авилга авдаг хэмээн хариулжээ. Тодруулбал, Энэхүү судалгааны эхний байранд бичигдсэн Либери улсын хүн амын 86 хувь нь авилга маш ноцтой асуудал хэмээн дүгнэж, 67 хувь нь төрийн албан тушаалтнууд авилга авдаг хэмээн хариулжээ. Харин 94 хувь нь цагдаа нар авилга авдаг хэмээн хариулсан байна.

Тэгвэл манай улсын хүн амын 86 хувь нь авилга ноцтой асуудал хэмээн үзсэн бол 77 хувь нь төрийн албан тушаалтнууд авилга авдаг хэмээн хариулжээ. Харин цагдаа нар авилга авдаг хэмээн 66 хувь нь үзжээ хэмээн "USA today" сонин мэдээлжээ.

6. -Ар Монгол нурахад барууны орнууд хэрхэн нөлөөлөв?-

Ар Монгол өнөөдөр яг 100 хүрэхгүй жилийн өмнө ямар байдалд байсан тийм л байдалд буцаж ирлээ. Эмх замбараагүй байдал түүний хажуугаар барууны хулгайч дээрэмчид хэрэн хэсэцгээсэн л орон боллоо.

Социализмын 70 жилд маш их үнээр олж авсан иргэнлэг, хүмүүнлэг амьдралыг 20 гаруйхан жилийн дотор нураасан. Нэг нэгийгээ хүндэтгэх, хайрлах, дэг журамтай, сахилга баттай, ичдэг, гэмшдэг болгож чадсан нийгэмт амьдралыг ардчилал нэрийн дор барууны орнуудын зөвлөгч, менэжэр нэртэй ганган нэрийн хуудастай хүмүүс ирж балласан. Тэдний ноцоосон галыг Ар Монгол өөрөө өрдсөн. Хоёр хөршүүд хараад мэл гайхаж цэл хөхөрсөн.

Барууны нэртэй орнууд Ар Монголыг анх яг Ази Африк Латин Америкийн ядуу колончлогдсон орнуудтай адил гэж доод хэмжээнд хандаж зөвлөлгөө нэртэй үймээн хийж тэднийг дагасан залуус бас тэдэнтэй сүлбэлдсэн хуучин социализмын кадерууд Ар Монголыг энэ дэлхийн хамгийн ядуу орнуудын жагсаалтанд оруулсан. 90 он хувьсгал нэртэйгээр барууны мөнгө хүүлэгчидийг угтан авч тэдэнд үйлчлэх үйлдэл цаанаа явагдсан. Залуучууд нийлэн дарвиж ээж аавынхаа эсрэг хашгирч бүтээн босголтыг доромжлож удахгүй Америкийг дагаж дэлхийн биш гэхэд Азимйн бар болно бас Сингапур болно гэж ёстой л хүн биш болцгоосондоо. Соёл устаж лам олшров. Үргэлжлэлийг эндээс уншина уу.

7. -Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатарыг журмын нөхөр нь эргэв-

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатар өнгөрсөн зургаадугаар сард зам тээврийн осолд орж хүндээр гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл Г.Занданшатарын бие сайжирч байгаа гэнэ.   Түүнийг  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гишүүдээ төлөөлөн  эргэсэн байна.  

Эл хэргийг эргэн сануулбал, Г.Занданшатар АНУ-д Стэнфордийн их сургуульд цагийн багшаар ажиллаж байсан бөгөөд осолд болдог өдөр ажлаа тараад явж байсан  ажээ.  Гарцаар гарах үедээ хамт явж байсан хүнтэйгээ цагдаагаас зугтаж байсан машинд мөргүүлж бэртэл авсан юм.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа