Манайд ар, өврийн хаалга гээч зүйл бий болсон. Арын хаалга байхгүй бол хүүхдээ сургууль, цэцэрлэгт бүртгүүлэх боломжгүй хэмээх цаг үед бид амьдарч байна.

Тиймээс зарим цэцэрлэгүүдийн гадаа бүртгэл эхлэхээс долоо хоногийн өмнө дугаарлан зогсож, хонон өнжин хүүхдээ бүртгүүлсэн. Ингэж зогсоод ч эцэг,эхчүүд хүүхдээ бүртгүүлж чадалгүй үлдэв. Учир нь шинэ хүүхдүүдийг 2 настай авна гэчихээд 1 сарын дараа эсхүл хэдхэн хоногийн дараа 2 нас хүрэх хүүхдүүдийг бүртгэхгүй гэх шалтгаанаар аваагүй аж. 

Байдал иймэрхүү янзтай байхад өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод хамтран цэцэрлэгийн хүрэлцээг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар холбогдох яамдын мэдээлэл сонсч, гаргалгаа хайх гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хүрэлцэн ирээгүй юм. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр мөн оролцоогүй. Тус яам нь дээрх мэдээллийн цагтай давхцаж, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнтэй нь давхцаж орхижээ.

Харин жилд хэчнээн цэцэрлэг барих талаар бодлогыг нь гаргаж, санхүүжилтийг нь төлөвлөдөг Эдийн засгийн хөгжлийн сайд энэ хуралдаанд оролцож, тайлбар өгөх ёстой. Гэтэл энэ чухал хүн ирээгүйд Сангийн сайд Ч.Улааны бухимдахад хүргэсэн юм. 

Тэрбээр “Сайд Н.Батбаяр хаачив. Сангийн яам бол төсөвт суулгасан хөрөнгө оруулалтыг нь цаг хугацаанд нь шилжүүлэх үүрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн яам бодлогыг нь тодорхойлдог. Гэтэл сайд нь алга, өмнөөсөө газрын даргаа явуулчихаад сууж байхаар яадаг юм” хэмээн уурсав.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан санал нэг байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр цэцэрлэг, сургуулийн хүрэлцээг шийдэж чадахгүй байгаа төр засгийн өмнөөс ард түмнээсээ уучлал гуйлаа.  "УИХ хэрэгтэй хуулийн төслийг батлахгүй хэрнээ хэрэггүй хуулийн төслийг баталдаг болоод удаж байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан мэдүүлсэн байтал хэлэлцэлгүй жил хав дарж цаг алдлаа" гэв.

Д.Ана