Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Тариахтай” гэдэг газар 15 өрхийн нийт 128 гахайнд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн. Өвчний шинж тэмдэг илэрсэн гахайг устгаж, дээж авч Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь тогтоогдсон тул  сумын Засаг даргын захирамжаар 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож, өнөөдрийн байдлаар голомтын бүсэд нийт 25 өрхийн 328 гахайг нядлаж устган, 25 өрхийн хашаа, 7702 м2 талбай, 2 уст цэгт ариутгал хийсэн байна.