АТГ-аас өнгөрсөн долдугаар сарын 29-нд буюу мягмар гаригийн орой Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг бусад гурван хүний хамт баривчлан Төв аймгийн урьдчилан хориход хоёр сарын хугацаатайгаар саатуулсан билээ.

Түүний өмгөөлөгч Л.Цэндсүрэн "Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан хийхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа хэмээн хэвлэлээр худал мэдээлэл өгөөд байна.  Засгийн газар "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нэг ч төгрөг төсвөөс гаргаагүй. Мөн "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөтөлбөрт Засгийн газар гарын үсэг зурснаас Л.Гансүх гэдэг хүн ямар ч шийдвэр гаргах эрхгүй. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцсан болохоос ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргах эрх мэдэл энэ хүнд байгаагүй. Мөн нэг тонн нь 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг "Нүүрс" хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллынхон 80 мянган төгрөгөөр авсан.  Гэр хорооллынхонд дор хаяж 120 мянган төгрөгийн хямдралтай нүүрс олгох ажлыг хариуцаж ажилласных нь төлөө ингэж хэлмэгдүүлж болохгүй" хэмээн тайлбар хийж байсан билээ. 

Тэгвэл Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өчигдөр Төрийн гурван өндөрлөг, зарим гишүүдэд хандан захидал бичсэн байна. Нууцын зэрэглэлтэй уг захидал нь 20 орчим хуудас гар бичмэлээс бүрдсэн бөгөөд захидалд олон чухал зүйлс бичигдсэн байх магадлалтай юм. Уг захидал “АТГ-аас намайг шалгаж байгаа. Ерөнхий сайдын ахлах зөвлөх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлээд охиныхоо нэр дээр компани байгуулж хэдэн тэрбум төгрөг хувьдаа завшсан гэсэн нь ор үндэсгүй. Ерөнхий сайдын ахлах зөвлөхөд тийм эрх мэдэл ч байхгүй” гэсэн утга бүхий үгсээр эхэлж байгаа гэнэ.

Үлдсэн хуудсуудад ямар зүйл бичигдсэн нь нууц хэвээр байна. Ямартай ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг АТГ-ын мөрдөн байцаагчийн шийдвэрийг үл тоон, УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд очиж 2014 оны долдугаар сарын 31-ний өдөр Л.Гансүхтэй уулзсан гэх маргаан намжиж амжаагүй байхад Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөс ийнхүү захидал иржээ. Ямартай ч уг захидалдаа "Нүүрс" хөтөлбөртэй холбоотой асуудалд холбогдолгүй гэдгээ мэдэгдсэн бололтой.