Өмнөговь аймгийн Ханбогд сумын цэцэрлэгт хүүхдүүд өндөр халуурч, гэдэс базалж өвдөн гүйлгэх шинж тэмдэг илэрсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. 

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар хүнсний 20 төрлийн түүхий эд, хоолны 6, цэцэрлэгийн ундны усны 5 дээж, орчны 40 ширхэг арчдас, ариутгал хийсэн бодисонд шинжилгээ хийсэн байна.

Усны таван дээжинд шинжилгээ хийхэд гэдэсний халдварт өвчин илрээгүй ч нянгийн бохирдол ихтэй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан гэж мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

40 арчдасны 26-гаас нь, хоолны зургаан дээжний тавд нь гэдэсний бүлгийн савханцар илэрсэн байна. Мөн цэцэрлэгт ариутгал хийсэн гэх хлорамины уусмал нь байх ёстой хэмжээндээ хүрээгүй буюу 67 хувиар бага байсан нь ариутгалыг оромдсон гэсэн үг юм.

Цэцэрлэгийн 49 ажилчныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 14-өөс нь халдварт өвчний вирус илэрлээ. Ажилчдаас халдвар тархаж хүүхдүүд өвчилсөн байх магадлал байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх хүн эрүүл мэндийн үзлэгт орсон, эрүүл гэсэн ч танил талаараа дамжуулж тамга, тэмдэг даруулсан байж болзошгүй. Иймээс Мэргэжлийн хяналтынхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүртгэлийн дэвтэрт тулгалт хийн тухайн хүмүүс үзлэгт орсон эсэхийг нягталж эхэлсэн аж.

Ханбогд сумын хөрс, ундны усанд МХЕГ-ын төв лабораторид шинжилж байгаа гэнэ. Баян-Өлгий аймагт дотуур байрны хүүхдүүд юунаас болж хордсоныг тогтоох шинжилгээний дүн өнөөдөртөө багтаж гарах юм байна. 

Х.Даваа